Өвөлжөөний буйраа эргэж нэг очлоо хүү нь ...

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

Таныг явсан хавар цас ороогүй ээ

Тагнай ташим хүйтэн болсон 
Тал нутгийн энгэр бэлээр хар зуд нүүрлэж 
Танхил жаахан хүүд нь хар дарсан зүүд үргэлжилсэн

Анхны яргуй цухуйхыг харж ч чадаагүй
Ааваа алдсан орчлон дэндүү их гунигт автсан 
Алгуурхан урсах өдөр сарыг ч анзааралгүй 
Амьдралын анхны давалгаанд хөл дүрэх гэж байна аа

Өвөлжөөний буйраа эргэж нэг очлоо хүү нь 
Өнөө таны минь барьсан хашаа яг хэвээрээ 
Өвөр дээрээ суулгаад эрхлүүлэж явсан газрууд нүдэнд тод харагдаж 
Өөрөө ч мэдэлгүй дэндүү их уйллаа

Таныгаа алдсан тэр жилийн хаварт 
Тэнгэр тэгж доор харагддгыг анх л хүү нь олж харсан 
Эцэг минь гэж цурхиран уйлахдаа л газар ийм хатууг мэдэрч 
Элэгээ тэврэн эвхрэхдээ л ганцаардал ийм хүйтнийг ухаарсан

Олон жил өнгөрсөн ч ороод ирэх шиг хүлээж 
Очиж буцсан нутаг усандаа ханхайн суугаа шиг санагалзаж 
Алс зорчихдоо алгандаа сүслэдэг бурхан шиг сайхан таныгаа 
Аав болсон хойноо илүү ихээр үгүйллээ үргэлжлэл нь болохоор хүү нь бахархаллаа таниараа ААВАА

О.Батболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top