УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо өчигдөр хуралдаж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ажлын явцтай танилцлаа. Хуралдааныг дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар удирдан явуулсан юм.
Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зарим заалт нь нийгэм, эдийн засгийн хөгжлөөс хоцрох хандлагатай болсон нь иргэдийн санаачилга дээр тулгуурлан бий болсон жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд бодитой дэмжлэг болж чадахгүй байна гэсэн юм. Нийт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч дотор 1 – 9 хүртэл ажиллагсадтай, 1 – 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг үйлдвэрлэл эрхлэгч дийлэнх хувийг эзэлж байгаа юм байна.
Харин хөнгөн үйлдвэрийн салбараас 2016 оны хувьд хэвлэмэл хуванцар картууд, төмөр замын дэр модны үйлдвэрлэл нь хамгийн их өсөлттэй, шохой зүсмэл мод, барилгын модон хаалга цонх төмөр металл хийцийн үйлдвэрлэл нь хамгийн их бууралттай дүн гарсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгээс ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол Улс гадаадаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг. Зөрүүлээд цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээр гаргаж байгаа. Гадаадаас авч байгаа бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэх, дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих бодлогыг хэрэгжүүлмээр байна. Олон жил ярьсан ч хэрэгжсэнгүй. Үүнд онцгой анхаарал хандуулж ажилламаар байна. Нөгөө талдаа манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад анхаарах хэрэгтэй байгаа. Гадаад руу бүтээгдэхүүнээ гаргахад маш өндөр татвартай байна” гэсэн юм.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Жижиг дунд үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарын борлуулалтын асуудал хүнд байгаа нь үнэн. Энэ жил хөнгөн үйлдвэрийн салбарынхан зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаатай холбоотойгоор бизнес нь өсөх, хүмүүсээ ажлын байраар хангах, цалин хангамж олгох нь хүндрэл бэрхшээл дагуулж байгаа. Монгол Улсынхаа дотоодын үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд борлуулах чиглэлд онцгой анхаарал хандуулахыг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Чиглэлийн дагуу салбар яам олон ажлыг хийж байгаа. Тухайлбал, ОХУ-д бараа бүтээгдэхүүн гаргах асуудлаар санал тавьсан. Нийт дөрвөн асуудал тавьсан. Түүний нэг нь үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гаргах, харилцан үзэсгэлэн зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллана. БНХАУ-тай мөн адил, урд хөршид үзэсгэлэн зохион байгуулах, хил орчмоор бараа солилцоо худалдаа чиглэлээр ажил зохион байгуулсан. Борлуулалт маш сайн байгаа.
Мөн жижиг дунд үйлдвэрийн боловсон хүчний асуудал хүнд байна. Энэ салбарынхны хүний нөөц, мэргэжлийн ур чадварт анхаарал хандуулах ёстой. Мэргэжлийн бус хүмүүс ихээр ажиллаж байгаа.
Дээр нь таны хэлж байгаа импортоор оруулж ирж байгаа гаалийн татварыг нэмэгдүүлэх асуудал бий. Бид олон удаа бизнес худалдаа эрхлэгч нартай олон удаагийн уулзалт зохион байгуулсан. Уулзаж ярилцсан. Гол асуудал нь импортын хямд бараа орж ирж байна гэдэг. Энэ тал дээр манай яам судалгаа хийгээд тодорхой нэр төрлийн барааны талаар мэдээллийг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамны сайдаар ахлуулсан Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцэж, батлаад цаашид Дэлхийн худалдааны байгууллагад тавих ёстой.
Тарифын татвар харилцан адилгүй байгаа нь бид 1990 оны эхээр Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орохдоо ямар ч саналгүйгээр орсонтой холбоотой. Бусад орнууд өөрийн зах зээлээ хамгаалах байр суурьтай орсон. Япон гэхэд өөрийн цагаан будаагаа 90 хувийн татвартайгаар нийлүүлэхээр оруулсан. Манайх ямар ч саналгүйгээр ороод өөрийнхөө зах зээлийг хамгаалах боломжгүй болж үлдсэн түүхтэй байгаа юм. Тиймээс бид энэ талаар судалгаа хийгээд Дэлхийн худалдааны байгууллагад үе шаттайгаар увиггүй тавья гэсэн бодолтой байгаа. Гэхдээ бид өөрсдийнхөө боломжоороо 20 хувь хүртэл татвар нэмэх боломж байна. Нөгөө талдаа гаалийн татварыг нэмэх нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуй нэгжүүдэд хүнд тусна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед олон хүний аж амьдралд сөргөөр нөлөөлөх учраас бодолцох ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа санал хэллээ. “Статистикийн гуравдугаар сарын мэдээг харахад нийт 70 тооны нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаад 110 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн гаднаас авч байгаа. Түүн дотор ангиллуудыг харахад давхардал харагдаад байна. Өөрөөр хэлбэл манай үндэсний үйлдвэрлэгчдийн гаргаж буй нэр төрлийн бүтээгдэхүүн гадаадын зах зээлд дээр гарч байхад, зөрүүлээд мөн ижил төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас авч байна. Тийм учраас дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлээд гаднаас авдаггүй болмоор байгаа юм. Судалгаатай сайн хөгжүүлж чадвал өөрсдөө хийж чадаж байгаа бүтээгдэхүүнээ гаднаас авахгүй байх боломжтой юм. Яам энэ дээр судалгаа шинжилгээтэй ажиллах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ “Ширээ сандал, бойтог хантааз хийгээд зах дээр аваачаад өрхийн амьжиргаагаа дээшлүүлж байгаа иргэд олон бий. Жижиг дунд үйлдвэр гэхээр зөвхөн тэднээр төсөөлж болмооргүй байна. Бид 20 жил бойтог хийлээ. Одоо үүнийгээ болимоор байна. Бид арай ирээдүйтэй, ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг цаашид дэмжээд явуулмаар байна. Тэднийг үгүйсгэж байгаа зүйлгүй ч өрхийн үйлдвэрлэлээс илүү гарч жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлмээр байна. Цаана нь том зах зээл байгаа бол зах зээлийг нээж өгмөөр байна” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Судалгаатайгаар хаана ямар үйлдвэр байгуулах уу гэдгээ төлөвлөгөөтэй хэрэгжүүлээд явах ёстой. Махны үйлдвэр хаана байгуулах уу. Бүсчилсэн хэлбэрээр явуулах уу гэдгээ тооцож үзэх ёстой. Нэгдсэн бодлоготой болохоор баримт бичиг боловсруулж дууссан” гэсэн юм. Санхүүгийн дэмжлэг дутаж байгаа. Хөрөнгө оруулалт санхүүжилт, жижиг дунд үйлдвэрт хэрэгтэй байна гэлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Үйлдвэрийг бодлогоор хөгжүүлмээр байгаа юм. Орон нутгийнх нь бүтээгдэхүүний нөөц бололцоо, ажиллах хүчнийх нь ур чадварыг нь харгалцан үзэж судалгаатай хөгжүүлмээр байна. Хаана ямар үйлдвэр хөгжүүлэх вэ гэдэг нэгдсэн бодлоготой болох гэж байгаа нь сайшаалтай байна” гэлээ
Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг байгуулах ёстой
УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар хуралдааны төгсгөлд санал хэлж, яамны удирдлагуудад чиглэл өглөө.
Ж.Ганбаатар “Импортын татварыг нэмэх тал дээр ажиллах нь зүйтэй. Дэд хорооны зүгээс дэмжинэ. ХХААХҮЯ-ны зүгээс өөрөө санал санаачлагатай байж ажил хэрэг болгох хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг зээлээр дэмжиж байгаагийн цаана тэдгээр хүмүүс маань ажлын байр ихээр бий болгодог онцгой ач холбогдолтой. Арван ажлын байртай аж ахуй нэгж нь 50 хүнтэй болох, 50 ажлын байртай албан байгууллага 100 хүнийг ажлын байраар хангахад яаж дэмжих үү. Тэднийг хэрхэн урамшуулах уу гэдгээ яамны зүгээс анхаарч, бодлоготой хөгжүүлмээр байна. Гадаадад суугаа элчин сайдын яамдуудтай хамтран ажилламаар байна. Элчин сайдын яамд арай өөр чиглэлээр ажилламаар байгаа юм.
Энэ дөрвөн жилдээ багтаагаад гадаадын том үйлдвэрийн салбарыг Монголдоо оруулж ирмээр байна. Гадаадын аль нэг том үйлдвэрийг гуйгаад Монголд оруулж ирье. Тэгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь Япон руу, Европ руу гаргая. Ингэж эхлүүлж чадвал түүнийг хараад араас нь гаднын том үйлдвэрүүд манайд салбараа байгуулах хүсэлтэй болно. Гадаадад манайхан очиж үзэсгэлэнд бүх бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг байх нь чухал юм. Жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд төрөөс санхүү, хөрөнгө мөнгөний дэмжлэгийг нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Хуулиндаа Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг байгуулахаар заасан. Гэвч одоо энэ салбарыг хөгжүүлэх төрийн ажлыг 7, 8-хан хүн явуулж байгаа. Би бол агентлаг байгуулахын төлөө сайн шахна гэж бодож байна. Яамны мэдэлд байгуулах хэрэгтэй. Энэ салбарт 700 мянга гаруй хүн ажиллаж хөдөлмөрлөж байна. Гэтэл арав хүрэхгүй хүн энэ хүмүүсийн төлөө ажиллана гэж байхгүй. Тиймээс агентлаг байгуулах нь зүйтэй юм” гэлээ.
Тэрээр Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг яаравчлуулахыг ажлын хэсэгт үүрэг өглөө.
Т.Амараа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Ёстой үнэн шүү зун дуусаж үйлдвэр барих ажил хойшилсоор одоо бид яаах болж байна вэ?
Сайн байна хурдан дэмжиж ажил төрөлөө эхлүүлмээр байх юм аа та нарыг хүлээсээр байтал зун дууслаа 8 сард ирж асуу л гэсэн хариу өгч байна лээ хэзээ ХЗЯ аараа ороод бидэнд мөнгө нь ирж үйлдвэрээ байгуулах юм болдоо зун дууслаа