Авлига ба оффшор
Бид оффшорчидтойгоо улс төрийн хариуцлага ч тооцож чадалгүй, тэдний өмнө хүчин мөхөстөж байна. Нэгэн баримт дурьдая. Оффшорт мөнгөө хадгалуулж буй мөнгөний хэмжээ, хөрөнгөтнүүдийн тоогоороо ОХУ, Хятад, Солонгос, Тайланд, Малайз, Индонез зэрэг орон тэргүүлж байна. 2010-2015 онуудад ОХУ-аас оффшор бүсэд 1.3 их наяд доллар гарсан гэсэн судалгаа бий. Анхаарал татах асуудал нь эдгээр оронд сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын хэрэг ихээр гарах болсон бөгөөд Хятад гэхэд л авлигатай “дайн” зарлаж буй билээ. БНСУ ерөнхийлөгчөө авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдуулан огцрууллаа. Эдгээр орон нь авлигын индексээрээ дээгүүрт орж буй орнууд байна. Тэгэхээр авлига, албан тушаалын наймаа цэцэглэж буй орноос оффшорчид олноороо “төрж” байна гэсэн үг.
Монгол Улсын хувьд авлига, албан тушаалын хэрэг замаа алдсан. Авлига бол Монголын зовлон болсныг та бид мэднэ. Авлига, албан тушаалаар хөлжсөн хөрөнгөтнүүд Монголоор дүүрэн байна. Тэдний төлөөлөл оффшорт хөрөнгөө хадгалуулсан нь эхнээсээ ил боллоо. Авлигыг зогсоохгүйгээр оффшорчидтой тэмцэхэд нэн бэрхтэй байна. Хууль эрх зүйн хувьд тэднийг барих, оффшорт хадгалсан хөрөнгийнх нь хэмжээг мэдэхэд ч тун төвөгтэй. Гэхдээ тэглээ гээд зөвхөн авлигатай тэмцээд, оффшорчдыг зүгээр орхино гэсэн үг биш. Оффшорт нуух мөнгөний эх үндэс, том шалтгаан нь авлига болж байна.
Уул уурхай ба Оффшор
Монголын авлигачид, албан тушаалтнууд оффшорт оруулах хөрөнгөө гол төлөв уул уурхайн салбараас босгож байна. Гадаадын болон дотоодын судлаачид уул уурхайн салбарыг хамгийн их авлигатай салбараар нэрлэдэг. Монголын эдийн засгийн амин сүнс нь уул уурхай, эрдэс баялгийн салбар. Түүгээр хөлждөг, хөрөнгөждөг бүлэглэл, бүхэл бүтэн үе байна. Албан тушаалтнууд уул уурхайн салбараас хууль бусаар хөрөнгөжиж, түүнийгээ оффшор бүсэд байршуулж байна гэсэн үг. Монголын оффшор бүсэд хөрөнгө байршуулагчид нь дандаа уул уурхайн салбараас төрсөн тэрбумтнууд байгаа нь үүний нотолгоо болж байна. С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт нар нь Монголын уул уурхайн стратегийн тэргүүлэх орд Оюутолгой, Тавантолгойн ордоос хөрөнгөжсөн албан тушаалтнууд. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэхэд төмрийн хүдэр Хятад руу зөөж баяжсан наймаачин. Тэгэхээр уул уурхайн баялаг, авлига, оффшор нь гурвалсан холбоог үүсгэж байгаа нь хөдөлшгүй үнэн юм. Оффшорчидтой тэмцэхийн тулд авлигачидтай тэмцэх хэрэгтэй болж байна.
Авлигачидтай тэмцэхийн тулд уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хяналттай болгох ёстой. Монголын уул уурхайн салбарын баялаг ямар ч хяналтгүйгээр гадагшаа урсаж байна. Хэчнээн хэмжээний алт, зэс, нүүрс экспортолж буйг мэдэхэд хэцүү. Цөөн хэдэн дарга нар түүнийг мэдэж, гадаадынханд хямд үнээр зараад хувиа борлуулж байгаа. Монголоос гарч буй алт бүрийг Монголбанкаар дамжуулан экспортод гаргадаг байх нь алтны салбарын эдийн засгийг эрүүлжүүлэх хамгийн зөв гарц байх учиртай. Алт нь Монголбанкаар дамжиж байж хяналттайгаар экспортод гарна гэсэн үг. Валютын нөөц, мөнгөний эргэлтийн талаасаа ч онцгой ач холбогдолтой. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ашиглалттай холбоотой гэрээг гаднынханд ашигтайгаар үйлдэж, түүнийхээ шан харамжид авлигачид оффшорт хийх мөнгөө олж байна. Газрын наймаа, тендер, зам, дэд бүтэц зэрэг томоохон төслүүдээс авлигачид их хэмжээний хөрөнгө завшиж оффшорчид төрөн гардаг. Авлига бий болж буй бусад томоохон салбаруудын хяналтыг ч сайжруулах хэрэгтэй байна.
Монголын төрд оффшорчидтой тэмцэх хүсэл зорилго алга
Ард түмний хүсэл сонирхолд нийцсэн, оффшорчидтой тэмцэх сайн хууль парламент баталж чадсангүй. Олон нийтийн шахалт, нөгөөтэйгүүр тэдэнд таалагдах гэсэн парламентын зарим гишүүний “характер” “Оффшортой тэмцэх” хуулийг үнэгүйдүүллээ. Хуульд Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг төрийн 37942 албан хаагч болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, төрөл төрөгсөд, нэгдмэл зорилго бүхий этгээд оффшор бүсэд хөрөнгө байршуулахыг хориглосон нь хэтийдсэн хэрэг боллоо. Хуулийн үйлчлэлд аав, ээж, хань, үр хүүхдүүд, эхнэр (нөхөр)-ийн аав ээж, ах дүү нар болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд багтана. Нэгдмэл сонирхолтой гэдэг нь ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлж буй. Ингээд үзэхээр нэг төрийн албан хаагчийн ард ойролцоогоор дор хаяж 10 гаруй хүн оффшорын хуульд хамрагдана. Зарим тохиолдолд үүнээс олон. Хамгийн багадаа 400 мянга гаруй хүн хуульд хамрагдаж АТГ-т мэдүүлэг өгдөг болох нь. Монгол Улсын найман хүн бүрийн нэг нь “Оффшорын хууль”-д хамаарагдчихлаа. Нийт 400 мянга орчим хүний мэдүүлгийг АТГ шалгана гэсэн үг. Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хэрэгжүүлэх байгууллагын орон тоо, санхүү, зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэх болж байна. АТГ-аас энэ бүгдийг цахим хэлбэрээр явуулна гэж тайлбарлаж буй ч түүнийг шалгаж нягтлах нүсэр их ажил өрнөж таарна. Хэрэгжүүлэхэд тун төвөгтэй. Насаараа сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг төрийн албан хаагчдад оффшорт нуух мөнгө байх боломжгүй гэдгийг хууль батлагчид бодож ч үзсэнгүй.
Хэн оффшор бүсэд хөрөнгөө нуудаг вэ гэдгийг хууль батлагчид бодитой харж, нухацтай хандалгүй энэ хуулийг баталчихлаа. Шийдвэр гаргах түвшний болон хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхтэй албан тушаалтнууд, тодруулбал УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд, ТНБД нар, газар агентлагийн дарга, ТӨҮГ, уул уурхайн стратегийн ордуудыг удирдаж буй дарга нараас гадна, хууль шүүхийн байгууллагын шүүгч нараас авлига, албан тушаалын наймаа төрж, хөрөнгө мөнгө ихээр завших боломж бүрддэг. Тэднийг болоод ойр төрлийн хамаатнуудыг нь хазаарлах хуулийн төслийг батлах ёстой байлаа. Эдгээр төрийн өндөр албан тушаалтнууд нь ойролцоогоор 2000 гаруй хүн бий. Эхнэр хүүхэд, гэр бүлийнхэн, сонирхол нэгтэй этгээдүүдийг нь оруулахаар 20 мянга гаруй хүн болно. Энэ хүмүүсээс л оффшорчид төрдөг. Монголын эрдэс, баялаг хөрөнгө мөнгөний олонх нь тэдний дансанд бий гэхэд дэгстүүлсэн болохгүй. Гэвч хуулийг хэт хавтгайруулсан нь үнэгүйдэх, хэрэгжих боломжгүй болоход хүргэж байна. Нөгөө талдаа төрийн өндөр албан тушаалаас буусан эрхмүүд одоо оффшор бүсэд хөрөнгөө байршуулах, байршуулсан хөрөнгөө оффшор дансандаа хэвээр байлгах эрх нь нээлттэй үлдлээ. Өөрөөр хэлбэл Монголоос анх оффшор бүсэд хөрөнгөтэй нь илэрсэн С.Баярцогтод хууль үйлчлэхгүй. Төрийн албанаас хөрөнгө, мөнгө “босгосон” эрхэм буусныхаа дараа оффшорт мөнгөө нууж болно гэсэн үг. Үүнээс харахад УИХ оффшортой тэмцэх хүсэлгүй байна.
Хуулийнхан оффшорчдын өмнө хүчин мөхөстөнө
Оффшорт нуусан хөрөнгөө өөрсдөө мэдүүлээгүй тохиолдолд манай хуулийнхан мэдэх боломж алга. Оффшор бүсэд хэн, хэдэн “ногоон” байршуулсан эсэхийг өнөөдөр хуулийнхан мэдэх боломжгүй гэсэн үг. Өөрийгөө оффшортой гэж мэдүүлдэг “тэнэг” байхгүй. Иймд Монгол Улс дотооддоо хуулиа баталсан ч оффшор бүсийн орнуудаас хууль зүйн тусламж дэмжлэг авах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын иргэний оффшор дансны мэдээллийг авдаг байх нь оффшортой тэмцэх хамгийн том алхам юм. Иймд Монгол Улс Татварын асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох нь туйлын чухал байна. Олон улсад оффшортой тэмцэх хамгийн чухал баримт бичиг бол энэ конвенц. Нэгдэн орсноор бид оффшорчдоо илрүүлэх, тэдэнд хяналт тавих боломж бүрдэнэ. Оффшор бүсэд компанитай нь тогтоогдсон, гэмт хэргийн сэжүүр илэрсэн тохиолдолд Татварын асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэх тухай конвенцид нэгдэн орсон орнуудаас өөрийн орны иргэний мэдээллийг авах, татвар төлсөн байдал, мөнгөний эх үүсвэр зэргийг мэдэх боломжтой болно гэсэн үг. Энэ бол оффшорчдыг айлгах олон улсын конвенц юм. Энэ конвенцид ОХУ, Хятад, Шинэ Зеланд, БНСУ, Япон, Арабын нэгдсэн Эмират улс, Европын холбооны гишүүн орнууд гээд нийт 20 гаруй орон нэгдэн орсон.
Дээрх конвенц 2017-2018 онуудаас хэрэгжиж эхэлнэ. Конвенцид нэгдсэнээр эдгээр орны оффшор бүсэд Монголын төрийн өндөр албан тушаалтан хууль бус хөрөнгөө байршуулсан гэж үзвэл манай зүгээс тухайн улсад хүсэлт тавьж холбогдох мэдээллийг авах боломжтой болно. Энэ бол оффшорчдыг илрүүлэх талаасаа онцгой эрхтэй баримт бичиг билээ. Улстөрчид, төрийн албан тушаалтнууд оффшорт хадгалсан мөнгөнийхөө эх үүсвэрийг баталж чадахгүй бол хууль бус гэж үзэх үндэстэй юм. Түүнээс УИХ-аар батлагдсан шинэ хууль дангаар оффшорчдыг барьж чадахгүй. “Оффшортой нь илэрсэн УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр нар нь дансаа хааж, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх үүрэг хүлээж байна. Эсвэл одоо байгаа албан тушаалаасаа нэн даруй огцрох ёстой” гэж хууль батлалцсан эрхмүүд хөөрцөглөж байна. Үнэхээр тэгж чадвал сайн хэрэг. Гэвч тэднийг оффшорт данстай гэдгийг Панамын баримтаар зарласнаас өөрөөр, дансандаа хэдэн доллартай гэдгийг бид баталж чадахгүй. АТГ-ын дарга Х.Энхжаргал хууль батлах үед өгсөн тайлбартаа “Монгол Улс оффшор бүсээс албан ёсны мэдээ, баримт авах эрх зүйн орчин бүрдээгүй. Оффшор бүсэд хөрөнгө байршуулах асуудал нь асар өндөр нууцлал, зохион байгуулалт дор хийгддэг ажил. Гаднын өндөр хөгжилтэй орнууд ч оффшор бүсээс мэдээлэл авахад хүндрэл учирдаг” гэв. Энэ нь манай хуулийнхан оффшорчдын өмнө хүчин мөхөс байна гэсэн үг юм. Хууль батлагдсан ч эргийн цаана байгаа Монголын оффшорчдын хөрөнгийг манай хуулийнхан мэдэх боломжгүй нь хамгийн “өрөвдөлтэй”. Тиймээс оффшорчдын дансыг бүрэн уудалж чадахгүй учраас тэдэнтэй тэмцэнэ гэдэг нь юу л бол. Данстай гэдэг нь илэрсэн С.Баяр, С.Батболд нарын хувьд ч хуулийнхан хариуцлага тооцож чадахгүй нь байна.
Т.Амартүвшин
2017.04 сар. Зиндаа сэтгүүл №4/504


Сэтгэгдэл ( 0 )