"Гараар нэхсэн даавуугаар хийсэн бор пиджак өмсөж, бөс даавуун даашинз өмссөн эхнэрээ дагуулсан ахимаг эр Бостон хотын галт тэрэгний буудал дээр буугаад Харвардын их сургуулийн захиралтай уулзах цаг авахаар яаравчлан одлоо. Харах царайны хувцас хунар муутай, тосгоны байрын хөгшин эхнэр нөхрийг хармагцаа л нарийн бичиг хүүхэн энэ хоёрын хэрэг Харвардад байтугай Кембриджэд ч байхгүй гэсэн дүгнэлт шууд хийгээд аль болох захирлынхаа цагийг хэмнэх үүднээс маш их ажилтай тул хүн хүлээж авах боломжгүй гэж мэдэгдэв.
Харин эхнэр нөхөр хоёр захирлын зав зай муутай гэдгийг хүлээн зөвшөөрөөд, завтай болохоор нь уулзахаар хүлээе гэжээ. Хэдэн цаг хүлээгээд арга тасраад явах биз дээ гэсэн нарийн бичгийн хүлээлт талаар болж, нэг мэдэхэд наран жаргаж, ажлын өдөр дуусах тийшээ ханджээ. Сандарч тэвдсэн нарийн бичиг хүүхэн сая л нэг юм захирлын өрөө рүү гүйж орлоо. Иймэрхүү тохиолдолд дандаа л уулзахаас татгалздаг захирал нь энэ удаа салдаггүй хоёроос хурдан салахын түүс болж бушуухан оруулаад хэлэх үгээ хэлээд гаргая гэж бодоод толгой дохив. Ийнхүү хоёр хөгiин гял цал болсон ерөнхийлөгчийн өрөөнд түр саатах боломж олдов.
"Манай хүү энэ сургуульд нэг жил орчим явсан бөгөөд Харвардад үнэхээр хайртай, энд сурч байхдаа аз жаргалтай байсан юм. Гэтэл тэр маань жилийн өмнө осолд орж энэ хорвоогоос одсон билээ. Тэгээд бид хоёр хүүдээ зориулж сургуулийн цогцолбор дотор дурсгал босгох гэсэн юмаа гэв. Энэ үг захирлын сэтгэлийг ердөө ч хөдөлгөсөнгүй. Захирал төв царайлж, найрсаг бус байдал үзүүлээд мөрөө хавчин "Хатагтай, бид энэ сургуульд сурч байгаад нас барсан хүн болгонд дурсгалын хөшөө бариад байвал энэ чинь эрдмийн газар биш оршуулгын газар болно биз дээ" гэлээ. "Үгүй дээ, бид хөшөө барих гээгүй. Сургуулийн тань цогцолбор дотор нэг барилга барьж өгч хандивлая гэж бодоод л" гэж эмэгтэй зөөлхөн дуугарлаа.
Захирал нүдээ эргэлдүүлээд тэдний хувцас руу нэг хяламхийн хараад, "Барилга аа? Энэ сургуулийн нэг барилгыг барихад хичнээн мөнгө зарцуулдагийг мэдэх үү. Бид Харвардад баригдаж байгаа байшингуудын зөвхөн нэгд нь л гэхэд 7.5 сая доллар зарцуулж байна" гэв.
Эхнэр нөхөр рүүгээ хараад хэсэг чимээгүй болов. Захирал амыг нь тагласандаа баярлан пээдийв. Одоо л салж өгдөггүй энэ хоёр амьтан явах байлгүй дээ.
Эхнэр нөхөртөө хандан, "Нэг сургуулийн барилга барихад иймхэн мөнгө ордог юм бол хоёулаа хүүгийнхээ нэр дээр шинэ их сургууль байгуулчихъя л даа". Нөхөр толгой дохив.
Хүнийг гаднах байдлаар нь дүгнээд "амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн"-ээ мэдэрсэн ерөнхийлөгчийн царай хачин болов. Гэвч нэгэнтээ хожимджээ. Эвгүй байдалд орж, амаа хамхих чадваргүй болсон эрхэм ерөнхийлөгчийн өрөөнөөс эхнэр нөхөр Леланд Стэнфорд гаруутаа л Калифорни руу нисч, Пало Алто хэмээх жижигхэн хотод ирээд хүүгийнхээ дурсгалд зориулан овгоор нь нэрийдсэн Стэнфордын Их сургуулийг байгуулж, улмаар дурсгалын цогцолбор босгожээ. Ийнхүү хүүгийнх нь дурсгалд дуслын ч төлөө сэтгэл гаргаагүй Харвардад хөрөнгө оруулах биш ирээдүйд олон мянган залуусын сурах хүсэл мөрөөдөл болсон алдарт Стэнфордын Их сургууль баригдсан түүхтэй. Хүний гадна гоо сайхнаар биш дотор гоо сайхнаар дүгнэхийн утга учрыг энэхүү түүх олон хүнд сургамж болон өгүүлнэ.
Станфорд бол Америкийн баруун хойд мужийн хамгийн нэр хүнд бүхий их сургууль бөгөөд Силикон хөндийн эрдмийн их уурхай болсон Стэнфордын их сургууль ийнхүү төржээ".
Энэ түүх бол алдарт Стэнфордын Их сургуулийг байгуулсан түүх үлгэр домог мэт дамжин яригдсаар үнэнээс ялимгүй зөрөөтэй ч тэнд суралцагчид болоод төгссөн, сурахыг хүсэгчдийн сэтгэлийн нэгэн дуудлага болсоор ирсэн нь яалт ч үгүй үнэн.
Харин Стэнфорд Их сургуулийн танилцуулгад энэ тухай залруулан чухам үнэнг бичсэн байдаг аж. Энэ түүхийг товчлон сийрүүлье.
1850 онд Jane, Leland Stanford нар гэрлэсэн байна. Хуульч Leland Stanford Калифорнийн алт олборлогчдод төнөг төхөөрөмж зарж, хуулийн зөвлөгөө өгдөг байснаар бизнесээ амжилттай эхлүүлж чаджээ. 1861 онд тэрээр Номхон далайн Төмөр замын төв сүлжээний захирал болж, улмаар 1876 онд Калифорнийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөн ялж байжээ.
1868 онд тэдний гэрт хүү төрсөн нь Leland Stanford Jr. байв. Энэ үед аав Стэнфорд нь Калифорнийн хойд хэсэгт асар их хэмжээний газар худалдан авч, эргэлтэнд оруулан бизнэсээ амжилттай удирдаж байв. Тэрээр усан үзмийн асар том талбайтай, морь үржүүлгийн аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд Сан Франциско хойгт 8,000 акр газар худалдан авчээ.
1980 оны үед Стэнфордын гэр бүл хоёр ч удаа Европ руу аялсан байдаг. Тэр үед өсвөр насны хүү нь хэзээ нэг цагт Сан Францискод байгуулах музейдээ зориулж түүхийн үзмэр цуглуулж байсан байна. 1884 оны 3-р сард хэдэн долоо хоног маш ихээр халуурсны эцэст хүү 15 насандаа Италид халуун хижиг өвчнөөр нас баржээ. Харин дээрх аман ярианд өгүүлснээр бол тэр машины осолд орж нас барсан гэдэг. Хүүгээ нас барснаас хэдэн цагийн дараа ноён Стэнфорд эхнэртээ "Одоо Калифорнийн бүх хүүхдүүд чи бид хоёрын хүүхдүүд боллоо. Тэдний төлөө би зүтгэх болноо" гэсэн байдаг.
Хүү хэзээ ч Харвардын Их сургуульд суралцаж байгаагүй гэнэ. Харин хүүгээ нас барсны дараа дурсгалд нь зориулж хэд хэдэн санаа байснаас их сургууль, техникум, музей гурвын аль нэгийг босгоё гээд тухайн үеийн Харвардын Их сургуулийн захирал Чарльз Элиотоос асуухад нь Элиот "Их сургууль барь, 5 сая доллар л болно" гэж зөвлөсний дагуу 40 сая долларын хөрөнгө оруулалт хийж, Станфордын Их сургуулийг 1885 оны 11-р сард үндэслэн байгуулсан. Харин сургуулийн нээлт зургаан жилийн дараа буюу 1891 оны 10-р сарын 1-нд болж, анхныхаа оюутнуудыг хүлээж авсан түүхтэй. Эндээс үзэхэд Харвардын их сургуулийн захирал тэднийг доош хийсэн биш, харин ч сургууль барихад нь зохих зөвлөгөө өгсөн байж. Ийнхүү тэд байгуулсан сургуулиа хүүгийнхээ нэрэмжит болгож, хүүгийнхээ нэрээр нэрлэсэн музей байгуулсан байна.
"Энэ том сургуулийг дүүргэх оюутнууд нь хаана ч яваа юм. Энэ сургуулийн эрдэмтэн багш нар гантиг чулуун хоосон танхимд сандал руу харан лекцээ унших байх даа" гэж тэр үед Нью Йоркийн нэгэн сонин шоолон бичиж байсан нь харин ч эсрэгээр болжээ.
Хамгийн анх тус сургуульд 555 эрэгтэй эмэгтэй оюутан элссэн бөгөөд дараа жил гэхэд 15 байсан мэргэжлийн тэнхимүүдээ 49 болгон өргөтгөхөд хүрч байжээ.
Ийм түүхтэй эхэлсэн Станфордын их сургууль одоо бол нэр алдар нь дэлхийд цуурайтсан, дэлхийн хамгийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтанд тогтмол дээгүүр ордог нэр хүндтэй сургууль болсон билээ.
Эх сурвалж: zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Монголын хуурамч түүхийн жинхэнэ түүхийг яриахаар намдаа санал өгдөг манлайлагч нар яаж боож үхдэг билээ.
сайн байна. үнэн түүхийг нь араас бичдэг нь болжээ. 1880-аад онд Калифорни руу нислээ ч гэх шиг. иргэний агаарын тээвэр дэлхийн 2-р дайны дараа буюу 50-аад хөгжсөн салбар юм шүү. үүнээс өмнө цэргийн нисэх, хувийн байдлаар хөгжиж байсан юм. гэхдээ сайхан мэдээлэл авлаа.