264 авто машины зогсоол бүрэн ашиглалтад орлоо

2017 оны 10 сарын 28

Богдхан уулын дархан цаазат газарт баригдсан авто зогсоолын цогцолбор бүхий аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замын  өргөтгөл  шинэчлэлтийн ажил дуусч, /2017.10.28/ нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өнгөрсөн намрын өдийд Богдхан ууланд явган аялалын замыг тохижуулж, нээлтийг нь хийж байсан. Энэ үеэр иргэд эрүүл агаарт гарч, ууланд алхахдаа авто машинаа байршуулах зогсоолгүй, удаан хугацаагаар түгжирдэг зэрэг хүндрэлтэй байдал ажиглагдсан. Иргэд ихээр ирж байгаа энэ газарт авто машины зогсоолыг шийдэх ёстой гэсэн шийдэлд хүрээд 2017 оны төсөвт суулгаснаар энэ ажлыг хийсэн. Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн хайрхан байдаг. Энэ бүгд дээр аялал жуулчлалын маршрут, авто машины зогсоолыг шийднэ. Энэ жил Чингэлтэй хайрханыг шийдэж өгсөн. Ирэх жил Сонгинохайрхан, Баянзүрх хайрханы тохижилтыг шийднэ. Мөн ирэх жил Сэлбэ болон Туул гол дагуух тохижилтын ажлыг зээлийн хөрөнгөөр шийдэхээр төлөвлөж байгаа” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Хотын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэрвээ Богдхан уул, туул голын эрэг дагуу газар эзэмших зөвшөөрөл олгосон бол тухайн газрынхаа 30 хувийг нийтийн зориулалтаар ашиглуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэдгийг онцолж байлаа.

Энэхүү зам нь нийтдээ 2,05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2,25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай, 264 авто машины зогсоолтой, гэрэлтүүлэгтэй, борооны усны шугамтай иж бүрэн зам юм. Аяллын зориулалтын зам, авто машины зогсоолтой болсноор иргэдийн ая, тухтай амарч, зугаалах, агаар салхинд гарах эрх хангагдаж, амралтын өдрөөр Зайсангийн аманд үүсдэг түгжрэл арилж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал,  амьдрах орчин сайжирч, тоосжилт буурч байгаа гэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

“Нийслэлчүүдийн хамгийн ихээр ирдэг аялал жуулчлалын нэгдүгээр бүс болох Зайсангийн аманд аялалын зориулалтын зам, авто машины зогсоолын ажил бүрэн дуусч байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Өдөртөө дунджаар 3000-5000 иргэн энд ирж, уулруу алхаж, цэвэр агаарт гардаг. Энд ирэхэд авто зогсоолын асуудал маш хүнд байсан. Үүнийг Хотын дарга, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас шийдэж 264 машины зогсоол, 100 унадаг дугуйн зогсоол, автобусны зогсоолтой болгож нээлтээ хийж байна” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.

1975 онд ашиглалтад орсоноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан тус замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Наранбулаг-Хан” ХХК өргөтгөн шинэчлэх ажлыг гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top