А.Энхгэрэл: “Unimat education” бол практик давамгайлсан сургалтын эхлэл юм

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

UNIMAT EDUCATION хөтөлбөр ерөнхий боловсролын сургуулиуд, техник технологийн коллежууд, техникийн мэргэжлийн их сургуулиудын сургалтын программд UNIMAT бүтээлч машиныг нэвтрүүлж, оюутан сурагчдын мэдлэг боловсрол, ур чадварт томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлснээс хойш таван жилийг ардаа орхиж байгаа юм. Улсынхаа хүүхэд, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, хүүхдийн сэтгэхүйг багаас нь хөгжүүлэх, гарын ур дүйтэй, инженер сэтгэхүйтэй болгоход хувь нэмрээ оруулж буй “UNIMAT EDUCATION” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэлтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншигч танаа толилуулж байна.

 


-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр эхэлсэн түүхээс ярилцлагаа эхэлье.

-Одоогоос таван жилийн өмнө хөтөлбөрөө эхлүүлэхээр судалгааны ажлаа ид хийж байсан үе л дээ. Тэр үед Солонгос улсад болж байсан экспогоор Австрийн инженерийн сургалтын төхөөрөмжийг зохион бүтээдэг “Cool Tool” компанийнхантай танилцсан юм. Яг л бидэнд хэрэгтэй, манай улсад хамгийн их дутагдаж байгаа зүйл болох “Юнимат” инженер технологийн сургалтын төхөөрөмжүүд нь анхаарал татсан. Улмаар тэдэнтэй хамтран ажиллах болж, энэхүү хөтөлбөрөө Монголдоо оруулж ирж “Unimat Education” нэртэйгээр хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Бид дунд сургуулийн түвшнээс нь эхлээд хүүхдүүдийн техникийн болон зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ийнхүү ажлаа эхлүүлсэн юм. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 250 гаруй сургуульд технологийн танхимыг нь тохижуулж, хүүхдийн инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологийн хичээлээр дамжуулан авьяас чадвараа нээх бололцоо боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

ХҮҮХДҮҮДТЭЙ АНХ УУЛЗАХАД, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ ШУУД Л “ЦОНХТОЙ ЦАГ УУ?” ГЭЖ АСУУСАН 

-“Unimat Education” хөтөлбөр нь ЕБС-ийн технологийн хичээлээс юугаараа онцлог, ялгаатай юм бэ?

-Үнэндээ ЕБС-ийн технологийн хичээл цонхтой цаг болж л таардаг байлаа. Бид 2012 онд судалгааны ажлаар хот, хөдөөгийн маш олон технологийн багш, сургалтын менежер, захирлуудтай уулзаж ярилцсан. Харамсалтай нь 80-90 хувь нь технологийн хичээл хамгийн хэцүү нь. Учир нь хэрэглэгдэхүүн байхгүй. Дээр үеийн Оросын хэдэн токарь, хөрөөний машин нь аюулгүй ажиллагааны шаардлага хангадаггүй учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ гар хүрэхийг зөвшөөрдөггүй. Хүүхдүүд технологийн хичээл дээр туршилт судалгаа хийх боломжгүй учраас номоо уншиж, хуулж бичихээс хэтэрдэггүй. Тун уйтгартай өнгөрдөг хичээл гэх мэт зовлонг хэлж байлаа.

-Харин хүүхдүүд хэрхэн хандаж байв?

-Хүүхдүүдтэй анх уулзахад технологийн хичээлийг шууд л “цонхтой цаг уу?” гэж асуусан. Үүнээс өмнө сургалтын хөтөлбөр нь учир дутагдалтай байсныг гадарлаж байсан ч төсөөлснөөс хүнд байгааг энэ үед илүү сайн ойлгосон. Ингээд эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлээд таван жил өнгөрчээ. Одоо манай хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудад багш, сурагчид хичээлээ идэвхтэй явуулдаг болсон болов уу.

-Тухайлбал, хүүхдүүд хичээл дээрээ юу бүтээж чаддаг болсон бэ?

-Хүүхдүүд гараар зурсан зургаа бүтээл болгон хувиргаж, зохион бүтээж, бас амилуулж байна. Тухайлбал байшин зурчихаад орхих биш, мод болон янз бүрийн материалаар уран хөрөө, токарийн машин ашиглаж макетийг нь өөрсдөө гаргадаг болсон. Энэ бүхний дүнд хүүхдийн өмнө шийдвэрлэх асуудал тулгардаг ч, асуудлыг тухай бүр нь шийдвэрлээд явна. Байшингийн макет хийлээ гэхэд хэмжээг нь зөв гаргах, буруу гаргасан бол яаж засах вэ, ямар материал ашиглахав, яаж хооронд нь нааж эвлүүлэх вэ гээд бага наснаасаа суралцаад эхлэхээр их сургуульд ямархан хэмжээний оюутан болж очих нь тодорхой шүү дээ.

-ЕБС-д технологийн хичээлийг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж заадаг байдал түгээмэл харагддаг. Юнимат технологийн сургалтын хувьд ч бас ингэж ялгах уу?

-Шүүмжилсэн болчих байх л даа. Гэхдээ ингэж ялгаж ордгоо больчихоосой гэж боддог юм. Энд хүүхдүүдэд эрх тэгш боломж олгох талаар ярих ёстой. Яагаад охид технологийн боловсролыг олж авч болохгүй гэж? Монголчууд бид мундаг оюуны чадамжтай, чадварлаг боловсон хүчинтэй, оюунлаг нийгмийг бүтээе гэж байгаа бол, хамгийн наад зах нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийг ялгаж технологийн кабинетад суулгадгаа больчих хэрэгтэй. Шийдвэрлэхэд амархан ажил л даа. Бид ч энэ тал дээр өөрийн байр суурьтай байж, нэлээд арга хэмжээ авч байна.

-Бага ангийнхан ч энд хамрагдах боломжтой гэсэн байх аа?

-"Cool Tool” инженерийн сургалтын төхөөрөмж нь хүүхдийн аюулгүй байдлыг 100 хувь хангасан гэдгээрээ дэлхийд алдартай. Үүнийг нь батлах олон шагнал тэдэнд бий. Жишээлбэл ажиллаж байх явцад нь хүүхэд уран хөрөөнд гар, хөлөө хүргэлээ гэхэд зүсэлт өгөхгүй. Иржигнэх төдий мэдрэмж төрүүлдэг. Токарийн машинууд нь хэт халах юм бол өөрөө унтарчихдаг. Тэгэхээр бага насныхан ч энэ төхөөрөмж дээр хичээллэж болно.

-Хот, хөдөөгийн 250 сургуулийн технологийн танхимыг тохижуулсан гэлээ. Хөтөлбөрт аль аймаг, дүүргийн сургуулиуд илүү өргөн хүрээтэй хамрагдсан бэ?

-Энэ 250 сургуулиас хөдөө орон нутгийн сургуулиуд хөтөлбөрт илүүтэй хамрагдсан. Анх Сүхбаатар дүүргийн дунд сургуулиудад хөтөлбөр маань хэрэгжиж эхэлсэн. Би өнөөдөр ч Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн хамт олонд талархаж явдаг. Ирээдүйгээ харсан зөв сонголтыг тэд хийсэн. Өнөөдөр хотын хүүхдүүдэд боломж их, сонголт арвин байна. Харин хөдөөд энэ тал дээр учир дутагдалтай. Иймд техник технологи, инженер, механикийн талын хөгжлийг нь түлхүү дэмжих нь хүүхдийн ирээдүйд л хэрэгтэй. Өнөөдөр Өмнөговь аймгийн ихэнх дунд сургуулиуд “Юнимат” технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. “Юнимат” хөтөлбөр нь 2013, 2014 онд “Юнимат” машин дээрээ суурилсан, илүү механик тал бүхий “Мозелиор” сургалтын төхөөрөмжүүд дээр хийгддэг байлаа. Харин сүүлийн хоёр жил хөтөлбөртөө багахан өөрчлөлт хийж, электроник, роботикс, программчлал гэсэн хөтөлбөрүүдийг нэмсэн. Өмнөговийн сурагчид манай дараагийн шатны энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сургалтандаа хэрэглэж байгаа төхөөрөмжүүд юм. Одоо хүүхдүүд Юнимат төхөөрөмжин дээр хийсэн зүйлүүдээ хөдөлгөөнт болгох боломжтой болсон. Бидний хэлдгээр робот болгочихож байгаа гэсэн үг. Гэхдээ заавал робот гэлтгүй модон машин хийлээ гэхэд түүнийгээ удирдлагатай, автомат гэхчилэн өөрийн хүссэнээр “хөгжүүлээд” явж болно. Энэчлэн таван жилийн турш хөтөлбөр маань баяжаад л явна.

-Өнгөрсөн хугацаанд Юнимат технологийг нэвтрүүлснээр ямар, ямар ахиц, дэвшлийг авчирсан байна вэ?

-Бид жил бүр улсын хэмжээнд уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Заримдаа олон улсын тэмцээнийг Монголд оруулж ирж, зохион явуулна. Энд Юнимат технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хот, хөдөөгийн сургуулийн сурагчид бүгд идэвхтэй оролцдог. Тэнд ирж байгаа хүүхдүүдийн бүтээлийг хараад дуу алдахгүй байхын аргагүй гээч. Хүүхдүүдийн зохион бүтээгч чиг хандлага нь цаг хугацаа өнгөрөх тусам сайжирч байгааг хараад бид ч их урамшдаг. Бүр дэлхийн болоод олон улсын хэмжээнд хүүхдүүдээ өрсөлдүүлэхийн тулд багаас нь энэ чадварыг суулгах ёстойг ойлгосон. Робот сумо гэж олон улсын тэмцээн болдог. Тэдний багийнхан манайхтай хамтран бэлтгэлээ хийдэг. Мөн оюутнуудын дунд зохиогддог Робоконыхон ч мөн л манайд дасгал сургуулилт хийж байна. Олон улсын Робокон, Робот сумогийн тэмцээнүүдэд бид багаа тогтмол явуулж оролцуулдог. Одоогоор хүүхдүүд маань эхний гурван байрыг эзэлж чадаагүй ч, жил ирэх тусам тэдний ур чадвар өсч байгаа нь амжилт ойрхон байгааг харуулж байна. Хүүхдүүд ямар сонин сонин юм сэтгэнэ гээч. Анх бид Улаанбаатар хотдоо зохион бүтээгч хүүхдүүдийн өвлийн фестивалийг явуулж байлаа. Энд Юнимат технологийг авч хэрэгжүүлж байгаа хот хөдөөгийн сурагчид багштайгаа оролцсон.

ЖИЛ ИРЭХ ТУСАМ ХҮҮХДҮҮДИЙН УР ЧАДВАР ӨСЧ БАЙГАА НЬ АМЖИЛТ ОЙРХОН БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА

-Анхны фестивалийн үеэр ямар сонин содон бүтээлийг хүүхдүүд уралдаанд ирүүлж байв?

-Анхны фестивалиар Чингисийн хөргийг хэн хамгийн гоё зохион бүтээх вэ уралдааныг зарлаж, улсын хэмжээнд 100-гаад бүтээл ирж байлаа. Түүнээс Сүхбаатар дүүргээс оролцсон 9-р ангийн сурагч Билгүүн тэргүүн байрын эзэн болсон. Тэр хүү Чингисийн хөргийг 3D бүтэцтэйгээр, манай Юнимат машинууд дээр хийсэн байлаа. Тэр бол үнэхээр шилдэг бүтээл байсан. Одоо ч хүмүүс хараад “гайхамшигтай” хэмээн толгой сэгсэрдэг юм. Харин дараа жил нь “Морин хуурыг хэн гоё зохион бүтээх вэ” уралдааныг явуулсан бол 2015 онд “Рубголбер” гэж гадаадын тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. Энэ тэмцээнийг тухайн үеийн Аж үйлдвэрийн яамтай хамтран хийсэн юм. Уг тэмцээнд хөдөө орон нутгийн арваад баг оролцож, Рубголбергийн машинаар 3D бүтэцтэй, метр метрийн хэмжээтэй янз бүрийн гоё гоё бүтээлүүдийг хийсэн. Энд Увс аймгийн баг хожиж байлаа. Ер нь манай хөдөө орон нутгийн баг “чанга” л даа. Технологийн багш нар маань ч мундаг байна. Юнимат технологийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлснээр багш, сурагчид зүгээр суухаа байсан.

ХҮҮХЭД ЯМАР Ч ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР “ЗОХИОН БҮТЭЭНЭ” ГЭДЭГ ТОМ ЗАВШААН ЮМ 

-Энэ танхимд байгаа бүтээлүүдийг харахад бүгдээрээ л Монгол ахуй соёлоо илэрхийлжээ. Үнэхээр бахархалтай?

-Монгол ахуй соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэх нь иргэн бидний үүрэг. Мэдээж бид олон улсын техник технологийг ашиглаж, хэрэглэн, суралцах ёстой. Өөрсдийнхийгөө ч хөгжүүлэх ёстой. Харин сурсан мэдсэнээрээ дамжуулаад Монгол ахуйн соёлоо дэлгэрүүлэх боломж байна гэдгийг энэ бүтээлүүд харуулдаг. Юнимат болон бусад төхөөрөмжүүд дээр хүүхдүүд маань монгол өв соёлыг түлхүү харуулсан бүтээл хийхийг илүүтэй хүсдэг. Энд хоёр бөхтэй тэмээнээс авахуулаад малчин, араг үүрсэн эхнэр, морин тэрэг, нүүдэлчин айл, монгол гэр гээд хүүхдийн санаа гүйцэгдэхгүй л дээ. Өөрсдийн тоглох шатар даамнаас эхлээд, цэцэрлэгийн дүү нартаа тоглох тоглоомыг нь хийгээд өгөх боломжтой. Ерөөсөө л хүүхэд юу хийх боломжтой, чадвартай байна, тэрийг ямар ч хязгаарлалтгүйгээр зохион бүтээнэ гэдэг том завшаан юм.

-Хүүхдүүд гэлтгүй, томчууд ч “завшааныг” ашиглаж болмоор санагдлаа?

-Тэгэлгүй яахав. Юниматын төхөөрөмжүүд нь 5+, 8+, 15+ гэсэн насны ангилалтай. 15+ төхөөрөмжүүдийг оюутнууд их хэрэглэдэг. Мөн гэрээрээ бэлэг дурсгалын зүйл урладаг хүмүүс эдгээр сургалтын төхөөрөмжүүдийг авч ашиглаж болно. Тэтгэврийнхэн маань ч өөрсдийн тоглох дуртай шатраа хийгээд сууж болно.

-Та Юнимат технологи хөтөлбөрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр шинэ зуунд эх орныхоо хөгжлийг тэргүүлэн авч явах чадварлаг хүүхэдтэй болохыг ээж аав бүхэн хүсч байна. Төр засгаас ч энэ талаар ярьж байна. Тэгвэл “Unimat Education” хөтөлбөр нь инновацилаг нийгмийг бий болгох суурь хүмүүжил, суурь боловсролыг хүүхдэд олгох боломжтой юм. Энэ нь ирээдүйд инновацилаг нийгмийг бий болгох боломжийг бүрдүүлнэ гэж хардаг. Бид ч үүнд бага гэлтгүй хувь нэмэр оруулахыг зорьж байна. Хүмүүс өнөөдөр инновацийн талаар маш их ярьдаг ч, яг юу вэ гэхээр 100 хувь мэддэггүй. Инноваци гэдэг өөрөө маш олон шаттай технологи дээр явагддаг зүйл. Гэхдээ инновацийн хамгийн төгс хөгжил нь хүн буюу нийгэм дээр явагдах ёстой.

-Нийгмийн инноваци гэж тодорхойлж байгаа энэ ойлголтоо тодруулбал?

-Нийгмийн инновацийг сошиал инновейшн гэх бөгөөд энэ төрлийн инноваци хамгийн сайн явагдсан улсад технологи, инженерийн шинжлэх ухааны салбаруудын инноваци өндөр түвшинд хүрч чадсан байдаг. Эсвэл нийгмийн инноваци явагдаад эхэлсэн газар бусад салбарууд нь нийгмээ дагаад хөгждөг гэж ойлгож болно. Тэгэхээр Монголд нийгмийн инновацийг эхлүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд нийгэм өөрөө бүтээлч сэтгэлгээтэй оюуны чадамжтай болох хэрэгтэй. Ирээдүйд ямар ч карьертай, ямар ч мэргэжил сонгосон тухайн ажил, амьдралдаа хүн бүтээлч хандах ёстой. Ямарваа нэгэн ажлыг бүтээлч талаас нь харж хийж чаддаг байх ёстой. Тэгэхээр хүний бизнесийн ч бай , эрүүл мэнд ч бай, сурган хүмүүжүүлэх ч бай бүх л салбар дээр шинэчлэл буюу инноваци явагдах боломжтой. Тэгж хардаг инновацийн нийгэм бий болсон цагт бидний зорилт 100 хувь биелнэ. Нийгмийн инноваци бол улсыг хөгжүүлэх хамгийн гол түлхүүр гэж бид дүгнэдэг.

-Боловсролын яамнаас танай энэ хөтөлбөрийг хэр дэмжиж байна вэ?

-Манай Юнимат хөтөлбөрийг яамнаас дэмжин ажилладаг гэж хардаг. Гэхдээ хамтран ажилладаггүй л дээ. Үнэндээ боловсролын салбарын удирдлагууд хэтэрхий хурдан солигдох юм. Өнгөрсөн сонгуулиас хойш Боловсролын яамны сайдаа хоёр ч удаа сольчихлоо. Энэ нь тогтворгүй байдлыг үүсгээд байх юм. Нөгөөтэйгүүр Монголд хэрэгжээд эхэлсэн, амжилттай болон үр дүнтэй яваа төслүүдтэй гар нийлж ажиллаасай гэж хүсэх юм. Зөвхөн боловсролын салбар, боловсролын яам, тэнд ажиллаж байгаа удирдлагууд нийгмийн боловсролыг авч явах албагүй. Гэхдээ боломж олгоод хамтран ажилладаг, тэднийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Тэднээр дамжуулаад боловсролын салбараа хөгжүүлж чаддаг баймаар байна. Тэрнээс биш яамны л гаргасан хөтөлбөрийг дагах ёстой, яамны хөтөлбөр илүү гээд нэг хайрцагт баригдмааргүй байна. Тэгж баригдаад хөгжсөн улс гэж байхгүй. Нээлттэй, бүх юмыг бүтээлч өнцгөөс нь харсан, шинийг эрэлхийлсэн, үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэн, далайцтай хийж чадсан нь хөгждөг юм.

Бид ирээдүйд ерөнхий боловсролын сургуулиас гадна сургуулийн өмнөх боловсрол руу анхаарал хандуулан ажиллана. Цэцэрлэгт хэрэгжүүлэх боломжтой.

-Ингэж хөгжсөн орны жишээг та дурдаж чадах уу?

-Тухайлбал Турк улс сүүлийн хориод жилийн дотор боловсролын салбар нь орвонгоороо шинэчлэгдлээ. Үүний үр дүнд сүүлийн таван жилийн дотор Туркийн олон компанийн нарийн технологи бүхий бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд гарч байна.

-Харин манайх?

-Манайхан боловсролын салбарын багш нарынхаа мэдлэг, ур чадварт анхаарал хандуулах цаг болжээ. Өнөөдөр бид жишээлбэл, дэлхийд хамгийн сайн, хамгийн шилдэгт тооцогдох техник технологийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тэгэхэд энд ажиллах чадвартай багш нар нь хомс байгаагаас, бид багш нарт нь үнэгүй сургалт явуулж тэднийг бэлтгэж байна. Өнгөрсөн жил гэхэд, Нийслэлийн боловсролын газартай хамтраад технологийн багш нарт ганцхан өдрийн сургалт явууллаа. Ганц өдрийн сургалт бол хангалтгүй л дээ. Бид бол байнга сургаж, тэдний ур чадварыг сайжруулмаар байна. Зөвхөн технологийн багш нар гэлтгүй, бусад салбарын багш нар ч байнга өөрсдийнхөө чадварыг дээшлүүлж баймаар санагддаг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд хүмүүсийн боловсролын түвшин яаж өөрчлөгдөж байна. Оюуны чадварууд нь хаашаа чиглэж байна. Ямар, ямар салбарууд ирээдүйд илүү их хөгжлийг авчрах вэ. Үүнтэй хөл нийлүүлэн алхахын тулд, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг өнөөгийн нэгдүгээр ангийнхнаас эхэлмээр байгаа юм.

ХҮҮХЭД ӨӨРӨӨ ЦАХИЛГААН ХЭЛХЭЭГ ЗУРААД, ЗӨВ ЭСЭХИЙГ НЬ ШАЛГАЖ БОЛДОГ ПЛАТФОРМ ГЭСЭН ҮГ

-Гадаад орноос суралцсан, судалж хэрэгжүүлмээр ямар туршлага байдаг вэ?

-Бид электроникийн сургалтын төхөөрөмжүүдийг оруулж ирэхдээ Америкийн инженерийн сургалтын төхөөрөмж хийдэг Юниматуудтайгаа хамтарч ажилладаг. Энэ хамтын ажиллагааны хүрээнд оруулж ирсэн “Эленко” электроникийн төхөөрөмжүүд нь анхан шатны цахилгаан угсралтуудыг хүүхдүүдэд практик дээр зааж өгөх ажлыг маш их хялбарчилж байна. Хүүхдүүд наад зах нь гэрийнхээ цахилгаан хэрэгслийн ажиллах зарчмыг ойлгож унтраалга, розетка нь хаагуураа дамжиж, цахилгаан сүлжээ нь яаж ажиллаж байгааг мэдэж авна гэсэн үг.

-Физикийн хичээлээ амьдралд хэрэгжүүлж сурах юм байна, тийм үү?

-Физикийн хичээл дээр бол, онолын түвшинд маш цахилгаан электроникийн хичээлүүд ордог шүү дээ. Дунд ангид ялангуяа, хэлхээ холбоосыг дэвтэр дээрээ зурж үздэг. Гэхдээ тэр нь ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй. Дараа нь амьдрал дээр хэрэгжүүлээд, гэрийнхээ цахилгааны жижиг гэмтлийг засъя гэхээр чаддаггүй. Харин “Эленко” электроникийн цахилгаан төхөөрөмжүүдийг сургалтанд ашигласнаар, яг бодит практик дээр цахилгаан хэлхээний угсралтуудыг хийж үздэг. Хэрэв ажиллахгүй байвал өөрөө асуудлаа олоод шийдвэрлэнэ. Тэгэхээр хүүхэд өөрөө цахилгаан хэлхээг зураад зурсан зураг нь зөв эсэхийг шалгаж болдог платформ гэсэн үг юм.

-Үр дүнд нь хүүхдүүдэд ямар мэдлэг, туршлага үлдэх вэ?

-Хүүхэд багаасаа нэмэх, хасах цэнэгийн тухай ойлголтыг маш сайн авч чадна. Энэ нь хүүхдэд хэрэгтэй, ирээдүйд ашиглах боломжтой чадвар болон үлддэг гэсэн үг. Юниматын сургалтын хүрээнд олон орнуудын сургалтын гарын авлагыг уншиж судалдаг. Судлах шаардлага ч гардаг. Европын Итали, Герман, Швед, Нидерланд улсуудаас хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүд гарч, хэдэн арван жилийн турш номер нэг байсаар байдаг. Тийм мундаг инженер, техникийн боловсон хүчинтэй. Яагаад гэдгийг нь харахаар, ерөөсөө арван жилийнх нь боловсролын системд нь технологийн бүх хичээлийг нь шинжлэх ухаан, практиктай холбодог. Математик ч бай, гадаад хэл ч бай хичээлүүдийг бүгдийг нь энэ салбар руу холбож заадаг байна. Заахдаа зөвхөн онолоор бус практик давамгайлсан сургалтуудыг ихэвчлэн явуулдаг юм. Германд гэхэд арван жилийн сургуульд нь бэлдсэн жижиг хэмжээний моторыг задалж угсруулдаг, түүнийгээ эд анги бүрээр нь тайлбарлаж нэр томьёог нь заах жишээтэй. Ингээд бодохоор сургалтын хөтөлбөрт практик маш чухал гэдэг нь харагдаж байна.

-Манай уншигчид танай хөтөлбөрийн талаар багагүй мэдээлэлтэй боллоо гэж бодож байна. Энэ хөтөлбөрт хүүхдээ багаас нь сургах боломжтой юу?

-Манай Юниматын дугуйлан жилийн дөрвөн улиралд хичээллэдэг. Дугуйланд 6+ насны бүх хүүхэд хамрагдах боломжтой. Үнийн хувьд ч боломжийн. Манай дугуйлан шат шатаараа ахиж явдаг. Манай STEM (шинжлэх ухаан, технологи, инженер, математик гэсэн дөрвөн үгийн товчлол, ред.) электроникийн танхим 2015 оны хавар нээлтээ хийсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдож болно.

-Цаашид танай хөтөлбөр хэрхэн өргөжих вэ?

-Манай хөтөлбөрт хамрагдаж иннновацийн мэдлэг олж авсан хүүхэд шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, практик туршлагатай болох учраас ирээдүйд ажилдаа өөрөөр ханддаг боловсон хүчин болох давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, илүү үр бүтээлчээр асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшинэ гэсэн үг. Тэгэхээр үүний тулд хүүхдүүдээ багаас нь бэлтгэх ёстой. Бид ирээдүйд ерөнхий боловсролын сургуулиас гадна сургуулийн өмнөх боловсрол руу анхаарал хандуулан ажиллана. Цэцэрлэгт хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөрүүдийг Монголд нутагшуулахын тулд монгол цэцэрлэг, монгол хүүхдүүдэд тохиромжтой хөтөлбөрүүдийг шүүн судалж байна. Ярилцлагынхаа төгсгөлд “Инновацилаг ирээдүйг хамтдаа бүтээцгээе” гэж уриалъя.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танай хамт олны цаашдын ажилд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Б.Амирдаа

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dadlag(59.153.113.74) 2018 оны 04 сарын 04

YAG ONOHIIG ONOL GENE

0  |  0
Top