О.Одбаяр: Зуух байгаад түлшгүй бол яалтай

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Заримдаа хүмүүст үнэнийг хүргэж байхгүй бол мэдээллийн хомсдлоос болоод мөрөөрөө явж байгаа компаниудын тухай нийтэд илт буруу мэдээлэл тарааж, ажил хэрэг, бизнесийн нэр хүндэд нь халдах боллоо. Үүнийг миний хувьд санаатай үйлдэл гэж харахаасаа илүүтэй мэдээллийн дутуугаас болж асуудлын голыг олж шүүмжлэхгүй байна гэж үзэж байна. Төрийн мэдлийн хувьцаатай Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудад асуудал бий юу гэвэл хангалттай байгаа, үүнийг засаж залруулах гэж уурхайн хамт олон, удирдлага ажиллаж байна. 

“Багануур” ХК нь 1978 онд төвийн эрчим хүчний нүүрсний хэрэглээг хангах зорилгоор байгуулагдсан. Компанийн хувьцааны 75 хувь нь төрийн мэдэлд, үлдсэн хувийг нь бусад хувьцаа эзэмшигчид эзэмшдэг бөгөөд 2013 онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Тус компани нь Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 78 хувийг дангаараа хангаж байна. Нийт 1180 ажилтантай. 
“Шивээ Овоо” ХК нь 1990 онд төвийн эрчим хүчний нүүрсний хэрэглээг тогтворжуулах зорилгоор байгуулагдсан. Компанийн хувьцааны 90 хувь нь төрийн мэдэлд, үлдсэн хувь нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалагддаг бөгөөд 2013 онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Тус компани нь Монгол Улсын нүүрсний хэрэглээний 23 хувь, “ДЦС 4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.1 хувийг хангаж Говьсүмбэр аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 97 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Нийт 570 ажилтантай.
Энэ уурхайнууд яагаад санхүүгийн хүндрэлд орж, одоо болтол өөрөө өөрийгөө аваад явж чадахгүй байгаа гэдгийг тодорхой тоо баримтад тулгуурлан та бүхэнд ойлгуулахыг хичээе.
Санхүүгийн хүндрэл бэрхшээл, өр төлбөрийн асуудал нь сүүлийн үед зарим нэг “сонирхолтой” /асуудлаа мэдээд яриад байгаа юм шиг хэрнээ огт мэддэггүй этгээд/ хүмүүсийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлээд байгаа шиг ойрын 3-4 жилийн дотор буюу төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр бий болсон гэдэг нь худлаа. Угтаа бол 20 гаруй жилийн өмнөөс буюу хуучнаар Төрийн өмчийн хороо эдгээр компаниудын төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч байх үеэс л санхүүгийн хүндрэл үүсч, өр төлбөр хуримтлагдаж эхэлсэн байдаг. Санхүүгийн хүндрэл үүсэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл байж болох ч хамгийн том бөгөөд үндсэн шалтгаан нь уурхайнуудын үйлдвэрлэж буй нүүрсний үнийг төрөөс буюу Эрчим хүчний зохицуулах хороо хянаж баталж ирсэн зохицуулалт юм.
Зах зээлийн шилжилтийн буюу 90-ээд оны эхэн үед хоёр уурхайг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулж, зах зээлийн зарчмаар нь ажиллуулах шийдвэр гаргасан хэдий ч үнэн хэрэгтээ төрөөс өнөөг хүртэл эдгээр компаниудыг зах зээлийн зарчмаар ажиллах боломж, бололцоог нь нээж өгсөнгүй. Өөрөөр хэлбэл тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн буюу нүүрсийг цахилгаан станцууд төрийн зохицуулалттай үнээр буюу уурхайнуудад алдагдалтай үнээр худалдаж авдаг тогтолцоо өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Энгийнээр жишиж хэлбэл тэд 1 тонн нүүрс олборлохдоо 1,2 төгрөгийн зардал гаргаад нүүрсээ 1 төгрөгөөр худалддаг. Бизнесийн харилцаа талаас нь харвал энэ нь хэнд ч ойлгомжгүй “гажиг” загвар, харин нийгмийн хариуцлага талаас нь харвал Улаанбаатар хотод дулаан байранд, цахилгаантай гэрт амьдарч буй нэг сая таван зуун мянган иргэний дулаан цахилгааны үнэ огцом нэмэгдэхгүй байгаа сайн жишээ. Ингээд бодохоор Багануур ХК, Шивээ-Овоо ХК-иудыг нэг талаас дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нөгөө талаас Улаанбаатар хотыг гал алдуулалгүйгээр нуруун дээрээ үүрч яваа төрийн нүүрсний агентлаг ч юм шиг, тийм “ХАЙБРИД” хуулийн этгээдүүд гэж хэлж болохоор.
Уг нь УИХ-аас 2010 онд баталсан 72 дугаар тогтоолоор нүүрсний үнийг үе шаттайгаар чөлөөлөх талаар тусгасан хэдий ч хэрэгжихгүй байна. Засгийн газраас эрчим хүч, дулааны үнийн талаар барьж буй бодлого нь мэдээж ард иргэдийнхээ амьжиргааг бодолцож, үнийг өсгөхгүй, тогтвортой байлгахад чиглэж байгааг буруутгах аргагүй. Гэлээ гээд цаана нь уурхайн гүнзгийрэлт, техник, тоног төхөөрөмжийн хуучралт, инфляци, дизель түлшний үнийн өсөлтөөс үүдэлтэй зардал нэмэгдэж, өр төлбөр өсч байгааг дан ганц компанид үүрүүлээд ашигтай ажиллахгүй байна гэж шүүмжлэх нь учир дутагдалтай. Хариуцлагатай ажил эрхэлж байгаа гэдэгээ уурхайчид ухамсарлаж, урьд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр, ажилласаар, зүтгэсээр л байна. “Эрдэнэс Монгол” ХХК ч энэ 2 уурхайн төрийн мэдлийн хувьцааг шилжүүлж авсан сүүлийн 4 жилийн хугацаанд санхүүгийн хүндрэлээс нь гаргах талаар тодорхой дэмжлэг үзүүлж, ирээдүйн хөгжлийг нь өөдрөгөөр төсөөлөн стратеги төлөвлөгөө боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уурхайнуудын төрийн мэдлийн хувьцааг нь шилжүүлж авахдаа бид мөн л балансан дээрх урт болон богино хугацаат өр төлбөртэй нь хамт авсан. Та бүхэнд танилцуулж буй сүүлийн 10 жилийн хугацааны зарим тоо баримтуудаас харахад шилжүүлж авсанаас хойших 4 жилийн сүүлийн 2 жилд нь компаниуд бага ч гэсэн ашигтай ажиллаж байгааг харж болно. Тоо баримт худлаа хэлдэггүй. Тэгэхдээ цаашид техникийн шинэчлэлт хийх, хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай олон ажлууд байгаа нь үнэн. Энэ асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр төр засгийн байгууллагуудтай ч хамтран ажиллаж байгаа. Төр засаг ч ард иргэдийнхээ төлөө, Улаанбаатар хотын төлөө энэ уурхайнуудад анхаарал хандуулж, дэмжиж ажиллах учиртай.
Эцэст нь хэлэхэд дулаантай, цахилгаантай байгаа нь цахилгаан станцуудын ач гавъяа гэж хараад цаана нь уурхайнуудаа таг мартчихсан харалган бодлогыг ч өөрчлөх цаг болсон. Ер нь Зуух байгаад түлшгүй бол яалтай!
Ингээд доорх тоо баримтуудаас Та бүхэн үнэн зөвийг шүүн тунгааж харна биз ээ.

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(210.94.141.41) 2018 оны 05 сарын 17

Avhuulj taviulsan zurag n hurtel taviulttai

0  |  0
Zochin(210.94.141.41) 2018 оны 05 сарын 17

Boon helber

0  |  0
k(209.167.52.34) 2018 оны 05 сарын 17

Dargad durtai hun gej eniig helne dee, hooson tolgoitoi ch ih medegchiin durd huviragch

0  |  0
P(203.91.117.8) 2018 оны 05 сарын 16

Ene hun yunii darga yum be

0  |  0
Top