Л.Элдэв-Очир: Малчин ардын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд малын тоо 66,2 саяд хүрлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

 “МАЛ аж ахуйн ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ” МАЛЧДЫН УЛСЫН зөвлөгөөнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, Хүнс, хөдөө аж ахуйН БАЙНГЫН ХОРООНЫ дарга

Л.ЭЛДЭВ-ОЧИРЫН ХЭЛСЭН ҮГ

 

 

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая,

Сайхан зусаж байна уу,                             

Монголчууд бид эцэг өвгөдөөс өвлөн үлдээсэн мал хэмээх их нөөц баялгаа дээдлэн хүндэлж, мянга мянган жилийн туршид буян хишгийг нь хүртсээр ирсэн ард түмэн билээ.

 

Манай улсын эдийн засаг сүүлийн 20 гаруй жилд уул уурхайгаас хамаарсан, эрсдэлд өртөмтгий эмзэг бүтэцтэй явсаар ирсэн. Хөдөө аж ахуйн салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбар болгон тогтвортой хөгжүүлэх төрийн бодлогыг эрчимжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхааран ажиллаж байна.

 

2017 оны 12 дугаар сард мал аж ахуйн салбарын суурь хууль болох Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг Улсын Их Хурлаас баталж, 14 хоногийн дараагаас дагаж мөрдөхөөр бэлтгэл ажлыг хангаад байна.

 

            Эдгээр хуулиуд хэрэгжснээр малын эрүүл мэнд, малын үүлдэр угсаа, үржил селекци, ашиг шим, малаас гарч буй түүхий эд, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал, бүртгэл, хяналт зэрэг нэлээдгүй олон асуудлыг цэгцэлж, зөв гольдрилд оруулна гэж харж байгаа. Мөн хуульд заасан бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалт, хариуцлагын өөрчлөлтөөр мал аж ахуйн салбарын нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэн үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

 

Малчин ардын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд малын тоо 66,2 саяд хүрлээ. Бид мал маллах арга ухааны олон зуун жилийн баялаг туршлагатай хэдий ч малыг амьжиргааны тогтвортой эх үүсвэр болгоход шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнд төр засгийн бодлогоос гадна малчин та бүгдийн санал санаачилга, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

Малчид малын захаас дэлхий нийтийн мэдээ мэдээллийг авч, хөдөлгөөнт утсаар төв суурин газартай холбоо тогтоож байгаагийн нэгэн адил мал маллах арга ухаанд орчин цагийн шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал юм. Түүнчлэн нийгмийн хөгжлийн чиг хандлага, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулж, мал аж ахуй эрхэлж ирсэн арга барилаа боловсронгуй болгон хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

 

Дэлхийн улс үндэстнүүд даяаршил хэмээх нэг орон зайд шилжиж байгаа хэдий ч улс үндэстэн өөрсдийн өвөрмөц онцлогоор ондооших үйл явц хүчтэй нэмэгдэж байна. Мал маллах арга ухаан, нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц уламжлал нь манай улсын ондоошил болох учиртай.

 

Төрийн бодлогын хүрээнд малын махыг гадаадын улс орнуудад экспортлох үүгээр дамжуулан малчин иргэдийг тогтвортой орлоготой болгоход малын эрүүл мэндийн асуудал тулгамдаад байна. Малын бүртгэлийг зөв хөтлөх, вакцинжуулах, малчид малын эмчийн хамтын ажиллагаа нь та бүхний тогтвортой орлоготой байх үндэс суурь юм.

 

Цаашид мал аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг сайжруулахад нөлөөлж байгаа олон хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг үр дүнг дэмжих, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг цэгцлэн шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны 02 дугаар сард сүү, цагаан идээгээ хэрэглэх үндэсний уриалгыг гаргасан. Манай улс 2016 онд 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан гэсэн чамлалттай тоо мэдээ байна. Улаанбаатар хотод ойр орших аймаг, сумын малчид, фермерүүд л сүүгээ тодорхой хэмжээгээр борлуулах боломжтой байгаа бөгөөд алслагдсан аймгийн малчид, фермерүүд сүүгээ худалдан борлуулах бололцоо хомс байна. Ийм ч учраас орон нутгийн сүүний нөөцөд тулгуурлан ажлын байр бий болгох, малчид, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих талаар Улсын Их Хурал анхаарч ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Бид олон жил яригдсан Бэлчээрийн хуулийг эцэслэн баталж, газар нутгийн хөрсний үржил шим, элэгдэл, доройтлоос сэргийлэх, даацад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах эзэнтэй, хариуцлагатай байх тогтолцоонд шилжих цаг ирсэн. Иймд Бэлчээрийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын зөв тогтолцоог бий болгох эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлох, хийдэлгүй хууль батлан гаргах зорилгоор Та бүхний санал, хүсэлтийг сонсохыг хүсэж байна.

 

Өнөөдрийн зөвлөгөөнөөр та бүгдээс мал аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах олон санал, санаачлага гарна гэдэгт итгэлтэй байна.

 

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


Эх сурвалж: http://www.eldev-ochir.mn/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top