Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компанийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүд Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн эзэмшлийнх болсон тухай мэдээлэл өнгөрсөн баасан гаригт буюу аравдугаар сарын 12-ны өдөр цацагдсан билээ.
“Сентерра Гоулд” компани өөрийн албан ёсны веб хуудас болох www.centerragold.com-д уг мэдээллийг нийтэлсэн юм.
Хэдий тийм боловч “Сентерра Гоулд” Монгол дахь уул уурхайн үйл ажиллагааныхаа 21 жилийн замналд үнэхээр цэг тавьсан уу, эсвэл хүлээлгийн өрөөнд олон жилийг үдэж буй ГАЦУУРТ төслийн хариуцагчийг хэлбэр төдий сольж, тоглож байна уу, бүр эсвэл улс төрийн болоод нийгмийн тал бүрийн шахалтуудын нөлөөллөөр өөр “эзэн” ирэв үү гэдэг асуултууд яах аргагүй дагаж байна.
Тэгвэл Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн дараах мэдээлэлд Монголын талаас захирал Эрдэнэбаатарын Дөлгөөн гэсэн нэр байгаа бол Малайзын талаас Yap Keng Hong гэх хүний нэр байна. Тус компани ердөө хоёр сарын өмнө буюу 2018 оны наймдугаар сард байгуулагдсан шинэ компани гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Компанийн захирал болох Эрдэнэбаатарын Дөлгөөний төрсөн ах нь “Блүүмберг Монголиа” телевизийн захирал Э.Долгион гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Хэрэв тийм бол Э.Дөлгөөн нь МУИС-ийн Олон улсын харилцаа төгссөн, мөн БНХАУ-д их сургууль төгссөн. Англи хэл дээр мэдээлэл нийтэлдэг "UB Post" сонинд ажиллаж байсан. Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байхад туслахаар нь, Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Харин дараа нь Улаанбаатар хотын банкинд ажилласан гэх намтартай. Тэгвэл энэ удаа OZD гэх өнгөрсөн наймдугаар сард байгуулагдсан шинэ компанийн захирлаар тодорч гарч ирлээ. Түүний ах Э.Долгионы удирддаг “Блүүмберг Монголиа” телевиз нь Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай, мөн түүний ажиллаж байсан Улаанбаатар хотын банкны хөрөнгө оруулагчдын нэг "сахал" Т.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкны эздийн нэг гэгддэг. Тиймээс Э.Дөлгөөний удирдаж буй шинэ компани болох OZD-гийн ард Худалдаа хөгжлийн банк байна гэх таамаг, хардлага олон нийтийн дунд үүсч эхэлжээ.
Мөн Гацуурт төслийн эзэн солигдсоноор улсад 2.2 их наяд төгрөгийн ашиг өгч, 1000 ажлын байр шинээр бий болгоно гэх хүлээлттэй энэ төслийг эргэлтэд оруулах ЗӨВШӨӨРЛИЙГ “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс өгөх үү гэдэг асуулт ч гарч таарна.
“Гацуурт” төсөл Урт нэртэй хуулийн хүрээнд түдгэлзэгдсэнтэй холбоотойгоор “Сентерра Гоулд”-ын зүгээс уг ордыг Стратегийн ордод хамруулах хүсэлтийг манай төрд тавьж байсан. Тэгж хамруулж чадвал Урт нэртэй хуулиас гадуур ашиглалт явуулах боломжийг тэд олж харсан гэсэн үг.
Гэвч Урт нэртэй хуулиас илүү хэцүү шахалттай тулсан нь “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний зүгээс хийж ирсэн хэдэн жилийн эсэргүүцэл юм. Уг хөдөлгөөний ард улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгууд бий гэх мэдээллүүд ч өнгөрсөн жилүүдэд байнга яригдсаар ирсэн.
Харин хөдөлгөөнийхний зүгээс өөр зүйл хэлдэг. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэлэхдээ “Бид байгалиа хамгаалах журамтай, үүрэгтэй хүмүүс тул хамгаалаад явж байна. Нөгөө талаар Ноён уулын ай сав газар хөрсөндөө хүнцлийн агууламж 8000 дахин их, усандаа 6000 дахин их байгаа энэ нөхцөлд бид Үндсэн хуульд заасан амьд явах эрхийнхээ дагуу л тэмцэж байна. Монгол Улс тусгаар тогтносон улс учир хууль дүрэмтэй. Хэн ч хуулиндаа захирагдаж амьдардаг. Тиймээс бид хуулийн хүрээнд л асуудлыг яръя... Буруутай шийдвэр гаргасан сумын Иргэдийн хурлын дарга н.Эрдэнэхүү, олон удаа ашиг сонирхлын зөрчил гаргасан Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа нарыг АТГ-т өгч байгаа... Төрийн эзэмшлийн 34 хувь, орон нутгийн хамгаалалтад авах 11 га газар гэсэн шийдвэр хууль бус шийдвэр юм. Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүссэн байхад Ноён уулын 34 хувийг баталъя, 11 га газраа тусгай хамгаалалтад авъя гэдэг асуудал УИХ-ын эмгэнэл, эзэнгүй төрийн эмгэнэл гэж хэлнэ” гэхчлэн ярьдаг.
Сануулахад, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал 30 гаруй удаа хойшилсон. Уг төрийн бус байгууллагаас “Сентерра гоулд” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүх 2016 оны нэгдүгээр сарын 29-нд хүлээн авч, дараа сарынх нь 25-нд захиргааны хэрэг үүсгэсэн байдаг юм. Харин хэргийн оролцогчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт 32 удаа тавьсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд “Гацуурт” төсөл урагшлаагүй юм.
Одоо Э.Дөлгөөн гэх захиралтай OZD ASIA PTE компани “Гацуурт” төслийг эргэлтэд оруулж чадах уу? 2016 оноос өнөөдрийг хүртэл шүүх дээр хэрэг нь яваа “Сентеррагоулд Монголия” ХХК төслийг орхиж, гарч явснаа зарласнаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний НЭХЭМЖЛЭЛ хэрэгсэхгүй болох уу? Эсвэл тус хөдөлгөөний зүгээс OZD ASIA PTE компанийн ЭСРЭГ нэхэмжлэл гаргах уу гэдэг асуултууд анхаарал татаж байна.
“Сентерра Гоулд” Монгол Улсад 1997 онд орж ирэхдээ ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр салбараа нээсэн. Бороогийн ордыг ашиглаж, 2004-2013 онд 1.5 сая унц алт олборлосон гэдгээ үйл ажиллагааныхаа тайланд бичсэн байдаг Татварын тухайд Бороогийн уурхай ажиллаж байх үед буюу 2004-2017 онд 13 жилийн хугацаанд улсын төсөвт 341 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Энэ нь жилд дунджаар 26,2 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэсэн үг юм.
Компанийн зүгээс ийм мэдээлэл өгдөг ч, татвартай холбоотой маргаантай асуудлууд бий.
“Сентерра Гоулд”-ын татвараас нуугдсан АРГА
“Сентерра Гоулд” ХХК нь Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж “Бороо Гоулд” ХХК-ийн ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч байсан байдаг. Үүний улмаас Монгол Улс 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32.0 тэрбум төгрөгийн орлогыг алдсан гэх мэдээлэл бий. Тухайн үед Нидерландын Вант улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцоогүй байсан тул “Сентерра Гоулд” ХХК боломжийг ашиглан, татвараас бултсан байдаг.
Түүнчлэн Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэдээллийн баазад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээлэл зөрүүтэй байдгийг “Сентерра Гоулд” ХХК-ийн охин компани “Бороо Гоулд”-ын жишээ харуулдаг. Ашигт малтмалын ерөнхий газарт байгаа мэдээллээр “Бороо Гоулд” компанийг Нидерландын хөрөнгө оруулалттай компани гэж бүртгэсэн байхад Татварын ерөнхий газрын мэдээллийн баазад Багамын арлаас хөрөнгө оруулалттай гээд тодотгоод бүртгэчихсэн байсан. Энэ мэт зөрүү нь уул уурхайн компаниудаас төсөвт төвлөрөх ёстой татварын хэмжээг буурахад нөлөөлдөг болохыг тодотгоё.
“Сентерра Гоулд” ХХК-ийн Бороогийн уурхай, Гацууртын ордын хоёр талбайг холбосон 55 км урттай замыг 2010 онд барьж дуусгасан. “Бороо Гоулд” компанийн эзэмшилд ашиглалтын 10, хайгуулын 4 лиценз байдаг бол “Сентеррагоулд Монголия”-ийн нэр дээр ашиглалтын 7, хайгуулын 20 гэхчлэн тооцвол нийтдээ 41 лиценз бүртгэлтэй гэх мэдээлэл бий.
Тэгвэл OZD ASIA PTE компанийн мэдэлд эдгээрээс хэд нь ирсэн бэ? Улстөр, нийгмийн анхаарлыг хамгийн ихээр татдаг “Гацуурт”-аас гадны бусад лицензүүдээ ч шилжүүлсэн үү гэхчлэн анхаарал татсан асуудлууд байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 5 )
Энэ 2 ноолуурын дампуурсан монамикалын эзний удам.
Энэ ямар ч гадаадын компани биш. Оффшорт нэрээ нууцлах гэж оролдсон ХХБ, Хүзүүгүй, гэх мэтийн ЛУЙВАРЧДЫН компани шүү дээ. Ганц нэг бууны нохой, золиос болох Дөлгөөн, Долгион гэх мэтийн шуналтай бацаануудыг ашиглаж Монголоос хулгайлсан мөнгөө Гадаад байгуулсан компанийнхаа нэрээр оруулж ирж угаадаг. Өөөр юу ч биш. энэ бол Монголд түгээмэл бизнес.
tuul darga
Altandornodiig avj bolood hodlgoson gatsuurtiig boloh bailguidee.tatvaraas l zugtaj bga altandornod tatvar tolhgui gej neree oor hund shiljuulsen
deed zindaanii hun deerelhesench yadgiim