Төв банкны хүлээлт биелж, оны эцэст 22 тонн алт худалдаж авлаа. 2020 онд 25 тонныг худалдаж авах боломж бий гэсэн тооцоолол байгаа юм. Гэхдээ цаасан дээрх тоо газарт буухын тулд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ болох 2.5 хувийн татварын хүчинтэй хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болсноор, татварын хэмжээ 9 хувиар тооцогдох эрх зүйн орчин бий болоод байна.
Алт үйлдвэрлэгчдийн тухайд Татварын багц хуулийн өөрчлөлтөд найдлага тавьж буйгаа 2018 оны эхээр илэрхийлж байсан бол Засгийн газар, Төв банкны зүгээс АМНАТ-ыг 2.5 хувийн хэмжээг дахин таван жилээр сунгаж, мөрдөх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлснээр, асуудал хууль тогтоогчдоос хамаарах болсон юм. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал чуулганы хуралдаанаар 2018 онд багтаж орсон ч, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор олон асуудал хойшлогдож байгаагийн дотор багтсан юм. Тэгснээр 2019 оны эхний анхаарал татсан сэдвүүдийн нэг нь алтны салбарын АМНАТ-ын хувь хэмжээ болж таарч байна.
Нөөц ашигласны татварын хөнгөлөлтийн хугацааг 2024 он хүртэл таван жилээр сунгахаар хуулийн төсөлд тусгачихаад байгаа юм. Тэгэхээр чуулган хэзээ хуралдана, тэр үед энэ асуудал хэлэлцэгдэнэ, шийдвэрлэгдэнэ. Алт үйлдвэрлэгчдийн тухайд парламентын шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. Улирлын мөчлөгтэй холбоотойгоор өдийд алт үйлдвэрлэлийн салбар зогсонги байдалтай байдаг. Тэгвэл яг энэ үетэй эрх зүйн орчны шинэ хүлээлт давхцаж буйг бас дурдахгүй өнгөрч болохгүй байх.
Мөн алт олборлогч аж ахуй нэгжүүдээс авах алтны хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бийг тоон үзүүлэлтүүд батладаг. Монголбанкинд тушаагдаж буй алтны дийлэнх нь аж ахуй нэгж биш хувь иргэний нэрээр бүртгэгддэг. 2017 онд Монголбанкны худалдан авсан алтны 63 хувийг иргэд, 37 хувийг компани бүрдүүлж байсан бол 2016 онд иргэд 60 хувь, компани 40 хувь гэсэн харьцаатай байсан. 2018 оны хувьд ч иргэдийн нэр дээр тушаагдсан алтны хувь хэмжээ давамгайлсан хэвээр. Иргэд зуучлагч хэлбэрээр алт тушаалтад оролцож байгаа шалтгааныг эрхзүйн орчинтой нь холбож тайлбарласан байр суурийг Алт үйлдвэрлэгчдийн холбооноос илэрхийлдэг. Жилийн орлого нь гурван тэрбумаас дээш бол ААНОАТ-ыг 25 хувь, доош тохиолдолд 10 хувийн татвар авна гэж тогтоосон нь аж ахуй нэгжүүдийн алт тушаалтыг бууруулж байна гэдэг. Тэрчлэн ААНОАТ-ыг тэглэснээр компаниудын зардал мөнгө ил болж, эдийн засагт оруулах өгөөж нь нэмэгдэнэ гэж буй юм.
Улмаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд “3 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар тооцно” гэж заасныг 6 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнтэй болгох талаар тусгасан төсөл өргөн баригдаж, бас л хүлээлгийн өрөөнд байна.
Төв банкны холбогдох албан тушаалтны мэдээллээр бол АМНАТ-ыг 5 хувь ч юм уу болгоод өшөө нэмчихвэл аж ахуйн нэгжийн, иргэдийн ч алт тушаалт багасчих вий гэсэн болгоомж дагаж байгаа юм. Хуулиа хэчнээн чангатгасан ч аж ахуйн нэгжүүд гарц олоод, яаж ийж байгаад хуулийн цоорхой ашиглахыг үгүйсгэхгүй. Компаниуд бага л татвар төлөхийг бодно гэж буй юм. Манай улсад алтны худалдан авалтад нөлөөлж байгаа зүйл бол хууль эрхзүйн орчин. 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль, алтны олборлолтын хэмжээ зэрэг нь алтны тушаалтад нөлөөлж ирсэн. Алтны ханшаас илүү хууль эрхзүйн орчин нөлөөлж байгаа. 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол 2010 онд 2.1 тонн болтлоо буурсан. Харин тэр үед алтны ханш өссөн байдаг. Алтны ханш өсөөд байхад Монголдоо тушаахгүй дандаа хууль бусаар гарчихсан л байгаа юм. Алтны үнэ богино хугацаанд, урт хугацаандаа хууль эрхзүйн орчин нөлөөлж байна гэдгийг Төв банкны зүгээс мэдэгдэж байсан.
Монголбанкинд тушааж, нийлүүлж буй алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь АМНАТ-ыг 2.5 хувь болгон мөрдөж, алтны үйлдвэрлэл өссөний нэг үр дүн гэж салбарын холбооны зүгээс мэдэгдэж байна.
Тэгвэл “Алтан бумба санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал, шинжээч Ч.Эрдэнэдалай “Монголбанк 2016-2018 онд алтны экспортоос орж ирсэн 2.1 тэрбум ам.долларын валютын нөөцийг интервенцид зарцуулж ам.долларын ханшийг 2000 - 2600 буюу 600 төгрөгөөр л сулруулж чадсан юм. Алт байгаагүй бол ам.доллар аль хэдийнэ тэнгэрт хадаж, 3000-5000-10000 төгрөгт хүрсэн байх байлаа” гэж яриад байна.
Алт гэдэг үнэт металлын үр ашиг эдийн засагт үлэмж их. Алт бол эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Тиймээс ч алтны салбартай холбоотой хууль тогтоомжийг шийдвэрлэхдээ эдийн засагт бодитой үр ашиг үнэхээр дагуулах уу гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгэхийн тулд алтны салбарт тулгарч буй асуудлууд юу байна вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Тэгвэл Ерөнхийлөгч асан П.Очирбат алтны салбарт тулгамдаж буй асуудлуудыг дараах байдлаар тодорхойлж байна.
-Алт олборлох үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд олборлолтын орлогоосоо хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд хөрөнгө оруулалт хийж Монгол Улсын эрдэнэсийн санд шинээр нөөц бүртгүүлэх арвижуулах, валютын эх үүсвэрийг өөрсдийн хөрөнгөөр бий болгох, үүнийг дагаад хөрөнгө оруулалт босгох гэх мэт бодит ажлуудыг шат дараатайгаар хийдэг. Гэвч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сүүлийн хэдэн жилд олгохыг хумиснаар алт олборлох үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ирээдүй бүрхэг болсон.
-“Урт нэртэй хууль”-ийн өөрчлөлт орсон нөөц нь тогтоогдсон талбайнууд байгаа. Энэ талбайн экологийн онцгой горимоор ашиглах нөхцлийг нээж өгөх шаардлагатай байна. Учир нь нэгэнт нөөц нь тогтоогдсон талбайг ашиглах боломжгүй болсноор зөвшөөрөлгүй алт олборлогч иргэд буюу нинжа нар орох тохиолдолд цөөнгүй байна.
-Мөн алтны шороон ордын тогтоогдсон нөөц 50 тонн орчим байгаа гэдэг мэдээллийг мэргэжлийн байгууллага, холбогдох яамнаас мэдээлж байна. Энэхүү нөөц нь одоогийн олборлолтын хэмжээгээр тооцвол 2 жилийн нөөц гэсэн юм. Засгийн газраас алт тушаалтын хэмжээг жилд 25 тонн болгохоор ажиллаж байгаа тул улсаас холбогдох санхүүжилтийг шийдвэрлэж алтны тогтоогдсон нөөцийн хэмжээг жилд 50 тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлж ажиллах шаардлагатай. Хэрвээ нөөц өсгөх асуудалд онцгой анхаарахгүй бол алтны салбар хүнд байдалд орох эрсдэлтэй нүүр тулж байна. Нөгөөтэйгүүр алтны үнэ өссөн тул алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагууд олборлох тооцоогоо шинэчлэн бодож илүү гүнд хайгуул, олборлолт хийх замаар дор бүрнээ нөөцийн хэмжээг өсгөх бодлого баримтлах хэрэгтэй байна.
-Алтны салбарт өмнө нь нинжа гэдэг асуудал яригддаг байсан бол үед нөхөрлөл, бичил уурхай гэх мэт нэр томъёонууд хэрэглэх болсон. Алтны салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын дийлэнх нь жижиг дунд үйлдвэрийн ангилалд багтах боломжтой байгууллагууд юм. Улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар алт тушаалтыг нэмэгдүүлж болно.
-Монголбанкны өгч буй мэдээллээр нийт тушаасан алтны 60 гаруй хувийг хувь хүн тушааж байна гэсэн мэдээлэл байдаг. Гэвч татварын бодлого буруу байгаа учраас аж ахуйн нэгж, байгууллагууд алтыг хувь хүний нэр дээр тушаах асуудал байна.
-Алт олборлогч байгууллагууд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлыг гаргахгүйгээр үр ашгаа дээшлүүлэх гэж битгий оролд. Зарим нэг байгууллагуудын алдаатай үйл ажиллагаанаас болоод салбарт ажиллаж байгаа байгууллагууд, цаашилбал салбарын нэр хүнд унах тохиолдол гарч байна.
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг баталгааны нэг элемент алт бөгөөд алтны орд бус алт нь өөрөө стратегийн ашигт малтмал юм. Алтны салбарын эсрэг явагдаж буй популист үйл ажиллагааны эсрэг тодорхой ажлууд авч хэрэгжүүлэх шаардлага байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
Тодотгоход, алтны салбараас эдийн засагтаа нааж болох үр ашгийг том зургаар харж, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарахдаа, төр хувийн хэвшлийн эрх ашгийг зөв эрэмбэлэх шаардлага байгаа юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
NEGDMEL bodlogo, Bodlogondoo bat baih, ULS, EH ORNOO geh setgel ugui deer hen durtai ni husseneeree manai ulsturchdiig samrah yum daa...