Хувьцаат компаниуд ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ энэ сарын 19-ний дотор гаргана гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн. Тодруулбал, энэ сарын 19-ний дотор хувьцаат компаниудын ТУЗ ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргаж баталгаажуулах учиртай. Улмаар ирэх сарын 21-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлыг /ХЭХ/ хуралдуулах тухай шийдвэрээ гаргаж, 24-ний дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэнэ. Ингээд гуравдугаар сарын 26-ны дотор ХЭХ-ын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувьцаа эзэмшигчдэд зарлаж, 31-ний дотор үнэт цаасны компани (ҮЦК)-уудад хүргэх журамтай. ХЭХ хуралдуулах тухай энэхүү зарыг дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх бөгөөд ингэхдээ анхны мэдээлсэн хэлбэр, агуулгыг өөрчлөхгүй гэдгийг СЗХ мэдэгдэж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2019-02-15/ ногдол ашиг тараах шийдвэр гаргаад буй компаниудын мэдээллийг хүргэе.
“ГОВЬ” ХК 5 тэрбум 304 сая төгрөгийн ногдол ашиг тараана
"Говь" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн №2 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 /татварын өмнөх дүн/ төгрөг буюу нийт 5 тэрбум 304 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож гаргах аж. Ногдол ашгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн компанийн байранд бэлэн мөнгөөр эсвэл хувьцаа эзэмшигчийн хүсэлтийн дагуу харилцах дансанд нь шилжүүлэх зэргээр чирэгдэл багатай арга хэлбэрээр саадгүй олгох бөгөөд 2019 оны эцэст ногдол ашгийн үлдэгдэл тооцоог гарган "ҮЦТХТ" ХХК-д байрших хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны хадгаламжийн дансанд шилжүүлэхээр болсон байна.
“БАЯН ТЭЭГ" ХК ногдол ашиг ХУВААРИЛНА
“Баянтээг” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хоёрдугаар сарын 11-ний өдрийн №04 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3958.7 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны зургадугаар сарын 1-ний өдөрт багтаан "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК нэгж хувьцаанд 1 төгрөгийн НОГДОЛ АШИГ тараана
МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй "Монгол базальт" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нийт 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг компанийн мөнгөн урсгалын нөхцөлийг харгалзан 2019 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.
“ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашиг ХУВААРИЛНА
“Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн хуримтлагдсан цэвэр ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн байранд мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна.
ОДООГООР ЭДГЭЭР КОМПАНИУД НОГДОЛ АШИГ ТАРААХ ШИЙДВЭРЭЭ АЛБАН ЁСООР ГАРГААД БАЙНА. ШИЙДВЭР ГАРГАХ ХУГАЦАА ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЭЭД БАЙГАА. БУСАД КОМПАНИУДЫН ШИЙДВЭРИЙГ МЭДЭЭЛЭХ БОЛНО.
Сэтгэгдэл ( 1 )
Бумбат-Алтай компани хаагуур нь явна.