“Биш ээ, эздийг нь. Цаад эзнийг нь...” гэж "Өглөө" кинонд Д.Сүхбаатар уулга алдсанаас хойш 51 жил өнгөрчээ. Их хэлмэгдүүлэлтийг эерүүлэн зөвтгөх мэт энэ өгүүлбэр угтаа энэ киноны гол тайлал бололтой байдаг. Өглөө гэснээс “шинэ өглөө” цэлмэснээс хойш Монголын уул уурхайн салбарт одоо ч жинхэнэ эзэд нь, цаад эзэд нь тодорхойгүй байгаа гэвэл та итгэх үү? Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Ашиг ологч эцсийн өмчлөгчийн тухай төр, хувийн хэвшлийн салбар бүрийн төлөөлөл “Туушин” зочид буудалд /2019.02.27/ уулзаж эздийг зарлах боломж байна уу гэдгийг хэлэлцсэн юм. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад Монгол Улс 2006 оноос элсэх тогтоол гаргаж, 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай хууль баталж байлаа. Ирэх 2020 онд бид уул уурхайн бүх мэдээллийг ил болгож, ашиг орлого бүхий том уурхайн ард хэн байгааг нийтэд ил болгох ёстой. Үндсэндээ бидэнд одоо 12 хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна. Энэ хооронд бид ил тод байдлын тухай хуулиа хоёронтоо өөрчилж, хоёр оронтой тоонд байсан эдийн засгийн өсөлт нэг оронтой тоо руу ороод хоёр ч сонгуулийн нүүрийг үзжээ.
Цаад эздийг нь ...
Ашиг хүртэгч эцсийн өмчлөгч. Товчхондоо бол тухайн уурхайгаас ашгийг нь хүртэж буй жинхэнэ эзэн нь гэж ойлгож болох хэллэг. Уул уурхайн арвин баялагтай улс гүрнүүдэд тухайн орд, лицензийн цаад эзэн, татварын дараах ашгийг нь хүртэж буй өрмийг нь хамж буй хүнээ тодорхой болгож байж хөгжлийн тухай ярьдаг аж. Ялангуяа уул уурхайн салбар нь эдийн засгийн 70-аас дээш хувийг эзэлдэг манайх улсад ашиг хүртэгч эцсийн өмчлөгчөө буюу цаад эзнээ таньж байж авлига, хүнд суртлаас ангижирдаг ажээ.
“Олон улстөрчид асуудаг л даа. Яагаад авлигын индекс өсөхгүй байгаа юм бэ, гэж. Ашиг хүртэгч эцсийн өмчлөгчөө нийтэд ил болгоогүй байгаа учраас л авлигын индекст байр ахиж чадахгүй байгаа юм шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнууд болон түүнтэй адилтгах албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт ашиг хүртэгч эцсийн өмчлөгчөө тодорхой болгох зүйл заалт оруулах ёстой” гэж Транспаренси Интернэшнл-Монгол байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяр ярьсан юм.
Уул уурхайн салбарыг хариуцлагатай, ил тод болгохоо зарласан 2006 оноос хойш байгаа боломж нөөцийнхөө хүрээнд 2000 гаруй компанийн 130 гаруй хүний мэдээллийг нийтэд ил болгожээ. EITIMongolia цахим хуудсаар дамжуулан нийтэд ил болгосон дээрх мэдээлэл нь сайн дурын үндсэн дээр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад хамрагддаг компаниуд аж. Мэдээлэл ил болох нь юунд хэрэгтэй юм бэ? гэж үү. Эдийн засгийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай хууль батлуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, мэдээлэлд ойр байдлаа ашиглан томоохон сангуудын мөнгөнд гар дүрэх зэргээс хамгаалдаг аж. Зарим нэг нь дэндүү танил санагдахгүй байна уу? Тэртээ тэргүй уул уурхайгаасаа дэндүү хараат ямар ч улсад эдийн засгийн давуу байдал нь уул уурхайтай холбоотой байдгийг олон улсын байгууллагын судалгаанууд нотолдог. Хэрэв ашиг хүртэж буй нууц ноёнтонг ил болгож гэмээнэ татвараас бултах, мөнгө угаах гэмт хэргээс хамгаалдаг ажээ.
Зүүлт:
Ашиг хүртэгч эцсийн өмчлөгч нь компани, траст, сан болон тэдгээрээс олох орлогыг эцсийн бүлэгт эзэмшдэг, хянаж удирддаг эсхүлашиг хүртдэг бие хүнийг хэлнэ.
Хугацаа ойртсоор...
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал санаачилгад 13 жилийн өмнө нэгдэхдээ 2020 он гэхэд уул уурхайн үйлдвэрлэлийн бүх мэдээллийг ил болгох, ялангуяа ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийн мэдээллийг нийтэд ил болгох үүрэг хүлээсэн. Тогттсон хугацаа нь 2020 оны нэгдүгээр сар 01. Бид энэ өдрөөс хойш Асгат, Салхит, Төмөртэй хэнийх вэ гэж хуйхаа маажиж, хэн нэгэн улстөрч рүү шидэхээ болино гэсэн үг. Олон арван маргааны эцсийн учиг тайлагдаж, ил тод, хариуцлага гээч юм эхлэх учиртай ч өнөөг болтол хойрго хандсаар өнөөг хүрчээ. Ямар ч байсан бид хуулиа арав гаруй жилийн өмнө баталсан ч УИХ, Засгийн газрын хэмжээнд хүч хаяхгүй бол болохгүй гэдгийг олон улсын байгууллагуудын төлөөлөл хэлж байна.
“Хэдийгээр олон улсын томоохон байгууллагууд хамтран энэ ажлыг хэрэгжүүлж байгаа ч УИХ, Засгийн газар гээд төр анхаарахгүй бол болохгүй байгааг анхаарах ёстой. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтад хамруулах зайлшгүй шаардлагатай байгаа” гэж Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа ярьсан юм.
Ил тод байдлыг хангахын тулд холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, холбогдох бусад хууль батлах, шүгэл үлээгч болон сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах зэрэг нь тулгамдсан асуудал болж буй. Бүр тодорхой яривал тусгай зөвшөөрөл олгох процесст давуу тал олж авахын тулд төрийн албан хаагчдад төлбөр төлөх, санал болгохыг гэмт хэрэгт тооцох. Уул уурхайн салбарын яам, агентлагт ажиллаж буй өндөр тушаалын албан хаагчийг ээн төрлийн бизнестэй байхыг хориглох зэрэг заалтаар зохицуулах нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх нэг гаргалгаа ажээ.
Жич: Монгол Улсад ашиглалтын болон хайгуулын 3447 тусгай зөвшөөрөл 2139 компанид ногдож байна. Өнгөрсөн хугацаанд 133 хувь хүн, аж ахуйн нэгжийн мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдэж нээлттэй болжээ.
Тэд ингэж өөрчлөгдсөн
Олон улсад бүх муу муухайн жишээ байсаар ирсэн африкийн улс орнууд биднээс түрүүнд цаад эздийг нь ил болгоод амжжээ. Сьерра Леон, Гвиней, Бүгд найрамдах ардчилсан Конго зэрэг улсуудад томоохон ордуудын мэдээлэл, ашиг хүртэгч эздийнх нь нэрсийг ил болгон нэгдсэн цахим хуудаснаа байршуулсан байна. Давуу байдал олж авсан байх магадлалтай 30 гаруй компани шалгалт явуулж, 50 хувь нь давуу байдал олж авсан гэх үндэслэлээр төрийн мэдэлд авч, буцаагаад нээлттэй тендерээр гүйцэтгэх компанийг сонгодог зарчимтай болсон байна. Дайн самууны хөлд дарагдан их гүрний бодлогын золиос болсон Украин улс ч уул уурхай, хүнд үйлдвэрийн томоохон компаниудын мэдээллийг цахим орчинд эх хэл дээрээ байршуулсан нь олон нийтийн талархлыг хүлээжээ.
Дээр дурдагдсан улсууд өнгөрсөн сүүлийн гурван жилд ингэж өөрчлөгджээ. Араас нь бидэнтэй хамт өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтсан Украин, Ботсвана улс ч дээрх замналаар замнан уул уурхай, хүнд үйлдвэрийн бүх компанийн мэдээллийг ил болгохоор ажиллан, энэ оны сүүл гэхэд нэгдсэн дата бааз бүхий сервертэй болохоо зарлаад байна.
Олон улсын томоохон байгууллагуудаас өнгөрсөн хугацаанд Монгол Улс санаачилгатай ажилласныг магтаж буй ч бодит ажил болгох, ил тод болгон нийтэд мэдээлэх тал дээр хойрго хандаж байгааг шүүмжилж буй. Жил гаруйн дараа бүх мэдээлэл ил тод болох ёстой байтал үүйг хуульд заах нь бүү хэл, төрийн байгууллагуудын уялдаа холбоо чөдөр тушаа болж байсныг чуулганд оролцогчдын өмнөөс уншигч танд дайя...
Сэтгэгдэл ( 3 )
эздийг нь заралж орхи бие биеээ хардаж байх гэж яршиг юугын нь нуудаг юм бэ ? улсын нууц биш биздээ улсын нууцаа ил гаргахад инээдтэй луйвар байна лээш дээ
30 ger bly l geed baih um, tegeed neriig ni jagsaagaad taviach dee zuragtai ni...
30 н гэр бүл л байгаа даа