#BOOKTELLER: Ц.Гончигийн "Дээврээс дуслах хавар" номоос онцлох 5 шүлэг

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

"Ахуй амьдралын ааг зоог явдалуудын хөврөл дунд сэвсхийх зууртаа л сэтгэл цэнгэгшүүлэх салхин мэт ганц шад ч болов олж унших нь хичнээн их зол вэ?" хэмээн Ц.Гончигийн "Дээврээс дуслах хавар" яруу найргийн номын өмнөтгөлд бичээстэй харагдана.

Анх Ц.Гончигийн шүлгүүдийг уншихад яг л гэнэн хонгор, дэврүүн арваннаймтай охины шүлэг шиг санагдсан. Эмэгтэй хүний л мэдэрч чадна гэж хэлмээр эсвэл эмэгтэй хүн л ингэж илэрхийлж чадна гэмээр мөр шадууд нимгэхэн номон дунд өчнөөн олноороо буйд нь сэтгэл баясна.

Хавар хүн бүрт хачин уйтгартай, ямар ч утгагүй тэгсэн хэрнээ тийм гэхийн аргагүй баяр хөөрийг мэдрүүлдэг улирал. Нар хүртэл дулаахан төөнөөд л, сэтгэл гэгэлзээд л ийм өдрүүдэд яг нар шиг, салхи шиг, гуниг дүүрэн, хайр дүүрэн шүлгүүд унших нь л хамгийн их зол жаргал юм. 

Та бүхэнд Ц.Гончигийн 2013 онд эмхэтгэн гаргасан "Дээврээс дуслах хавар" яруу найргийн түүврээс онцлох 5 шүлгийг хүргэе.


 

***

 

Чиний хотоос

Намрыг үүрээд буцаж явна

Цээжнээ навчис сэрчигнээд

Нүднээ шувууд алсраад л...

Цэв цэнхэр тэнгэр,

Урт шар нар,

Сүүлчийн борооны дуслууд

Цувны халаасанд шаргиад

Цугтаа буцаж явна...

Өглөө босоод цонхон дээрээсээ

Үлдээсэн захиаг минь уншаарай.

Гар тээшээрээ

Дүүрэн дурсамжтай

Гарч явна даа, чиний хотоос...

 

***

 

Уулзвараас бид салсан

Уулзварыг хэн

Уулзвар гэж нэрлээ вэ?

Утгагүй нэр...

Уг нь эсрэгээрээ л баймаар

Уулзварыг тэгээд юу гэж нэрлэх вэ?

Улаан гэрэл нь ядахнаа

Удаан асдаг бол...

 

***

 

Гутал тослоочийн

Гуйсан харцыг гишиглэн

Гудамжаар хүмүүс инээлдэн алхана.

Гунигтай л юм,

Цонхоор ширтэнгээ

Цай уух...

 

***

 

Уйлмаар, гунимаар

Уйтгартай байна, нэрийг чинь мартмаар...

Унах навчис нүдийг минь бүрхээд

Улбар шар өнгө надад зохихгүй байна

Улаан дарсанд биш жүржинд согтдогийг чинь

Уусмал энэ өнгөнд тэгтлээ яагаад дурладгийг чинь

Намарт, навчсын үхэлд хичнээн дуртайг чинь

Намайг яаж мартаж чадсаныг асуумаар байна

Нугар, ангир, цэн тогорууд цөм чиний адил

Нууцаар намайг нээсээр байна

Нүүх үүлс, хэрмэл салхи, эзгүй цөөрөм

Нүүр буруулахад огт намайг танихгүй байна

Сэтгэлдээ би хуруугаа дүрж

Сэржим өргөөд шувуудыг үдсээр байна

Бүгдийг ор тас мартаад яг чам шиг

Бүүр холын жим дагаад нисмээр байна...

 

***

 

Тэнгэрийг бүүвэйлэх

Өвлийн ой шиг

Нам гүм байнам.

Тэнд, энд гишүү хугарч

Туулай дэгдэхэд үнэгчлээд

Тэнгэрийг бүүвэйлсэн

Өвлийн ой мэт

Нам гүмхэн зүүдэлнэм.

Мөрөөдөж олсон энэ ойдоо

Морин жим дагаад

Мододоос сэмрэх цасыг

Мөрөн дээрээ тээгээд

Нам гүмхэн алхнам.

Өнөөдөр, маргааш тэгээд

Өнө мөнхөд

Өвлийн ой мэт

Нам гүмхэн алхнам.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top