Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлж, энэ долоо хоногт /2019.03.02/ эх орондоо ирсэн билээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн танд баяр хүргэе. Дэлхийн аварга болчихоод эх орондоо ирэх тэр мэдрэмжээ хуваалцахгүй юу?
-Дэлгэр сайхан монголдоо дэлхийн аварга хэмээх эрхэм шагналтай ирлээ. Сэтгэл тэнүүн сайхан байна. Намайг дэлхийн аварга болоход уухайлан дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Төр, түмний минь өндөр их буян заяа түшлээ. Намайг эхний алтан медалиа авсан тэр мөчөөс эх оронд минь “Ахмад тамирчин Ц.Раднаа дэлхийн рекордыг эвдлээ” гэсэн мэдээлэл гарч, ард түмэн минь намайг үнэхээр их дэмжиж байсныг хараад үнэхээр их урам орсон. Хүн сэтгэлийн амьтан юм хойно ард түмнийхээ итгэлийг алдахгүй байх итгэл урам болж ирсэн. Энэ удаагийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчин оролцож, өрсөлдлөө. Миний хувьд өөрийн насны ангилалдаа дэлхийн рекордыг эвдэж чадсандаа баяртай байна. Миний энэ амжилтыг хөхиүлэн дэмжиж урмын үг хайрласан ард түмнийхээ халуун сэтгэлийг мэдрээд үнэхээр сайхан байгаагаа нуугаад яахав. Ард түмний минь илч сэтгэл надад их дэм болсон гэдгийг дахин дахин онцолмоор байна.
-Манай улсаас Мастеруудын дэлхийн аваргад хэдэн тамирчин оролцсон бэ?
-Монгол Улсынхаа нэрийн өмнөөс 14 тамирчин оролцож дэлхийн шилдгүүдтэй хүч үзлээ. Манай багийн тамирчин болох 83 настай Цэрэндолгор маань нэг алт, гурван хүрэл медаль хүртлээ. Ийм их хүндлэл дунд гэнэт ороод ирэхээр ярья гэж бодож байсан зүйлсээ мартаад байна шүү, миний хүү.
-Та өмнө нь маш олон уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж байсан байна лээ. Сэтгэлд хоногшсон тэмцээн нь юу байв?
-Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Япон улсад зохиогдсон олон улсын тэмцээнд гүйлтийн 200 метрийн төрөлд оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Тэр тэмцээнд маань намайг ялж аваргалсан тамирчнаа дэлхийн аваргад ялж алтан медалийн тавцанд зогслоо. Би чинь тэр тэмцээнд явахдаа нилээн бэртэлтэй байсан юм. Тамирчин хүний зан юм уу эсвэл ерөөсөө хүн бүрийн зан байдаг юм уу ялагдсан тамирчнаа сая ялаад сэтгэл их амарлаа. Дэлхийн аварга хүнийг ялж аварга боллоо.
-Таны оролцох дараагийн тэмцээн хаана вэ. Аварга хүнд явах газар, орох тэмцээн олон байгаа байх?
-Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг-д болох байх. Мөн Австрали улсад олон улсын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Ирэх онд Канад улсад томоохон тэмцээн болно. Одоогоор эдгээр тэмцээнд оролцох ойрын төлөвлөгөө гаргаад байна.
-Та хэдэн жил хөнгөн атлетикаар хичээллэж байгаа вэ?
-Би 30 орчим жил хөнгөн атлетикаар хичээллэсэн. Хүүхэд байхдаа хаашаа ч явсан гүйж л явдаг байлаа. 1966 онд Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын ангийг төгсөөд биеийн тамирын багш дасгалжуулагч болсон. Сүүлд мэргэжлийн тамирчин болоод улсын чанартай уралдаан тэмцээнд их оролцдог байлаа.
-Та ханьтайгаа амьдраад 10 хүүхэд төрүүлж өсгөжээ. Хүүхдүүд дундаас тань спортын хүн бий юу?
-Байлгүй яахав. Манай том хүү Украйны Биеийн тамирын дээд сургууль төгссөн Усан спортын мастер цолтой. Бусад хүүхдүүд маань хөнгөн атлетикийн 1, 2, 3 дугаар зэрэгтэй. Ер нь спортоос хол хүн байхгүй дээ.
-Та яагаад спортын олон төрлөөс хөнгөн атлетикаар түлхүү хичээллэсэн юм бэ?
-Миний тамирчин болсон түүх их сонин. Би Мал зүйч мэргэжилтэй. 1954 онд Зоотехникум төгсөж байсан юм. Мал зүйч хүн чинь хөдөө орон нутагт ажиллаж таарна биз дээ. Мэргэжлийнхээ дагуу хөдөө хөхөрч, гадаа гандаж ажиллаж байхдаа Спартикиадын 400, 800 метрт гүйж түрүүлээд Спортын мастерын болзлоо хангасан. Тэр цагаас хойш “Мал зүйч гэдэг бол миний хоолоо олж идэх мэргэжил биш юм байна” гэдгийг ойлгоод Багшийн дээд сургуульд орж жинхэнэ спортын түүх эхэлсэн.
-Таныг Спортын мастер цолоо нилээн хожуу авсан гэж сонссон...
-Юуг нь нуухав, үнэн. Болзлыг нь хангачихаад байхад яагаад өгөхгүй байсан шалтгааныг хөөцөлдөж байсангүй. Тэгж байгаад бүр сүүлд олгосон. Миний бодлоор Өмнөговь аймгийн спорт хороо л тодорхойлоогүй байсан байх. Түүнээс хойш би Улаанбаатар хот руу шилжээд ирсэн учраас бас завсардсан байх магадлалтай.
-Таныг улсын хэмжээнд зохион байгуулагдсан бүх уралдаан тэмцээний түрүүг авдаг байсан гэж ярьдаг юм билээ?
-Нэг хэсэг ч тэгсэн шүү. Социализмын үед хөнгөн атлетикийн ХБХБ төрөлд бол олон ч орж байсан юм. Тэр бүртээ түрүүлчихнэ. Тухайн үеийн тэр тэмцээнүүдийн үргэлжлэл чинь л миний орсон олон улсын тэмцээн юм байна лээ. Дунд насныхан бүгд л ордог энэ тэмцээнд 35-аас дээш хэдэн ч настай хүн орохыг зөвшөөрдөг. Тэмцээний насны ангилал бол тав таван насаар нь ангилчихдаг юм.
-Польш улсад зохиогдсон тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь хэдэн настай оролцогч байв?
-Хамгийн ахмад нь АНУ-ын иргэн 90 настай нэг хөгшин байсан.
-Өнгөрсөн амралтын өдөр Монгол Улс даяараа л таны амжилтаар бахархаж өнжлөө...
-Тэмцээнд хамт явсан манай тамирчид сошиал орчин, мэдээллийн сувгуудаар цацагдаж байгаа мэдээллийг цаг алдалгүй авч байсан учраас надад тухай бүрт нь хэлж байлаа. Анх 2008 онд Монгол Улс олимпын аваргатай болчихоод жанжин Сүхбаатарынхаа талбайд цуглаж ямар их баярлаж хөөрч байлаа даа. Түүн шиг л юм болж байгаа юм байна гэж бодож байсан шүү. Би өөрийгөө 85 насандаа ингэж ард түмнийгээ баярлуулна гэж бодож байсангүй. Сая дэлхийн аварга болчихоод залуудаа гаргаагүй амжилтаа хөгширсөн хойноо гаргадаг юм байна гэж бодож суулаа.
-Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх орохдоо ямар амжилт үзүүлнэ гэж бодож байв?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улсад зохион байгуулагдсан тэмцээнд оролцож тус улсын тамирчин, дэлхийн аварга хүнд ялагдаж мөнгөн медаль авч байсан. Тиймээс тэр хүний амжилтыг л эвдэх зорилго өвөртөлж очсон. Ер нь тамирчин хүн аливаа тэмцээнд орохдоо ялахын төлөө, оргилд нь гарах мөрөөдлийг нууцхан тээж явдаг. Тиймээс алтан медаль авчих боломж байгаа гэж өөрийгөө хурцалсан. Тэгээд л үр дүнд нь аваргыг ялж аварга боллоо. Сайхан байна.
-Манай тамирчид олон улсын тэмцээн уралдаанд явахад нэг тулгардаг бэрхшээл бол цагийн зөрүүний асуудал байдаг. Танд цагийн зөрүү хэрхэн нөлөөлсөн бэ?
-Цагийн зөрүүнээс болж хүний биед өөрчлөлт ордог юм байна лээ. Өглөө болгон дасгал хөдөлгөөн хийхгүй бол бие хүндрээд байх шиг санагдсан. Харийн нутаг л юм чинь хүнийх шүү дээ. Тамирчин хүний сэтгэл санаа сэргэх, гутрахдаа хамгийн хурдан байдаг нь нөлөөлдөг байх.
-Таны амжилтыг хараад залуус бид өөрийгөө голох шиг болж байна. Ер нь спортоор хичээллэхийн ач тусын талаар хойч үедээ захих зүйл юу байна вэ?
-Залуу хүмүүс биеэ эрүүл байлгаж аливаа өвчин тусахгүйн тулд нэгдүгээрт, архи хэрэглэхгүй байх, хоёрдугаарт, тамхи татахгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт өөрийн биеэ өөрөө дээш нь татаж байх нь чухал. Түүнээс гадна заавал аль нэг спортын тамирчин болохгүй ч гэсэн дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэх нь эрүүл байхын хамгийн чухал үндэс. Ямар ч шаардлагагүй их унтах ер нь биед их л тусгүй байдаг шүү.
-Аливаа тэмцээн уралдаанд явахад зардлын асуудал манай тамирчидад хүндрэл учруулдаг. Та үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Улсаас ямар нэг тусламж дэмжлэг үзүүлдэг үү?
-Гадаад улс руу тэмцээнд явахад зайлшгүй мөнгөний хэрэгцээ гардаг. Ер нь тамирчин хүн бэлтгэлээ хором мөч бүхэнд л хийж байх нь хамгаас чухал. Амжилтын үндэс учраас зардал мөнгөө хайгаад явах чөлөө ч байхгүй. Би хаашаа ч явсан төрөөс ямар нэг дэмжлэг хүсэж байгаагүй. Өөрийн үр хүүхэд, ах дүү нарынхаа дэмжлэгээр л санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ базаадаг. Энэ нь ч тэдний минь надад барьж байгаа хамгийн том бэлэг гэж ойлгодог доо.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 1 )
ҮНЭН. ШААРДЛАГАГҮЙ ҮЕД УНТАХ МУУ. ЭНЭ БҮДҮҮН ТАРГАН ХҮҮХНҮҮД АНХААРУУШТАЙ.