Монголын нүүрс биш шар нунтаг гуравдагч зах зээлд түрүүлж очих уу?

2019 оны 04 сарын 24

Хойд хөршийн Сочи хотноо “Цөмийн технологийг сайн сайхан амьдралын төлөө хөгжүүлэх нь” уриатай “Атомэкспо 2019” чуулган энэ сарын дундуур болж, дэлхийн дал гаруй улс орны төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Манай улсаас Цөмийн энергийн комисс, АШУҮИС-ийн төлөөлөгчид оролцсон юм. Дэлхийн улс орнууд нүүрстөрөгч үл ялгаруулах эрчим хүчний шийдэлд илүүтэй анхаарал хандуулж буй энэ цаг үед цөмийн эрчим хүчний тухай сэдэв анхаарлын төвд байгаа. Тэрчлэн ураны орд газруудыг хэрхэн яаж экологийн хувьд эрсдэлгүйгээр эдийн засгийн хувьд үр ашигтайгаар ашиглах вэ гэдэг асуудал яригдаж буй. Ашиглаж чадвал ач холбогдол нь үлэмж их ураны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хууль эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол ураны салбараа хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын суурь туршлага. Тэд Олон улсын атомын энергийн агентлагаас гаргадаг заавар зөвлөмжийг биелүүлэх үүрэг хүлээдэг.

Тэгвэл манай улс ураны салбар дахь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр хангалттай сайн ажиллаж байгаа гэж “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадрал хоёр жилийн өмнө ярьж байв. “Мон-Атом” бол манай улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологийн эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэж, нөөцийг тогтоох, ашиглах олборлох болон гадаад дотоодын хамтарсан төслүүдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ҮҮРЭГ хүлээсэн компани. Тиймээс ч ураны талаар дуугарсан эдний байр суурийг бат ноттой түвшинд хүлээж авч болох юм. “Мон-Атом” компани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны гуравтай нь Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Чех, Хятад, Францын компаниудтай хамтарсан төслүүдийг эхлүүлсэн. Ураныг түүхий байдлаар буюу шар нунтгийн түвшинд ашиглах боломж ойрхон бий.Тэгвэл одоогийн нөхцөл байдалд ураны салбарын хөгжил ямархуу дүр зурагтай байгааг сонирхож үзье.

Шар нунтгийн чимээ

Таван жилийн өмнө “Мон-Атом” компани Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорацитай хамтарсан компани байгуулахаар хувьцаа эзэмшигчдийн гэрээ үзэглэж байв. Тэгвэл Францын төрийн өмчит “Орано” группийн Тэргүүн гүйцэтгэх захирал Николас Мас тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй уулзсан юм. Манай улсад тус групп “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК болон Монгол – Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-иар дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийн хувьд манай улсын стратегийн чухал ач холбогдолтой, хоёр орны хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлж байгаа гэсэн байр суурийг “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс илэрхийлж буй. Цаашид талууд нарийвчилсан судалгааны ажил, бүтээн байгуулалт зэрэгт анхаарахаар ярилцаад байна.

Тодотгоход, “Арева Монгол” ХХК геологи хайгуулын салбар болох “Кожеговь” компаниар дамжуулан Монгол Улсад 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2011 онд 6260 тонн нөөцтэй ураны Дулаан-Уул ордыг, 2013 онд 54 640 тонн тооцоолсон нөөцтэй Зөөвч-Овоо ордыг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс стратегийн ач холбогдол бүхий нөөцөд бүртгэсэн. Ингэснээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх эхний арван нэгэн орны тоонд багтсан байдаг. “Кожеговь” компани Зөөвч-Овоо ураны ордыг нээн илрүүлжээ. “Кожеговь” компани говийн бүсийн тунамал хурдас бүхий хотгоруудад 400,782 га талбайг хамарсан 14 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж. Тодруулбал, Сайншандын хотгорт хайгуулын гурван тусгай зөвшөөрөл, Дарьгангын хотгорт 11 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Мөн тус компани Дарьгангын хотгорт шинэ бүсүүдэд хайгуул хийж байгаа гэх мэдээлэл бий.

Дорноговь аймаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордууд нөөцөөрөө дэлхийн 10 том ордуудын жагсаалтад зүй ёсоор бичигддэг. Засгийн газар 2015 онд “Арева”-гийн охин компани “Кожеговь”-д ашиглалтын лиценз олгосон байдаг. Төрийн энэ шийдвэр ураны салбарыг урагшлуулах ач холбогдолтойг албаныхан тодотгодог. “Арева” компанийн хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо пилот үйлдвэр­лэлийн туршилт амжилттай явагдаж байгаа аж.

Манай улсын хэмжээнд ураны 11 орд бүртгэгдсэн. Тэдгээр ордыг ашиглах чиглэлээр Орос, Хятад, Чех, Франц, Япон, Канад зэрэг улс орнуудтай ямар нэг байдлаар хамтын ажиллагаа эхлүүлсэн байдаг. Зарим нь үргэлжилж буй бол олигтой урагшлаагүй дүр зурагтай нь ч бий. Тэгвэл Чех улстай хамтран ажиллахаар долоон жилийн өмнө тохиролцсон тохироо ямар ахицтай байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя. Монгол, Чехийн хамтарсан "Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг 2015 онд албан ёсоор байгуулсан юм. “Мон-Атом” болон Канадын “Денисон Майнс”-ын хувь нийлүүлсэн “Гурвансайхан” компанийг “Ураниум индастри” худалдан авсан байдаг. Улмаар “Мон-Атом” компанитай шинээр хамтарсан компани байгуулж байв. Хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоосон ордын 51-ээс доошгүй хувийг төр эзэмших, хувийн хэвшил нөөцийг тогтоосон бол 34-өөс доошгүй хувийг эзэмшинэ гэсэн заалттай. Энэ зарчим "Мон-Чех Ураниум” ХХК-д мөрдөгдөх учиртай. Өнгөрсөн жилүүдэд хайгуулын үйл ажиллагаа явагдсан. Засгийн газар 51 хувийг нь эзэмшиж буй. Чех бол ураны салбарт туршлага арвин. Тиймээс ч том уурхайг ураны салбарт нээх зорилттой хамтарсан компани байгуулжээ. Чехийн тал геологи хайгуулын зардлыг 100 хувь хариуцахаар тохирсон байдаг. Өнөөдрийн тухайд үйл ажиллагааны том ахиц бол харагдаагүй байна.

Өөр бусад улс орнуудын хамтарсан төслийн тухайд Хятадын CNNC компанитай Гурванбулагийн ордын төслийг манай тал хамтран хэрэгжүүлж байгаа. Гурванбулагийн ордыг 2004 онд Канадын “Western Prospector” компани эзэмшиж байв. Харин Хятадын төрийн өмчит “CNNC” компани “Western Prospector”-ыг 2009 онд худалдаж авснаар, орд газар тэднийх болсон түүхтэй. 10-15 мянган тонны нөөц анх яригдаж байсан өдгөө энэ хэмжээ өссөн гэх мэдээлэл бий. “CNNC” компани төслийн байгаль орчны үнэлгээ, техникийн судалгаа, барилгын зураг төслийн ажлыг хэдийнэ гүйцэтгэчихсэн байх ёстой.

Дэлхийд дээгүүрт гишгэх нөөц

Манай улсын тухайд 140 мянга гаруй тонн ураны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталж, Олон улсын атомын энергийн агентлаг дээр бүртгэсэн байдаг. Энэ бол Монгол Улс дэлхийн 200 гаруй улсаас эхний 10-т бичигдэх хэмжээний нөөц. Дахин нэмэгдэх боломж бийг мэргэжилтнүүд хэлдэг. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухайд эргэлзсэн хандлага нийгмийн зүгээс үе үе давалгаалдаг болохыг хэлэх нь зөв байх. Ямартай ч Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт ураны салбарыг эргэлтэд оруулах, шар нунтаг олборлох тухай зорилт бий. Тэгвэл шар нунтгийн зах зээл хаана байгаа вэ гэдэгт анхаарч харахад эргэлзээгүй гуравдагч зах зээлд хамаарах орнууд нэрлэгдэнэ. Харин тийшээ хүрэх зам нь Алс дорнодын “Восточный” боомт, Хар тэнгисийн эрэг дээрх Тамань боомт байж болохыг үгүйсгэх аргагүй.Тавантолгойн ордоос 5279 км-т байрлах “Восточный” болон найман мянган км-т байрлах Тамань руу Монголын нүүрс гэхээсээ ШАР НУНТАГ хүрэх магадлал илүү өндөр харагдаж буй юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.126.89.174) 2019 оны 04 сарын 24

orchin uye-iin ayulgui uildveriig tehnologi toi ni oruulj ireed olborlovol yu ni bolohgui gej. hamgiin gol ni ayulgui l baigalid eeltei nogoon tehnologi baih yosotoi

1  |  0
Иргэн(122.201.17.118) 2019 оны 04 сарын 24

Зарим мэдээлэл хуучин худлаа бна шүү сайн судлаж байж бичих хэрэгтэй. Жишээ нь Кожеговь одоогоор Сүхбаатарт 1, Дорногвьд 3 хайгуулын лицензтэй байгаа. Төр засаг ураны бодлогын тал дээр олигтой дэмжлэг үзүүлэхгүй ажлуудыг гацаасан байдалтай байгаа

2  |  0
Top