Улаанбаатарчууд 2018 онд жилийн 365 хоногийн 322-т нь бохирдолтой агаараар амьсгалжээ

2019 оны 05 сарын 08

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд" чуулган өнөөдөр /2019.05.08/ болж байна. Төр, төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл "Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвээр хэлэлцэж байгаа юм.

Манай улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотуудын нэг болсон. Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-ийн өдрийн дундаж хэмжээ 687 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас даруй 25 дахин их болсноос гадна зарим аймгийн төвд ч агаарын бохирдол сэтгэл түгшээсэн түвшинд хүрчихээд байна.

Үндэсний статистикийн хорооноос  гаргасан “Улаанбаатар хотын гадаад орчны бохирдол ба эрүүл мэнд  2019” эмхэтгэлээс үзэхэд Улаанбаатар хотод 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол хүйтний улиралд буюу  1-3 дугаар сарын хооронд хамгийн өндөр байдаг байна. 2017 онд хийсэн НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хамтарсан “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны тайланд нийслэлд хатгалгаа өвчнөөр нас барж буй таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байна гэж дүгнэжээ. Улаанбаатарт ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд тусгажээ.

  • Мөн агаарын бохирдол нь эхийн хэвлий дэх ургийн уушги, амьсгалын замын тогтолцоо, тархины хөгжилд нөлөөлж, өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, дутуу болон жин багатай төрөх, төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг дагуулдаг болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ.
  • Түүнчлэн хүүхдүүд бронхит, астма зэрэг өвчнөөр өвдөж, хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжийг алдах эрсдэлд ордог болохыг сүүлийн үед хийгдсэн олон улсын судалгаанууд нотолж байна.
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл 2.7 дахин нэмэгдсэн зэрэг олон тоо баримтууд нь агаарын бохирдлоос учирч буй эрсдэл, хохирлын хэмжээг хэрхэн яаж багасгах вэ гэдэг асуултыг дагуулсаар байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд нь дунд болон урт хугацааг илүү онилж, эрчим хүч, дэд бүтцийн салбарт төвлөрч, байгальд ээлтэй техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд голчлон анхаарч буйг төрийн бус байгууллагуудын зүгээс тодотгож байна. Эдгээр нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх хэдий ч үр дүнд хүртлээ наад зах нь 5-10 жил шаардагдана. Тэгвэл энэ хугацаанд иргэд эрүүл мэнд, эд материалын асар их хохирлыг үзсээр байх уу гэдэг асуудлыг ярих ёстой. Хохирлыг хэрхэн яаж багасгах вэ гэдэг нь чухал асуудал юм. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эрсдэлээс цаг алдалгүй хамгаалах бодлого орхигдсоноос эрүүл мэндийн үйлчилгээнд томоохон ачаалал ирж буйг мөн ярьж байна.

2018 оны хувьд жилийн 365 хоногийн 322 хоногт нь иргэд  бохирдолтой агаараар амьсгалсан гэсэн анхаарал татсан статистикийг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт Сангийн сайд Х.Булгантуяа  агаарын бохирдлыг багасгахад зарцуулагдаж буй төрийн санхүүжилтийн талаар санал бодлоо хуваалцсан бол “Нутгийн шийдэл” ТББ-ын төлөөлөл Б.Дашням хэлэхдээ “Улаанбаатар гэдэг хар нүхэнд бид амьдарч байна. Системтэйгээр, тууштайгаар ажиллахгүйгээр энэ өөрчлөгдөхгүй. Үүний зэрэгцээ иргэний нийгмийнхэн нь төрийн авч буй санхүүжилтүүд зохих ёсны дагуу зарцуулагдаж буй эсэхийг хянах шаардлагатай байна гэлээ.

Чуулган үргэлжилж байна.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.23.210) 2019 оны 05 сарын 08

Хавартаа ядаж хэдэн модоо бүү тайраач ээ. Өтгөн ногоон мод зуны улиралд тоос шороо дарахад хэрэгтэй.

0  |  0
Top