Утаа ойрын таваас арван жилд шийдэгдэхгүй ТОМ асуудал гэх хандлага “Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд" чуулганы хэлэлцүүлгийн үеэр ноёлж байсныг тодотгоё. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд дунд болон урт хугацааг илүү онилж эрчим хүч, дэд бүтцийн салбарт төвлөрч буйгийн нөгөө талд эрүүл агаараар амьсгалах хүлээлттэй иргэд эрүүл мэндийн хохирлыг хэдий хугацааны туршид бие махбодиороо мэдрэх вэ гэдэг асуулт яригдах ёстой.
МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган энэ жил “Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж байна. Төр, төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл чуулж байгаа юм.
Нийслэлд хатгалгаа өвчнөөр нас барж буй таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд
Манай улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотуудын нэг болсон. Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-ийн өдрийн дундаж хэмжээ 687 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас даруй 25 дахин их болсноос гадна зарим аймгийн төвд ч агаарын бохирдол сэтгэл түгшээсэн түвшинд хүрчихээд байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Улаанбаатар хотын гадаад орчны бохирдол ба эрүүл мэнд 2019” эмхэтгэлээс үзэхэд Улаанбаатар хотод 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол хүйтний улиралд буюу 1-3 дугаар сарын хооронд хамгийн өндөр байдаг байна. 2017 онд хийсэн НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хамтарсан “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны тайланд нийслэлд хатгалгаа өвчнөөр нас барж буй таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байна гэж дүгнэжээ. Улаанбаатарт ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд тусгажээ.
Мөн агаарын бохирдол нь эхийн хэвлий дэх ургийн уушги, амьсгалын замын тогтолцоо, тархины хөгжилд нөлөөлж өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, дутуу болон жин багатай төрөх, төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг дагуулдаг болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Түүнчлэн хүүхдүүд бронхит, астма зэрэг өвчнөөр өвдөж, хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжийг алдах эрсдэлд ордог болохыг сүүлийн үед хийгдсэн олон улсын судалгаанууд нотолж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл 2.7 дахин нэмэгдсэн зэрэг олон тоо баримтууд нь агаарын бохирдлоос учирч буй эрсдэл, хохирлын хэмжээг хэрхэн яаж багасгах вэ гэдэг асуултыг дагуулсаар байна.
2018 оны хувьд жилийн 365 хоногийн 322 хоногт нь иргэд бохирдолтой агаараар амьсгалсан гэсэн анхаарал татсан статистикийг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хэлсэн бол “Нутгийн шийдэл” ТББ-ын төлөөлөл Б.Дашням “Улаанбаатар гэдэг хар нүхэнд бид амьдарч байна. Системтэйгээр, тууштайгаар ажиллахгүйгээр энэ өөрчлөгдөхгүй. Үүний зэрэгцээ иргэний нийгмийнхэн нь төрийн авч буй санхүүжилтүүд зохих ёсны дагуу зарцуулагдаж буй эсэхийг хянах шаардлагатай байна” гэсэн юм.
“Иргэдэд туслах хүний эрхийн төв”-ийн тэргүүн С.Дондов агаарын бохирдол Монгол Улсын хөгжлийн өмнө тулгамдаж буй сорилт болоод буйг хэлж байлаа. “Эмэгтэйчүүдийн нүдээр” тулгамдаж буй асуудлуудыг шийдэлтэй нь харахыг чухалчилдаг уг чуулган энэ жил “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан зорилт, шалгуур үзүүлэлтийг хангахад тулгарч буй сорилтуудыг тодруулах, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой бодлого, арга хэмжээ, санхүүжилт нь эх, хүүхдэд учрах нөлөөлөл, эрсдлийг бууруулахад чиглэгдэж байгаа эсэхийг хэлэлцэж, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, агаарын бохирдлыг бууруулах дунд болон урт хугацааны зорилгод хамтдаа анхаарал хандуулахад чиглэж байна. Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдэл, сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай бодлого, стратегийг бий болгох хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцэж, нэн тэргүүнд авах боломжит арга хэмжээнүүд болон бодлогын нөлөөллийн чиглэлийг тодорхойлох зорилготойг зохион байгуулагчид нь хэлж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр сууриас хүргэе.
Breathe Mongolia ТББ-ын Тэргүүн А.Алимаа: 2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд юу ч хийсэнгүй
Бидний үе ингээд өнгөрнө, үр хүүхэд маань цаашид амьдарна. Гэтэл бидний ирээдүй болсон хүүхдүүд хөдөлмөрлөх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болох магадлал жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хамгийн эхэнд тавигдах ёстой. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийг агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн өрөөнд агаар шүүгч тавьсан, төсөл хэрэгжүүлсэн гэж ярьж байна. Том төсөл учраас алдаа дутагдал гарсан байж болно. Захирал нь хүүхдүүдийн өрөөнд биш өөрийнхөө өрөөнд шүүлтүүр тавьчихсан, агаар шүүгчийн фильтерийг нь сольдоггүй гэхчлэн асуудлууд дагаад гарч байна л даа. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургууль дээр очоод агаар шүүгч нь ажиллаж байна уу, хэн хаана байрлуулсан байна вэ гэдгийг хянаж байгаач ээ. Эмнэлгээс гарсан эхчүүдийг хүүхдүүдтэй нь сувилалд амруулж, дархлааг нь сайжруулъя гэдэг асуудал яригдсан ч, фэйсбүүкээр баахан намнаад унагасан. Гэтэл уушгины цулцан нь тэлээгүй нялх хүүхдийг цэвэр агаарт тав хоног гаргахад дахин өвчин тусах магадлал буурдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Тэгэхээр ийм хэрэгтэй зүйлсийг та бүхэн маань дэмжээч ээ. Мөн тэр зуухны янданд шүүлтүүр тавих асуудлыг бас л унагасан. Нэгэнт гарч байгаа утааг шүүх хэрэгтэй байтал Хятадаас юм авах нь гэж шүүмжлээд унагаачихсан. Агаарын бохирдлын хор нөлөөг бууруулах чиглэлд, хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч, шийдэл гаргуулах гэж баахан явсны дараа асуудлыг унагачихдаг. 2018 онд агаарын бохирдлыг бууруулахад юу ч хийсэнгүй.
Сонгинохайрхан дүүргийн иргэн н. Хишгээ: Тэр их мөнгө хаашаа орж байна вэ
Би сая Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонсоод үнэхээр гайхаж байна. Гадаад улс орнуудаас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ямар их тусламж дэмжлэг үзүүлж байна вэ. Тэр их мөнгө хаашаа орж, ямар үр дүн гарч байна вэ. Манайх Сонгинохайрхан дүүрэгт гэр хороололд амьдардаг. Миний том хүүгийн хүүхэд сая гуравдугаар сард төрсөн. Ургийн гажигтай төрсөн. Төр засаг яагаад эх үрсээ хайрлахгүй байна вэ. Тэр их мөнгө төгрөгөө эх үрсийнхээ эрүүл мэндийг хамгаалахад уялдуулж, зарцуулж болдоггүй юм уу. Манай 10 дугаар хороонд гэр хороолол дунд 17 давхар байшин бариад байх юм. Заавал ийм өндөр олон давхар барих шаардлага байхгүй. Дандаа хүүхэд эмэгтэйчүүд настайчууд голцуу амьдарч байгаа газарт яагаад хоёр, хоёр давхар байшин бариад, хурдан шийдэж болдоггүй юм бэ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Орон сууцжуулах гэдэг бол нэг л арга нь
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. 15 орчим хувь нь автомашинаас, 4-5 хувь нь хоёр том цахилгаан станцаас үүдэлтэй гэсэн тооцоолол байдаг юм билээ. Тэгэхээр бид эхлээд хамгийн том эх үүсвэртэйгээ тэмцэе ээ л гэж байгаа юм. Цахилгаан станцуудын тухайд фильтерүүд тавиад шүүгээд явах боломж бололцоо байгаа. Орон сууцжуулах гэдэг бол нэг л арга нь. Орон сууцжуулахгүйгээр шийдье гэх юм бол бүх гэр хорооллын шөнийн тарифийг тэглэлээ гэхэд нэлээн зардалтай байдаг юм билээ. 2019 онд 50, 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн нь эрчим хүчний салбарт зарцуулагдах юм.
2019 оноос иргэд өөрсдийн газраа ипотекийн 8 хувийн зээлийн урьдчилгаанд өгөх боломж бүрдсэн. Өмнө нь тийм байгаагүй. Сайжруулсан түлш, сайн чанарын зуух бол богино хугацааны арга зам.
* * *
Дэлхийн улс орнуудад УТАА бохирдлын гашуун түүх, баримт олон бий. Шийдэж, ангижирч чадсан жишээ ч зөндөө бий. Гэтэл Монголын төрд түмнийг төлөөлж байгаа хүмүүс том бодлого ярьсаар. Утаа бол МӨНГӨ. Хүссэн хүсээгүй энэ тодорхойлолтыг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ. Аудитын байгууллагын дүгнэлт үүнийг гэрчилнэ. Шийдвэр гаргагчид энэ оны төсвийг эцэслэхдээ утаа, бохирдлыг бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн, 147.9 тэрбум төгрөгийг 80 тэрбумаар танаж, 67.9 тэрбум байхаар баталсан билээ. Гамшиг гэдэг үг ч багадахаар хэмжээнд тулсан утааны эсрэг одоо энэ улстөрчид мөнгө харамлах нь утгагүй. Нөхцөл байдал хүссэн хүсээгүй хөрөнгө мөнгө нэхэж байна. Харин ХЯНАЛТ хэрхэн яаж тавигдах вэ. Үр дүнг хэдий хугацаанд шаардах вэ гэдэг асуудлыг хариуцлагатай түвшинд авч үзмээр байгаа шүү дээ. Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлдэг ТББ-ууд нь төрийн байгууллагуудтай тав, арван цаасаар тохиролцдоггүй байхын тулд юуны төлөө яах гэж бид агаарын бохирдлыг бууруулъя гэж хэлж, яриад байна вэ гэдгээ ухамсартайгаар эргэн харах ёстой байна.
Засгийн газрын хуралдаанаар /2018.12.12/ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох шийдвэрийг гаргасан. Төсвийн дэмжлэг хэлбэрээр 60 сая ам.доллар авна. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй гэж байгаа юм. Нэг талаас утааг бууруулах чиглэлд мөнгө орж ирэхээр болж буй нь сайн ч, Монголын төр иргэдийнхээ амьд явах эрхийг ноцтой алдагдуулж буй утааны эсрэг хөрөнгө мөнгө төсөвлөхдөө гар татаж, дараа дараагийн төр засгуудад наалдаж үлдэх ӨР тавих замыг сонгож буй нь шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй. Төсөвт төлөвлөж оруулсан зардлыг нь 50 хол давсан хувиар таначихна. Тэгчихээд олон улсын байгууллагууд хэзээ, хэдийг зээлэх бол гээд горьдоод суух нь үнэндээ утгагүй. Засгийн газар сая тогтож үлдсэнийхээ дараа ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болж нэмэгдүүлэх шийд гаргасан. Энэ нь нааштай мэдээ болж харагдаж буй. Гэхдээ ипотекийн зээлийг хэрхэн яаж ченжийн системээс холдуулах вэ, утааны голомт дахь яндангуудыг цөөлөхөд хэрхэн яаж уялдуулах вэ зэрэг асуудлууд бий. Агаарын бохирдлыг бууруулах хүсэл зориг Монголын төрд байх ёстой болохоос олон улсын байгууллагууд юу хийх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг байж болохгүй. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,733.32 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүний 186.94 тэрбум төгрөг нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж байх юм. Харин энэ мөнгөний 11 хувь нь л орон сууцны санхүүжилтэд зарцуулагдахаар байгаа юм. Уг нь утааг бууруулна гээд өр тавьж зээлж байгаа мөнгөний зарцуулалтыг үндсэн гол шийдэл болох ипотекийн санхүүжилт дээр нэмж шийдвэрлэх хэрэгтэй баймаар. Зөв харж, бодитой л алхмууд хийхгүй бол Монголын ирээдүй бүтэн мэт үзэгдэх ч, зэрэмдэг хүмүүсээр дүүрэх нь.
Сэтгэгдэл ( 0 )