“Сарлагийн хөөвөр, торомны ноос”-ны үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Европын холбооны санхүүжилтээр МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих  /TRAM/  төслийн сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер байгуулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн уулзалт боллоо. Сарлаг болон тэмээний ноосон бүтээгдэхүүнийг түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд таниулах, гадаад түнштэй болгох, малчин болон үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор  “Сарлагийн хөөвөр, торомны ноос”-ны кластерыг байгуулахаар болж байна.

Уулзалтын эхэнд, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул хэлэхдээ,  “Монгол Улсад үйлдвэрлэсэн ноос ноолууран бүтээгдэхүүн нь дэлхийн стандартыг хангасан, цэвэр байгалийн гаралтай, хүний эрүүл мэнд, биед эвтэйхэн, зөөлөн, дулаахан, арчилгаа эдэлгээ сайтай болох нь нэгэнт танигдсан. Бид дан дангаараа бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний зар сурталчилгаа, дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц сав баглаа боодол гээд олон сорилт, бэрхшээлтэй тулгардаг. Эдгээрийг хамтын хүчээр буюу харилцан ашигтай кластерын зарчмаар шийдвэрлэх чухал юм. Иймд бидний эхлүүлсэн хамтын ажил амжилттай үргэлжилж,  экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөхөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ удаагийн уулзалтаар кластерын хууль, эрх зүйн орчин ба зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, үйлдвэрлэгчдэд зориулсан ЕСББ-ны төслийн санхүүжилт, кластерын вэб сайт бий болгох, 2019 оны 5, 6 сард зохион байгуулагдах үзэсгэлэнгийн үеэр сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд хэрхэн сурталчлах, кластерын зохион байгуулалт, зорилго хөтөлбөрүүдийнхээ талаар ярилцлаа.

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих – EU TRAM” төсөл нь Монгол Улсын худалдааг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах, түүнчлэн экспортын чадамж өндөртэй тодорхой бүтээгдэхүүн салбарт чиглэсэн үр ашигтай худалдааны бодлого боловсруулах, Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд илүү үр ашигтай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой энэхүү төсөл нь 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Европын зах зээлд гаргахад анхаарлаа хандуулах юм.

Уулзалтад төсөл хэрэгжүүлэгчид болон Ноос, ноолуурын холбоо, Хөвсгөл, Завхан, Баянхонгор аймгийн төлөөлөл, кластер багт ажиллах үйлдвэрлэгчид оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top