Энэ жилийн Улсын нээлтийн харваа тавдугаар сарын 10-12-нд Улаанбаатар хотын сурын талбайд явагдлаа. Нээлтийн харваа Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 526 харваач онч мэргэнээ сорин өрсөлдлөө. Тэмцээн гурван өдөр явагдаж байгаагаараа онцлог. Маш олон харваач хүрэлцэн ирсэн тул ийнхүү гурван өдөр зохион байгуулахаар болжээ. Эхний хоёр өдөр бороо цастай, хүчтэй салхи шуургатай байсан ч харваачид маань түүртэх зүйлгүй сайхан харвацгаасан. Харин өчигдөр шувтаргын харваанд нартай цэлмэг сайхан өдөр байлаа. Бид Монголын үндэсний харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяртай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу? Энэ жилийн нээлтийн тэмцээн гурван өдөр үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд хэдэн харваач оролцож байна?
-Манай нээлтийн тэмцээнд гавьяат тамирчин, Монгол Улсын Дархан мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүлсэн нийт 526 харваач оролцож байна. Үүнээс цол зэрэгтэй 200 харваач, 300 гаруй шинэ залуу харваач байгаа. Цол зэрэг горилж байгаа залуучууд тун сайн харваж байна.
-Гурван өдрийн хоёрт нь цастай, салхитай байлаа. Цаг агаарын хүнд нөхцөлд боллоо.
-Монгол харваачид ямар ч нөхцөлд харвана гэдгийг харууллаа. Эхний өдөр салхитай, бүрхэг хүйтэн байсан бол хоёр дахь өдөр цас орлоо. Ийм үед л харваачид нум сумаа хэр мэдэрч, хэр сайн бэлтгэл хийсэн нь харагддаг. Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит тэмцээн жил бүр уламжлал болон зохиогддог. Д.Балдандорж бол Монголын сурын холбооны даргаар 1958-1989 он хүртэл 31 ажилласан, үндэсний сурын харвааны хөгжилд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн.
-300 цолгүй харваач оролцож байгаа гэхээр залуу харваачдын тоо маш их нэмэгджээ?
-Тиймээ, 3-4 жилийн өмнө 500 гаруй харваач л бүртгэлтэй байсан. Өнөөдрийн байдлаар бүртгэлтэй харваачийн тоо 1500-д хүрлээ. Сурын талбайдаа багтахгүй болж байна. Ирээдүйд 15-20 зурхай засаад мянган харваач харвуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн олон харваачтай аймаг бол Баян-Өлгий. 500 гаруй харваачтай.
-Нээлтийн тэмцээнд сайн харваж байгаа харваачдаас онцлон нэрлэвэл?
-Дэд мастерууд маш сайн харваж байна. “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубын харваач Д.Ууганбат Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяртай мөр зэргэцсэн сайхан амжилт үзүүллээ. Хэн хэн нь ханандаа 20 сумаар 20 онож, гайхамшигтай сайхан харвалаа. Энэ бол түүхэн амжилт. Мөн Д.Балдандорж агсаны зээ, дэд мастер Булгаа 20 сумандаа 19 онолоо. Сайхан тэмцээн болж байна.
-Монголын үндэсний сурын холбоо маань Монголын үндэсний харваачдын холбоо болон нэрээ өөрчиллөө. Яагаад нэрээ солих болов?
-Өнгөрсөн оны 11 дүгээр сард бид чуулганаа зарлан хуралдуулж, тэргүүлэгч гишүүдээ өөрчилсөн. Сая гуравдугаар сард болсон бага чуулганаар би холбооны нарийн бичгийн даргаар томилогдон, ажиллаж эхлээд байна. Сур харвадаг олон төрөл байгаа. Мөсөн сур, урианхай сур, буриад сур, халх сур буюу их сур гээд олон бий. Ингээд бид бүх сурыг нэгтгээд Монголын үндэсний харваачдын холбоо болгож, нэрээ өөрчилсөн.
-Холбоо нэрээ солиод удаагүй, та ч ажлаа аваад удаагүй байна. Шинэ холбоо урьд өмнөхөөс өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна? Та ажлаа яг юунаас эхэлсэн бэ?
-Монголын үндэсний харваачдын холбооноос 2019 оныг “Ахмадаа хүндлэх, алдаршуулах жил” болгон зарласан тул ахмадууддаа чиглэсэн үйл ажиллагаа түлхүү явуулахаар төлөвлөж байгаа. Зургаадугаар сард “1000 хүүхдийн харваа” тэмцээн зохион байгуулна. Улс, бүсийн чанартай тэмцээнүүдийг энэ жил аймгуудад өгөөгүй, Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулж явуулна. Харваачдын тоо ихэссэн тул энэ олон харваачдыг алс хол газар явуулж, ядрааж, хүндрэл учруулахгүй гэж бодсон. Энэ нь тамирчдын амжилт, үзүүлэлтэд ч нөлөөлдөг. Харваачдын тоо нэмэгдсэн тул аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллана. Бүгдийг нь нийгмийн даатгалд хамрууллаа. Дасгалжуулагч багш нарыг нэгдсэн сургалтад хамруулах зайлшгүй шаардлага байна.
-Нээлтийн тэмцээн өндөрлөж байна. Улсын наадам болтол ямар тэмцээнүүд болох вэ?
-Наадмаас өмнө зургаадугаар сарын сүүлээр эрэгтэй, эмэгтэй харваачдын УАШТ болно. Мөн Төв аймагт залуучуудын улсын аваргын тэмцээнтэй. Энд харваж байгаа 300 залуу харваач дээр аймаг, орон нутгуудаас нэмэгдээд маш том тэмцээн болох төлөвтэй. Тэнд сайн харвасан залуучууд Улсын наадамд харвах эрхээ авна. Тавдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнтэй.
-Харваачдаас гадна манай ард түмний хүсэн хүлээдэг нэг зүйл бол сурын сайхан талбайтай болох явдал. Холбоо өөрийн гэсэн талбайтай болох төлөвлөгөө байгаа юу?
-Байлгүй яахав. Гэхдээ өнөөдрийн байдлаар газрын асуудал тулгараад байгаа. Харваачдын тоо өссөн тул одоогийн энэ талбай дээр хүндрэлтэй зүйл гардаг. Эхний ээлжинд 20 зурхай засчихдаг талбайтай больё гэж бодож байгаа.
-Та хэдэн оноос харваж эхлэв? Багш тань хэн бэ?
-Би өөрөө сүүлийн үеийн харваач. 2015 оны хавар, тавдугаар сараас харваж эхэлсэн. Дөрөв дэх жилдээ харваж байна. Би үндэсний сурын спортын дэд мастер, аймгийн мэргэн. Урианхай сурын аймгийн мэргэн, спортын дэд мастер. Мөсөн сурын спортын мастер. Багш маань Монгол Улсын мэргэн, үндэсний сурын мэргэн, урианхай сурын Дархан мэргэн, буриад сурын Даян мэргэн, Баян-Өлгий аймгийн харьяат М.Батгэрэл гэж хүн бий. Одоо нутагтаа амьдарч байгаа.
-Та гарын шавьтай юу?
-Харваач хүн өөрөө спортын мастер болж байж, дасгалжуулагч болох ёстой гэж би боддог. Тийм болохоор одоохондоо шавь байхгүй.
-Ямар ч спорт хойч үеэ сайн бэлтгэж байж, урагш хөгждөг. Харваачдын холбооноос хүүхэд залуучуудыг сур харваанд сонирхолтой болгох, татах тал дээр ямар ажил хийж байна вэ?
-2017 оноос манай холбоо “Идэр мэргэний уухай” гэж нэвтрүүлэг Үндэсний телевизтэй хамтран хийж байна. Долоо хоног болгон дунд сургуулиудад очиж, тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Тэр нэвтрүүлэгт хамрагдсан хүүхдүүд манай тэмцээнд ирж оролцдог болсон. Мянган харваач хүүхэдтэй болох зорилт тавин ажиллаж байна.
-Хүүхэд хэдэн настайгаасаа харваж эхлэвэл тохиромжтой байдаг юм бол?
-10, 12 настай хүүхдүүд харвадаг. Балчир насны ангилал ч бий. Гэхдээ миний бодлоор 14 настайгаасаа харваж эхлэх нь дээр гэж боддог. Энэ насны хүүхэд их мэрийлттэй сайн сурдаг юм байна гэж би ойлгосон.
-Манай үндэсний харвааны бусад харваанаас ялгагдах онцлог юу вэ?
-Дэлхийн бараг бүх улс оронд харваа байна. Морьт харваа, уламжлалт харваа, зэвт харваа гээд маш олон төрөл бий. Харин манай харваа уухай, хол зайд харвадгаараа онцлогтой. Харваач болгон уухай мэднэ. Онооны уухай, самбарын уухай гэж байна. Уухайлна гэдэг маань тухайн харваач аюулгүй байдлаа бас хангаж байна гэсэн үг. Нум сум гэдэг маань зэвсэг. Харваж байгаа зэвсгийн өмнө хараад зогсож байгаа хүн уухайгаараа аюулгүй байдлаа хангадаг. Сум ирж байна, онолоо, онооны уухай явлаа. Харваач оносон гэдгээ мэдэж байх жишээтэй. Бусад харваанд ийм зүйл байхгүй.
Б.ДАШЗЭВЭГ: ЁС ЗҮЙТЭЙ МОНГОЛ ХАРВААЧ БЭЛТГЭХ БОЛНО
Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд түрүүлж, Улсын мэргэн цол хүртсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Баатарын Дашзэвэгтэй уулзаж, тэмцээний талаар ярилцлаа.
-Тэмцээн сайхан болж байна уу?
-Цаг агаарын хүндхэн нөхцөлтэй байсан ч сайхан болж байна. Ер нь жилийн жилд хавар болдог тул нээлтийн тэмцээн харваачдын ур чадварыг шалгасан том тэмцээн болдог. Цаг агаар ямар ч хүнд байсан манай харваачдын амжилт өндөр гардаг болсон.
-Онцлоод нэрлэх шинэ залуу харваач хэн байна?
-Харваачид маань жилийн дөрвөн улирал бэлтгэл сургуулиа хийдэг болсон тул бүгд сайн байна. Бэлтгэлийн нум сумны чанар сайжирсантай холбогдон анхлан харвагчдын тоо эрс нэмэгдлээ. Багууд, багш дасгалжуулагч нар нээлтийн харваандаа их ач холбогдол өгдөг. Онцлоод хэлэх харваач бол “Засагт хан” клуб, Говь-Алтай аймгийн залуу харваач Ж.Нямдаваа эхний 20 сумандаа нэг сум гээсэн. Дараагийн найман сумандаа нэг сум гээсэн үзүүлэлттэй сайхан харваж байна. Ирээдүйтэй сайн залуу харваач олон байна. Жилд дунджаар 30 дэд мастер, 30 спортын мастер төрдөг байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Харваачдын тоо, тэмцээн уралдааны тоо нэмэгдсэнтэй холбоотой. Манай холбооноос энэ шинэ залуучуудаа жинхэнэ монгол харваач болгох, ахмад дээдсээ хүндэлдэг ёс жаягаа уламжлуулж үлдээх зорилготой ажиллаж байна. Хамгийн гол зүйл бол тэмцээнд ороод, харваад оноод байх биш. Монгол соёлын энэ сайхан өвөө тээж, уламжлуулж үлдээх нь харваач бидний гол зорилго болоод байгаа.
-Холбоо маань ч шинэ нэртэй болжээ?
-Гадаад хэлэнд холбооныхоо нэрийг орчуулах гэхээр “Сурын” гэдэг үг маань хэцүү байсан. Гадаадын холбоод харваачдаа онцолсон байдаг жишгийг бас дагасан. Ингээд Монголын үндэсний харваачдын холбоо болсон. Чуулганаар дүрмэндээ бас хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Харвааг хэрхэн сонирхолтой болгох, үзэгч олныг яаж татах, хөдөө орон нутагт харваачдын тоог хэрхэн нэмэх вэ гэдэг дээр үндэслэж, өөрчлөлт хийлээ. Бид чинь нумт улсын үр сад. Тийм болохоор харваагаа бүх аймаг сумдад түгээн дэлгэрүүлэх зорилготой. Харваатай байгаа үед Монгол орон даяар уухайн дуу цуурайтаж байгаасай гэж хүсдэг. Гэхдээ харваач олон болсны хажуугаар бас дагах муу тал гэж байдаг юм байна. “Олон хүн сайнтай, муутай. Ой мод урттай богинотой” гэдэг. Олон жилийн өмнө бид харваачдын тоогоо яаж нэмэх вэ гэж л боддог байсан. Тэгвэл одоо бас залуу үедээ сайн хэлж сургахгүй бол болохгүй байна. Өв уламжлалаа үл хүндэтгэх, ахмад үеэ хүндлэхгүй, танихгүй, мэдэхгүй байх, дээл хувцсаа зөв өмсөхгүй байх асуудлууд гарч ирж байна. Энэ тал дээр бид маш нухацтай арга хэмжээ авах болно. Ёс зүйтэй монгол харваач болгох ёстой.
Сэтгэгдэл ( 0 )