ЖДҮ-ийн зээл олгох банкууд ЭРСДЭЛЭЭ бүрэн хариуцна

2019 оны 05 сарын 15

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг жинхэнэ жижгүүд болох бичил, дунд, жижиг гэсэн ангилалд тохирох бизнес эрхлэгчдэд хэрхэн яаж хүргэх вэ гэдэг сэдэв нийгмийн анхааралд байгаа.

Тэгвэл ХХААХҮЯ-наас өчигдөр /2019.05.14/ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олгох журам шинэчлэгдсэнтэй холбоотой мэдээллийг өглөө. Тус сангаас зээл хүссэн иргэдийн төслийг энэ тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хүлээж авна гэдгийг Ч.Улаан сайд хэлсэн. Сонгон шалгаруулалтаар 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод ЖДҮ эрхлэгчдэд, 20.5 тэрбум төгрөгийн зээлийг  21 аймагт ЖДҮ эрхлэгчдэд тус тус олгох аж. Гол нь шинэчлэгдсэн сонгон шалгаруулалтын дагуу төслүүдийг шигшиж, зээл олгоно гэдгийг тодотгож байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл салбарын сайдын чиглэлээр олгогддог байсныг шинэ журам халжээ. Долоон хүний бүрэлдэхүүнтэй Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр зээл олгох аж. Шийдвэр гаргах эрх бүхий долоон гишүүний  дөрөв нь Баялаг бүтээгчдийн холбоо зэрэг ЖДҮ-чдийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн байгууллагуудын төлөөлөл байх аж. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд хяналтын тогтолцоо сул байдлыг далимдуулж сонгон шалгаруулалтыг хууль зөрчин хийж ирсэн Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа шинэ журмыг даган эрүүлжих үү гэдэг нь хүлээлт үүсгэж байна. Энэ оны төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг төсөвлөж баталсан. Гэхдээ 2018 оны аравдугаар сараас эхэлсэн дуулиан шуугиан шийдэл нэхэж буй тул зээл олголт зогсонги байдалд ороод байгаа аж.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг харахад зээлийг арилжааны банкаар дамжуулах болон сангаас шууд олгох аж. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ гурван зуун сая төгрөг, дээд хэмжээ нэг тэрбум төгрөг хүртэл, Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ хорин сая төгрөг, дээд хэмжээ хоёр зуун сая төгрөг хүртэл байх юм байна.

Сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ  хорин сая, дээд хэмжээ  гурван зуун сая төгрөг хүртэл байх аж. Сангийн зээлийг банкаар дамжуулах уу, сангаар дамжуулах уу гэдэг асуудал яригдаж байдаг. Тэгвэл зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохдоо Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дамжуулан зээл олгох банкийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах аж. Харин банкийг сонгон шалгаруулах удирдамж, зээлийн санхүүжилтийн хуваарийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж журамд заажээ. Тодотгоход, сангийн зээлийн дээд хэмжээ хоёр тэрбум төгрөг байсныг нэг тэрбум төгрөг болгож бууруулжээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олгох арилжааны банк ямар шаардлагуудыг хангах ёстой вэ гэдэг асуулт бий. Тэгвэл дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.
 

  • Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнгээр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хангасан, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа нь Монголбанкны дүгнэлтээр нотлогдсон байх;
  • Аймаг болон орон нутагт салбартай байх;
  • Олгосон зээлийн эрсдэлийг бүрэн хариуцаж, Сантай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг тухайн банкны эзэмшиж байгаа санхүүгийн хөрөнгө, бүх төрлийн үнэт цаас, хөрвөх чадвартай төлбөрийн хэрэгслээр гаргасан байх;
  • Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх;
  • Сүүлийн гурван жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар гадаадын зээл, тусламжийн болон төсвийн хөрөнгөөр дамжуулан олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зөрчилгүй байх гэсэн шаардлагуудыг хангах ёстой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top