Ногоон хөгжил. Сэргээгдэх эрчим хүч. Байгальд ээлтэй технологи. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тренд болж байгаа сэдэв нь ерөөс дээр дурдсан бүгд. Бодлого тодорхойлогчид, бизнесийн салбарын “акулууд”, томоохон улс гүрнүүд бүгд л энэ сэдвийг ярих болсон. Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган” энэ сэдвийг хөндөн ярилцав.
Чуулганаар Парисын тунхагт нэгдсэн Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн хамгийн том салбар нь сэргээгдэх эрчим хүч байх тухай, Төрийн бодлогодоо сэргээгдэх хүчний салбарыг онцолсон тухай, хэрэглээний хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдсэн тухай, Зүүн хойд Азийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчний салбар хангах тухай “гэгээлэг” сэдвүүдийг хөндлөө. Ерөөс дэлхий нийт нөхцөл байдлаас шалтгаалан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээс өөр сонголтгүй болсон. Үүнд өндөр хөгжилтэй орнууд оройлон оролцож, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд ч энэ сэдвийг хөндөн хөгжлийн бодлогоо боловсруулж буй. Монгол Улс нүүрсний тоостойгоо зууралдан дөрвөн уулын хөндийдөө үлдэх үү эсвэл бүс нутагт хүчээ авч буй хөгжлийн шинэ зам руу бусадтайгаа хөтлөлцөөд орох уу?
ДУТУУ ҮНЭЛЭГДСЭН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ
Одоогоос арваад жилийн урд 2008 он. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн ганцхан эдийн засаг дээр тогтож байдаг Монгол Улсын эдийн засаг хөгжлийн замдаа шуударч байсан үе. Яг энэ үед Монгол Улсын Засгийн газар 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нийт эрчим хүчний 20 хувьд хүргэнэ гэсэн мундаг лоозон дэвшүүлж байжээ. Лоозон дээр зоосон хугацаа дуусахад гурван жил дутуу үлдэж. Тэгвэл энэ тоо одоо хэд байгаа гээч. Дөнгөж 4.2 хувь. Арай ядан 4.2 хувьтай байгаа энэ салбарыг гаднын төсөл хөтөлбөрүүд, томоохон уул уурхайн компаниудын санаачилгаар л өдий зэрэгтэй болгосон гэдэг нь нуух аргагүй үнэн. 10.8 их наяд кВт цагийн сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй Монгол Улсад энэ тоо тун чамлалттай биш гэж үү? Өнгөрөгч 2017 онд Монгол Улс дотооддоо 5.8 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэсний 95.8 хувийг дулааны цахилгаан станцаас, дөнгөж 4.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэжээ. Дэлхийн жишгээс 40 дахин бага тоо. “Манай улс Ази тивийн эрчим хүчний хэрэглээний 60-70 хувийг хангах арвин их нөөцтэй. Гэтэл бид олон жил энэ салбарыг хөгжүүлэхгүй, нөөц бололцоог нь ойлгохгүй явж ирсэн. Инженер, техникийн ажилчдаа бэлдчих юм бол газрын ховор элемент хайгаад байхгүй сэргээгдэх эрчим хүчний салбараар хөгжих боломж бүрэн бий” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл ярьсан юм.
Дэлхийн банкнаас явуулсан судалгаагаар нийт газар нутгийн дөнгөж 10 хувьд буюу 160 мянган км.кв газар нутагт 1.1 сая мВт салхин цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн салхин цахилгаан станцын нөөц нь ийм байна. NewCom группийн гаргасан судалгаагаар говийн бүсийн салхины эрчим хүчний нөөц 2.55 их наяд кВт.ц бол нарны эрчим хүчний нөөц 4.8 их наяд кВт.ц гэж гарчээ. Түүнчлэн Дэлхийн банкны өөр нэг судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 10 хувь нь салхины өндөр нөөцтэй болох нь тогтоогдсон байна.
ХОЦОРЧ ҮЛДСЭН ИХ ХҮЧ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр гэгчийг одоогоос 13 жилийн өмнө 2005 онд баталж байв. Үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль” батлагджээ. Нийтдээ таван бүлэг, 15 заалттай уг хууль лоозонгийн шинж чанартай, нарийн зохицуулалт байхгүй гэдгээрээ мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг сонсдог. Уг нь зургаан зүйл заалттай байсан уг хуулийн Тавдугаар бүлэг буюу “Сэргээгдэх эрчим хүчний сан” гэх маш чухал хэсгийг 2015 оны нэгдүгээр сарын 23-ны нэмэлт өөрчлөлтөөр авч хаяжээ.
Хасагдсан бүлэг нь “13 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний сан. 13.1 “Сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах, уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг засгийн газрын сангийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан байв. Нэг ёсондоо авто машинаар яривал бензинийх нь савыг авч хаясан хэрэг.
“Монгол Улс цаашид сэргээгдэх эрчим хүчний бодлогыг зохицуулсан хууль эрх зүйн орчноо тодорхой, илүү боловсронгуй болгох ёстой. Энэ салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй гаднын хөрөнгө оруулагчид их ч хууль эрхзүйн орчин тодорхойгүй учраас хөрөнгө оруулахаас эмээж байна” гэж Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Хятад улс дахь захирал Лиминг Чао ярьсан юм.
Эдийн засгийн хөгжил цойлж, дэлхийд тэргүүлж байхад хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчийг их сонирхож байжээ. Гэтэл бид “судалж байгаа” гэх алдарт үгээрээ хөрөнгө оруулалтыг хөөчихсөн. Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк өдий, төдий төсөв хөрөнгөөр бага ч гэсэн эх үүсвэрүүдийг барьж байгаа ч арваад жилийн өмнө лоозогносон мундаг уриандаа хүрэх яагаа ч үгүй байна. Яг одоо 2015 оны дордуулсан өөрчлөлтийг засахаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Амжвал энэ хаврын чуулганаар батлагдана.
ИХ ХҮЧЭЭ АШИГЛАЖ ЧАДАХ УУ?
Сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц, боломжоо ашиглах түүхэн боломжийнхоо урд ирээд байна. Гурван улсын эдийн засгийн коридор төслийн хүрээнд хэрэгжих 32 багц төслийн хоёр нь сэргээгдэх эрчим хүчний салбарт харьяалагддаг. Түүнчлэн Зүүн хойд Азийн хүн ам огцом нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний нэгдсэн систем бий болно гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдээд байна. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн дөрөв дэх удаагийн чуулганаар Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг багасгах, хамгийн үр ашигтай, хямд өртөгтэй цахилгаан эрчим хүчээр хангах тухай хөндөн ярилцсан юм. Яг энэ цаг үетэй давхцан АНУ-ын Нью-Йорк хотноо Сэргээгдэх эрчим хүчний салбарын олон улсын чуулган болж, Ази тив сэргээгдэх эрчим хүчний салбарт оройлон оролцоно гэдгийг онцолсон билээ. Их хүчээ ашиглах боломж бидэнд хангалттай бий. Сүүлийн үед хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь нэмэгджээ. Хамгийн сүүлд “Naanovo” компани Монгол Улсад эрчим хүчний төслөө эхлүүлж, хөрөнгө оруулалттай компани байгуулаад байна. Нийслэл Улаанбаатар хотын хамгийн том асуудал гэгдэх хог хаягдлыг дахин боловсруулж, улмаар эрчим хүч гаргах төсөл хэрэгжүүлж буй уг компани 14 мВт/ц эрчим хүчний нөөцтэй бөгөөд 45 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хог хаягдлыг эрчим хүч зарцуулахад зарцуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. Их хүчээ ашиглахын тулд Монгол Улсын зах зээлийн багтаамж, бодит хэмжээг тооцоолох, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж, системийн нэвтрүүлэх чадвар зэргийг нарийн тооцоолох ёстойг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. “Монголд хөрөнгө оруулж буй компаниуд системийн нэвтрүүлэх чадвар, эцсийн хэрэглэгчид хүргэх дэд бүтэц зэргийг маш сайн судалж, эрсдэлээ тооцоолох ёстой. Сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ, хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч Монгол Улсын зах зээлийн бүтэц, төр засгийн шийдвэр, бодлого зэргийг судлах нь зүйтэй” гэж Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан ярьсан юм. Төв аймгийн Сэргэлэн суманд 50 мВт-ын хүчин чадалтай станц 2012 оны зургадугаар сард ашиглалтад оржээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай нарны станц 2017 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон. Дөнгөж саяхан Дорноговь аймгийн Сайншанд хотод 55 мВт-ын салхин станц ашиглалтад орохоор болоод байна. Европын сэргээн босголт хөгжлийн банк нарны цахилгаан станц барихад 31.6 сая ам.долларын хөрөнгө оруулахаа өнгөрөгч тавдугаар сард зарлажээ.
Desert Solar Power One гэж нэрлэсэн нарны станц нь дунджаар 30 мВт эрчим хүч боловсруулах нөөцтэй. Монгол Улсын төсөв болон “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад нийт 16 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Харин Усан цахилгаан станцын тухайд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин тосгон дахь цахилгаан станц бол Монголын хамгийн анхны усан цахилгаан станц юм. 1997 онд Монгол-Хятадын хамтарсан компани барьж, 2012 онд “Тайшир-Гуулин УЦС” төрийн өмчит компани болжээ. Түрэлтийн хоолойн дм нь 1000 мм бөгөөд хүчин чадал нь 400 кВт юм. Монголын хамгийн том гэгдэх Тайширын УЦС мөн л Говь-Алтай аймгийн Улаан-Боомын хавцалд бий. Жилд 37 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэдэг учир Говь-Алтай болон Завхан аймгийн 29 сумыг эрчим хүчээр хангадаг гэх нүсэр тооцоо бий.Зөвхөн нар, ус, салхиар Монголын сэргээгдэх хүч хязгаарлагдахгүй. Нүүрсний давхаргын метан хий нь дэлхийг 70 гаруй жил эрчим хүчээр хангах арвин нөөцтэй. Өнгөрсөн найман жилийн дотор хийсэн судалгаагаар Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн нөөц 68 тэрбум куб метр. Үүнээс хамгийн их нөөцтэй нь Тавантолгойн бүлэг орд бөгөөд нөөцийн үнэлгээ нь 53 тэрбум. Энэ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэх тоо. Зөвхөн идэвхтэй ашиглаж байгаа 22 орд дээр түшиглэсэн тооцоолол нь энэ. Хамгийн сүүлд энэ сарын 20-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт “Эрдэнэс Метан” компани Австралийн “Jade Methane” компанитай метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. Ингэснээр Тавантолгойн бүлэг ордод эрэл хайгуул хийж, байгалийн хийн нөөцийг бодитоор тогтоох боломж бүрдэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )