Нарийнсухайт, Тавантолгойн нүүрсний ордууд дээр 8 цооног өрөмджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Нүүрсний давхаргын метан хий  эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэрчлэн энэ сард “Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан нь анхаарал татсан үйл явдал болсон. Тэгвэл Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн өнөөгийн байдал ямар байгаа вэ гэдгийг тодотгон хүргэе.

Манай улсын хувьд Засгийн газрын Мөрийн хөтөлбөр болон Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртөө метан хийг хөгжүүлэх талаар тусгаж өгчээ. 2014 онд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нүүрсний давхаргын метан хийг эрх, хайх, ашиглах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн байдаг. Энэ хуульд хөрөнгө оруулагч Монгол Улсын  Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуулын ажил хийх, төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулж эрлийн ажил хийхээр хуульчилсан. Үүний үр дүнд анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг 2018 онд Өмнөговь аймгийн нутагт байрлах Номгон IX талбайд Австрали улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч”ХХК-тай байгуулж хайгуул судалгааны ажлыг явуулж байна. Эрлийн гэрээнээс бүтээгдэхүүн хуваах гэрээнд шилжихээр гурав, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа долоон гэрээний хүрээнд эрлийн ажлыг хийж байгаа аж.

Эдгээр гэрээнүүд болон 2014 оны хууль гарахаас өмнө байгуулсан хамтарсан гэрээнүүдийн хүрээнд тойм судалгаа хийхийн зэрэгцээ Нарийнсухайт, Налайх, Тавантолгойн нүүрсний ордууд дээр 300-1000 метрийн  гүнтэй найман цооног өрөмдөж Нарийнсухайт, Тавантолгойн орд дээр 93 тэрбум м3 метан хийн баялгийг тооцоолсон байдаг. Цаашид судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top