Эдийн засгийн цаашдын төлөвийг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим хадгалагдахаар хүлээгдэж байна гэж Төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэлж байна. Мөн тэрбээр эдийн засагт дунд хугацаанд томоохон сорилтууд тулгарсан хэвээр, цаашид анхаарах асуудлууд олон байгааг тодотгож байна. Тухайлбал, Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна. Эдгээр өрийн дийлэнхийг гадаад зах зээл дээр дахин санхүүжүүлэх дүр зураг харагдаж байна. Ингэхэд гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг хүлээх, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах онцгой шаардлагатай. Үүний тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэх нь чухал байна. Түүнчлэн макро эдийн засгийн болон бүтцийн бодлогын сүүлийн гурван жилд барьсан ‘сахилга бат’-ыг цаашид ч үргэлжлүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хөрөнгө оруулагчид, рейтинг тогтоогч байгууллагууд анхааралтай харж байгаа.
Өөр нэг том эрсдэл бол Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “Саарал жагсаалт”-д орох эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв энэхүү жагсаалтад орох тохиолдолд бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Энэ нь санхүү, эдийн засгийн ноцтой сөрөг үр дагавартай. Иймд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.
Дэлхийн худалдааны дайн эрчимжиж буй өнөөгийн нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн өсөлт саарах, глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн унах мөчлөг ойртох эрсдэл илүү өндөр болж байна. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 орчим хувь, төсвийн орлогын 25-аас бага хувийг дангаар бүрдүүлж байна. Бидний судалгаагаар эрдэс бүтээгдэхүүний үнэ унах, эрэлт саарах болон Хятадын өсөлт удаашрах нь манай эдийн засагт хүчтэй нөлөөтэй. Иймд эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн уналтын мөчлөгөөс урьтаж эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Бид эдгээр сорилтуудыг хамтын хүчээр амжилттай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, хөгжилд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )