Монгол төрийн нэр төрийг гутаасныхаа төлбөрийг хар тамхи зөөвөрлөгчид төлөх ёстой
Монгол Улсыг төлөөлж дипломат харилцааг чухалчлан үзэх ёстой дипломат байгууллагын ажилтнууд хар тамхи их хэмжээгээр зөөж байгаад баригдсан нь олон нийтийг цочроосон хэрэг болов. Энэ хэрэг зөвхөн нэг хоёр хүний хэрэг бус Монгол Улсын нэр хүндийг хилийн чинадад гутаасан үйлдэл юм. Өнөөдөр илэрсэн нь энэ мэт боловч дараагийн хар тамхины сүлжээ ээлжээ хүлээгээд сууж буйг үгүйсгэх аргагүй гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлон хэлж байна. Салбарын сайд хэлэхдээ, дипломат байгууллагын ажилтнууд зөвхөн энэ удаа бус 2005 оноос эхлэн хар тамхи тээвэрлэж байсан удаатай. 2008 онд би Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бид энэ асуудлыг өргөн хүрээнд авч ярилцаад 2009 онд дотооддоо шинэ журам гаргаж, дипломат байгууллагынхаа ажилтнуудтай гэрээ байгуулж байв.
Энэ гэрээний гол зорилго нь Монгол Улсын нэр хүндийг өндөр өргөж явах, хэрвээ хар тамхи болон бусад гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хохирлыг 100 хувь барагдуулах талаар дурдсан. Ямар хохирол барагдуулах талаар заахдаа, тухайн хүнд төрөөс зориулж гаргасан бүх цалин хангамжийг эргүүлэн буцааж төлүүлэх, хар тамхи зөөсөн тохиолдолд тэр хэмжээгээр нь Монгол Улсын нэр төрийг гутаасныхаа төлбөрийг төлүүлж нэхэмжилнэ гэж заасан. Энэхүү заалтыг зарим дипломат ажилтнууд эсэргүүцэж байсан.
Энэ тохиолдолд бид тухайн хүний томилолтыг цуцлах эрхийг хүртэл гэрээндээ тусгаж өгч байв. Үүний үр дүнд 2009 оноос хойш хар тамхи зөөвөрлөх болон эм, эмийн бэлдмэл хууль бусаар хил нэвтрүүлэх асуудал харьцангуй багассан гэж үзэж болно. Одоо хар тамхи зөөвөрлөөд байгаа, дипломат эрх ямбыг буруугаар эдлээд байгаа хүмүүст зориуд нэг зүйлийг сануулж хэлмээр байгаа юм. Дипломат тээвэрлэлтийг шалгадаггүй гэдэг нь үнэн боловч Венийн конвенцын дагуу зайлшгүй шалгах нөхцөл үүссэн тохиолдолд шалгана. Шалгаад тухайн тээвэрлэлтээс ямар нэгэн зүйл гараагүй тохиолдолд тухайн байгууллага өөрөө хариуцлага хүлээдэг. Ийм журамтай юм. Гэтэл манай дипломатууд үүнийг мэддэггүй. Ер нь хар тамхины наймаа ямар ч “дээд хамгаалалт”-гүйгээр явах боломжгүй наймаа. Энэ зөвхөн Монгол Улсад биш бусад бүх орнуудын толгойн өвчин болоод байгаа. Тиймээс улс орон бүр тухайн орнуудын хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллахаас өөр аргагүй. Хил дамнасан хар тамхины наймаа хичнээн олон хүний амьдрал хувь заяагаар тоглож байгааг мартаж болохгүй” гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яамныхан энэ бүхнийг зүгээр нэг хараад суугаагүй гэдэг нь ойлгомжтой байна. Энэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тагнуулын ерөнхий газарт хаяглаж, хүргүүлсэн албан бичиг бий. Тэрбээр уг бичигтээ тодорхой улс орнуудад ажиллаж буй дипломат албан хаагчдыг тусгайлан шалгах зайлшгүй шаардлага үүссэн байж болзошгүй тухай дурдсан байна. Энэхүү албан бичгийн дагуу Тагнуулын ерөнхий газраас тодорхой хяналт шалгалтыг эхлүүлээд байсан аж. Үүндээ олон улсын Тагнуулын байгууллагын сүлжээг татан оролцуулаад зогсохгүй Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын нэр бүхий ажилтнуудыг хяналтдаа авсан байна. Энэ утгаараа дэлхий нийтийг түгшээж байгаа, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц уг асуудлыг зөнд нь орхичихоогүй аж. Нөгөө талаар хар тамхины зөөвөрлөлтөөс гадна хэрэглэгчид сүүлийн эрс нэмэгдэж байгааг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх албаныхан хэлж байна. Энэ оны есөн сарын байдлаар энэ төрлийн 131 хэрэгт 260 орчим хүн холбогдож шалгагдсаны дотор насанд хүрээгүй найман хүүхэд багтжээ. Мөн Монгол Улсын хар тамхи хэрэглэгчийн тоо 100 мянга гаруй болсон гэх тоон мэдээллийг ч хэлж байна. Уг мэдээллийг хөөгөөд үзэхээр иргэд хар тамхины талаар буруу ойлголттой байдгаас гадна наймааны сүлжээнд багтсан иргэдийн ихэнх нь ядуу амьдралтай байгааг хуулийнхан тогтоожээ. Мөн Монголын хуульд заасан ялын бодлого хөнгөн байгаатай холбоотой гэж хууль сахиулагчид үзэж байна.
Уг нь “Мансууруулах эс, сэтгэцэд нөлөөтэй бодисын хууль бус эргэлттэй тэмцэх" үндэсний хөтөлбөрийг УИХ-аас баталж, 2017-2019, 2019-2021 оны хооронд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Олон улсын практикаас харахад хар тамхи борлуулж худалдаалсан этгээдэд ялын дээд хэмжээ өгдөг. Хятадад 50-граммаас дээш хар тамхи худалдаж борлуулсан, хадгалж тээвэрлэсэн бол шууд цаазын ялтай. Хойд хөрш ОХУ-д ийм хэмжээний нунтаг тээвэрлэвэл хамгийн багадаа 20 жилийн ял оноодог. Харин манай улсад ямар ч тохиолдолд 12 жил хүртэлх ялын бодлоготой байгаа нь хар тамхины хэрэглээг хавтгайруулахад нөлөөлж байгааг хуулийнхан онцолж байна. Хуульд ямар хэмжээний хар тамхи хадгалж хэрэглэсэн, зөөж тээвэрлэсэн бол ял оноох талаар тодорхой заагаагүй учраас тухайн шүүгчийн итгэл үнэмшил, хэрэгтэн хэн бэ гэдгээс шалтгаалж ялын бодлого харилцан адилгүй хэрэгждэг байна.
Манай улс хоёр том гүрний дунд оршдог геополитикийн өвөрмөц байршил, ард иргэдийн амьжиргааны төвшин доогуур, ядуу байдлаас шалтгаалж хил дамнасан хар тамхи болон бусад хууль бус үйл ажиллагаанд өртөх магадлал өндөр байдаг аж. Учир нь, хар тамхины тээвэрлэлт, худалдааны талаар “Сэм ав, сэм хий” гэх зарчим дэлхий нийтэд үйлчлээд байгаа юм. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга Б.Сүхбаатар тайлбарлахдаа, олон улсын агаарын тээврээр зорчиж байгаа иргэний хувцас, эд зүйл, чемодан саванд хар тамхийг хийчихээд хил гаалийн шалгалт өнгөрсний дараа хулгайч шиг сэмхэн авчихдаг болсон. Тиймээс гадаадад зорчихдоо маш өндөр сонор сэрэмжтэй байж, ачаа тээш, хувийн эд зүйлээ бусдад дамжуулахгүй байх нь чухал. Бусдын ачаа тээшийг зайлшгүй авахаар болбол дамжуулагчийн хажууд задалж, сайтар шалгаж авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хилийн боомтуудад өгч байгаа” гэсэн юм. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр сайжрахгүй байгаа бөгөөд энэ оны эхний 11 сарын тоон үзүүлэлтээр хар тамхитай холбоотой 80 гаруй хэрэг нэмэгджээ. Энэ нь хэрэг 1.3 дахин, үүнд холбогдогч нь 129 хүн (59.4 хувь)-ээр өссөн маш өндөр, сөрөг үзүүлэлт юм. Гуравхан сая хүнтэй Монгол Улсын хувьд энэ нь аюулын харанга төдийгүй ирээдүй хойч үеэ “Цагаан тахал”-аас цаг ямагт хамгаалж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа хатуухан авах цаг хэдийнэ болжээ.
В.САРАНТУЯА
Сэтгэгдэл ( 0 )