Ц.Энхтүвшин . " Таван цагариг"
Одоогоос яг таван жилийн өмнө хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжилж явахдаа Рио деЖанейрогийн төдийгүй манай гаригийн хамгийн алдартай далайн эргийн наран шарлагын газар болох цуут Копакабанагийн "нүүрэнд" орших Copacabana Palace хэмээх энэхүү таван одтой, тансаг зочид буудалд ганц ч болов хонох санаатай зорин очиж байж билээ. Гэвч 1923 онд үүдээ нээсэн, 250 шахам өрөөтэй, ердийн үед нэг шөнө хоноглоход 300-400 орчим ам. долларын үнэтэй байдаг тус буудалд ганц ч сул өрөө байгаагүй билээ.
Маргаашнаас ганц нэг өрөө суларч магадгүй, та өөр буудалд хоноглоод маргааш ирэх үү хэмээн эелдэгхэн асуух буудлын хүлээн авагч ажилтнаас үнэ ханшийг сонирхож, бараг 1000 гаруй доллар болохыг нь сонсоод "ДАШТ гээд бүх буудлууд үнээ нэмсэн. Гэхдээ л эднийх бол арай л юм. Мань мэт тийм үнээр ганц өдөр хонох гэдэг барах ч юм биш" хэмээн дотроо бодоод "Баярлалаа!" гээд л миний энэ буудалд "байрласан" хугацаа дууссаныг ойлгож билээ.
Чухам яагаад энэ зочид буудлыг "онилон" зорих болсон нь ийм учиртай ажгуу!
1958 онд Бразилийн хөлбөмбөгчид Шведэд болсон ДАШТ-д түрүүлж, анх удаагаа Дэлхийн аварга болж, улс орноороо баяр цэнгэлд автаж байсан үе. Дэлхийн аваргуудаа хэрхэн угтах, яаж шагнаж урамшуулах тухай амтай болгон ярьж, бэлтэй болгон шан харамж амлаж байсан гэдэг. Манайхан 2008 онд Түвшээ, Бадраа хоёроо Олимпийн аварга болоход юу болж байсан тиймэрхүү л байсан юм байх. Хөлбөмбөгийг шашин шүтлэгээ, амьдралын хэв маягаа, соёлоо болгосон ард түмэн тэгэлгүй ч яахав. Тэгээд " Хөгшин тив"-ээс хөлбөмбөгчдөө нисээд ирэхээр нь улс даяар аялуулах, дэлхийн аваргуудыг , "Алтан дагина"-аа танилцуулах "Ялалтын марш" хийх хуваарь ч гарч. Харин эх орондоо "Баатар"-уудыг ирэхээр эхлээд хаана буулгах талаар ярилцаад миний дурсаад байгаа энэхүү буудлыг сонгожээ. Ингээд л дэлхийн аваргууд эх орондоо ирсний дараа " Copacabana Palace”-д буудаллаж, улс орны удирдлагууд, бизнес, улс төр, урлаг соёлын томчууд, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, элдэв ёслолын арга хэмжээнд "салж" унатлаа оролцсон гэдэг. Буудлын гадаа буюу замын яг эсрэг талд орших Копакабана наран шарлагын газарт саяар тоологдох хөгжөөн дэмжигчид, ард олон Дэлхийн аваргуудын барааг хальт хамаагүй харчих, уулзаж чадахгүй ч урмаа нэг сэргээчих санаатай хонон өнжин харуулдаж байсан гэдэг.
17 настай Пеле, "Ард түмний баяр баясгалан" Гарринча, домогт ахлагч Беллини, алдарт хаалгач Жильмар,за тэгээд л Диди, Вава, хоёр Сантос,Зито, мань Марио Загалло, Орландо болон дасгалжуулагч "бүдүүн" Феола гээд бүгд л энд байрлаж, "Алтан дагина" цом заларч байсан "Ариун газар" ажгуу, энэ "Copacabana Palace”.
Бусдад бол тийм сонин санагдахгүй л байх . Харин надад бол энэ газрын шалан дээгүүр нь нөгөө Пеле, Гарринча нар гишгэж явсан, хананд нь домогт аваргуудын яриа цуурайтаж, адар таазанд нь амьсгалж байсан агаар нь уусч, "Алтан дагина"-ын энерги нь шингэсэн , яалт үгүй хөлбөмбөгийн түүхт газрын нэгд тооцогддог болохоор тийн зорин зорин зүтгээд байсан хэрэг.
Юм нэгээр дуусахгүй гэдэг дээ, дэлхийн аваргын үеэр нь биш ч гэсэн хожмын нэг өдөр энд хоноглож, 1958 оны тэр л өдрүүдийг сэтгэлдээ дүрслэн суух өдөр ирэх буй заа.
Сэтгэгдэл ( 0 )