Ц.Энхтүвшин. “Таван цагариг”
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь удаагийн тэмцээн Бразилд үргэлжилж байгаа билээ. Тус тивийн 10 орноос гадна урилгаар Ази тивээс хоёр, нийт 12 баг оролцож буй уг тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн найман багийн нэр тодроод байна.
“А” хэсгээс талбайн эзэн Бразилийн хөлбөмбөгчид таавар ёсоор нэгээр гарсан. Гол од Неймар нь тэмцээний өмнөхөн бэлтгэл дээр гэмтсэнээр уг тэмцээнд оролцох боломжгүй болсон. Гэхдээ л маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй, дээр нь өөрийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож буй тул түрүүлэх багийн таамагт мэдээж хамгийн эхэнд бичигдэж байгаа. Тэгээд ч Бразилчууд нутагтаа болсон “Копа Америка”-д өөр багт түрүүгээ алдаж үзээгүй билээ.
Тэд эхлээд Боливиг 3:0-ээр төвөггүй хожсон ч дараа нь Венесуэлтэй 0:0-ээр тэнцэж, хөгжөөн дэмжигчдээсээ багагүй шүүмжлэл сонссон юм. Харин хэсгийн сүүлчийн тоглолтод Бразилчууд Перугийн шигшээг 5:0-ээр хожин “дутагдлаа” зассан.
Энэ хэсгээс хоёроор Венесуэлийн шигшээ гарсан. Өмнөд Америкийн хамгийн “муу” баг хэмээгддэг Венесуэл тивийнхээ 10 багаас Дэлхийн аваргад орж үзээгүй цорын ганц баг төдийгүй, Өмнөд Америкийн АШТ-дээ ч медаль хүртэж үзээгүй ганц орон. Гэсэн ч сүүлийн жилүүдэд амжилт нь ихээхэн дээшилж байгаа. Венесуэлийн 20 хүртэлх залуучуудын шигшээ баг нь 2017 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Энэ залуус одоо шигшээ багийн цөмийг бүрдүүлж байгаа. Венесуэлийн шигшээ өнгөрөгч гуравдугаар сард Месситэй Аргентиний шигшээг 3:1-ээр хожсон. Энэ тэмцээнд ч тэд Бразил, Перутай тэнцэж, Боливиг 3:1-ээр хожиж шөвгөрлөө.
“Б” хэсэгт Колумбын шигшээ ганц ч хожигдолгүй тэргүүлсэн. Түрүүлэх багуудын тоонд зүй ёсоор нэрлэгдэж байгаа тэд Аргентинийг 2:0, Катар, Парагвайг тус бүр 1:0-ээр хожсон. Харин Өмнөд Америкийн АШТ-д 14 удаа түрүүлсэн Аргентиний шигшээ баг Колумбад хожигдож, Парагвайтай тэнцэн хэсэгтээ хамгийн сүүлд бичигдэж байсан ч сүүлчийн тоглолтод Катарыг хожсоноор хэсгээсээ хоёроор гарлаа. Гэхдээ дэлхийн шилдэг хөлбөмбөгч Мессигийн багийн тоглолт нэг л биш байна.
“С” хэсгээс Өмнөд Америкийн АШТ-д хамгийн олон удаа буюу 15 удаа түрүүлсэн Уругвайн хөлбөмбөгчид нэгээр гарсан. Суарез-Кавани гээд довтолгооны супер хослолтой Уругвайчууд Эквадор, Чилиг хожиж, Японтой тэнцсэн. Хоёроор сүүлчийн хоёр “Копа Америк”-ийн аварга Чилийн шигшээ шалгарсан.
Хэсэгтээ гуравдугаар байрт шалгарсан гурван баг буюу Перу, Парагвай, Японы багаас оноо болон бөмбөгний зөрүүгээр Перу, Парагвайн багууд шөвгийн наймд тоглох эрх авлаа. Ийнхүү хэсгийн тоглолтоор холоос уригдан ирсэн хоёр зочин баг хоёулаа хасагдлаа. Гэхдээ энэ хоёр баг тун дажгүй тоглолт үзүүлсэн. Японы баг хүчирхэг Уругвай болон Эквадортой тэнцсэн. Япон ирэх жил нутагтаа болох Олимпын наадамд оролцох залуусаас дийлэнх тоглогчдоо бүрдүүлсэн. Багийн 23 тоглогчоос шигшээ багтаа өмнө нь тоглосон тоглогч ердөө зургаахан байсан гээд л бод. Тэд залуу тоглогчдоо “дарийн утаа” үнэртүүлэх гол зорилгоо бол хангалттай биелүүллээ.
Катарын шигшээ ч бас тун чамбай тоглолттой юм. Испани хэв маягийн тоглолт үзүүлж, хэнтэй ч тэнцүүхэн тоглочих чадалтай болсон энэ баг гурван жилийн дараа нутагтаа болох ДАШТ-д дуулиан тарьж магадгүй л юм байна.
Зочин баг гэснээс Өмнөд Америкийн тэмцээнд Япон, Катар яагаад орж байгаа юм гэж асуух хүн цөөнгүй байна. “Копа Америка” буюу Өмнөд Америкийн АШТ-д Конменбол буюу энэ бүс нутгийн хөлбөмбөгийн холбооны 10 гишүүн орон бүгд ордог.
Харин 1993 оноос эхлэн Хойд Америкийн голдуу хоёр орныг урилгаар оролцуулдаг болсон бөгөөд Мексик 10 удаа, Коста-Рика 5 удаа, АНУ 4 удаа, Ямайка хоёр удаа, Хайти, Хондурас, Панама тус бүр нэг удаа оролцжээ. Мөн 1999 онд Азиас анх удаа Японы баг оролцож байв. Зочин багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Мексик. Тэд хоёр удаа мөнгө, гурван удаа хүрэл медаль хүртсэн. Мөн Хондурас нэг удаа хурэл медаль зүүж, АНУ хоёр удаа хагас шигшээд шалгарч байсан ажээ.
Энэ жилийн “Копа Америка” нь Хойд Америк, Төв Америк, Карибын Тэнгисийн бүсийн орнуудын АШТ “Gold Cup”-тай давхацсан тул Азийн багуудад урилга өгч, Олимп, Дэлхийн аваргад амжилттай оролцохын тулд боломжтой бүх л тэмцээнд багаа оролцуулах зорилготой байгаа Япон, Катар ийнхүү оролцсон хэрэг.
Харин ирэх жил Аргентин, Колумбад болох “Копа Америкад” (Уг нь дөрвөн жилд нэг удаа явагддаг ч мөчлөгийн хугацааг Европын АШТ-тэй адилхан болгож байгаа билээ. Тиймээс ирэх жил дахин зохиогдоод дараа нь 2014, 2028 гээд явна) зочноор Катар болон Австралийн шигшээ оролцох нь тодорхой болжээ.
За зочдын тухай үүгээр дуусгаад энэ жилийн тэмцээн рүүгээ эргэн оръё. Шөвгийн наймын тоглолт зургадугаар сарын 27-ноос эхлэх бөгөөд Бразил-Парагвай, Венесуэл-Аргентин, Колумб-Чили, Уругвай-Перу гэсэн ширүүн тоглолтууд айсуй.
Шөвгийн наймын тоглотод ялсан багууд хагас шигшээд долоодугаар сарын 2,3-нд тоглох бөгөөд хүрэл медалийн төлөө тоглолт долоодугаар сарын 6-нд, харин аваргын төлөө тоглолт долоодугаар сарын 7-нд алдар цуут “Маракана” цэнгэлдэхэд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )