Хаалгачдын од гийсэн өдрүүд ба гурван финалтай ирэх Бүтэн сайн

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Ц. Энхтүвшин. “Таван цагариг”

Ирэх ням гараг буюу долоодугаар сарын долоон хөлбөмбөг сонирхогчдын хувьд “балжинням, дашням давхацсанаас” ч илүү өдөр болно. Учир нь энэ өдөр Францын Лион хотноо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аваргын алтан медалийн төлөө АНУ-Холландын шигшээ багууд өрсөлдөх бол Бразилын Рио де Жанейро хотноо, домогт “Маракана” цэнгэлдэхэд “Copa America” буюу Өмнөд Америкийн аваргын төлөө Бразил-Перугийн багууд, харин АНУ-ын Чикаго хотноо Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын АШТ болох “Gold Cup”-ийн шигшээ тоглолтод АНУ-Мексикийн шигшээ багууд өрсөлдөх юм.

МЕССИ ДАХИАД Л ЦОМГҮЙ ҮЛДЭВ

“Копа Америка”-ийн хагас шигшээд Бразил-Аргентины шигшээ багууд учраа таарсан нь олон сая хөлбөмбөгийн хорхойтнуудын цөсийг хөөргөв. “Мөнхийн өрсөлдөгч”, дэлхийн хоёр шилдэг багийн “тулааныг” уг нь финалд үзвэл амттай ч энэ хоёр багийн нөхөрсөг уулзалт тоглолт ч “дайн” болдог билээ. Өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси тэргүүтэй Аргентины баг хэсгийн тоглолтод тааруухан тоглосон ч Бразилын эсрэг бол хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн. Аргентины шигшээ сүүлийн 40 тоглолтод нэг ч удаа адилхан бүрэлдэхүүн талбайд гаргаж байгаагүй бөгөөд харин энэ удаа Венесуэлийг шөвгийн наймд хожсон яг тэр бүрэлдэхүүнээ гаргав. Месси ч тэр, Аргентин ч тэр энэ тэмцээний хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн боловч харамсалтай нь Бразил тэднээс илүү сайн байлаа. Ялангуяа Бразилын хаалгач Аллисон багийнхаа ялалтад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мессигийн хаалттай цохилтоос хийсэн бараг 90-ийн буланд хүчтэй, эргүүлэгтэй цохилтыг хатгаад гаргахын оронд хоёр гараараа тайван бариад авч байхыг харахад өөртөө хэчнээн итгэлтэй, тайван байгаа нь харагдсан. Мөн Агуэрогийн гоолын мөргөлтийг гар хүрээд л шон болгоод гаргасан.

Бразилаас Дани Алвес, Габриэль Жезус нар бас маш сайн тоглосон. Бразилын ихэнх довтолгоо , бөмбөг эзэмшилтэд Дани Алвес гол үүрэг гүйцэтгэж байсан Жезүс жигүүрт муугүй тоглож чадахаа харуулж, хоёр гоолд хоёуланд нь оролцсон. Ялангуяа хоёр дахь гоол бол Фирмино л төгсгөл хийсэн болохоос бараг 99 хувь нь Жезүсийн “бүтээл” байлаа.

Мэдээж хувь тоглогчдын хэрхэн тоглох тоглолтын үр дүнд нөлөөтэй ч эцсийн эцэст дасгалжуулагчийн тактик хамгийн чухал билээ. Энэ тал дээр Бразилын дасгалжуулагч, хашир Титег шигшээ багийг удирдаж буй “шинэков” Скалонитой харьцуулшгүй юм. Тита Месси дээр “персональный опека” буюу тусгайлан хамгаалагч тавиагүй ч, голын шугаманд 5 тоглогчтой тоглосон нь Мессид бөмбөг авах, тоглох орон зайг нь бараг хаасан л даа. Дээр нь довтолгооны үед Дани Алвес нэмэгдээд талбайн голд бол илүү болоод явчихна. Харин Скалони Бразилын эсрэг цэвэр хамгаалалтын хагас хамгаалагчгүй тоглосон нь том алдаа болсон болов уу.

Хэдийгээр Аргентин хожигдсон ч энэ залуу баг өсөх ирээдүй байгаагаа, ирэх жил нутагтаа болох “Копа Америка”-д гол фаворит байхаа харуулсан. Мэдээж Месси нутагтаа шигшээ багийнхаа хамт цом өргөх сүүлчийн боломжийг алдахыг хүсэхгүй биз ээ.

Нөгөө хагас шигшээд сүүлийн хоёр “Копа Америка”-д дараалан аварга болсон Чилийн хүчирхэг баг Перутай тоглосон. Мэдээж сүүлийн жилүүдэд тогтвортой амжилттай тоглож буй, олон одтой Чилийн шигшээг энэ тоглолтод ялна гэдэгт эргэлзэж байсан хүн цөөн байх. Гэтэл Перу хэсгээсээ гурваар чүү чамай гарсан. Харин хасагдах шатанд хурц довтолгоотой Уругвайн багтай гоол алдалгүй тэнцэж чадсан, улмаар торгуулийн цохилтоор ялж, хагас шигшээд шалгарсан нь энэ тэмцээний бас нэг сенсаац байлаа. Тэгвэл энэ амжилтаа тохиолдлынх байгаагүй гэдгийг Кубиллас, Чумпитас, Пас нарын “хойч үеийнхэн” харуулж, аваргуудыг 3:0-ээр хожин, дахин шуугиан тарилаа. Перугийн шигшээг “амьдаар” нь нөхөрсөг болон ДАШТ-д тоглохыг нь үзэж байлаа, миний бие. Гэвч энэ удаагийн тоглосон шиг эрчтэй, хурдтай Перуг ер харж байсангүй. Хэрэв боломжуудаа бүрэн ашигласан бол тооны харьцаа бүүр илүү ч байхаар байлаа.

Чилийн баг туршлага, класс зааж тоглолтын санаачилгыг авч илүүтэй довтолсон ч төгсгөл нь нэг л болж өгөхгүй байсаар дуусав. Чилийн хожигдолд “гол буруутан” нь Перугийн хаалгач Педро Гальесе болов. Тэрбээр Чилийн гоол оруулах боломжтой долоон цохилтыг “сэйв” хийсэн төдийгүй тоглолтын төгсгөлд 11 м-ийн торгуулийн цохилтыг хаасан билээ.

Ийнхүү “Копа Америка-2019”-ийн аваргын төлөө Бразил-Перугийн ​багууд шалгаран үлдлээ. 44 жилийн дараа дахин тивийнхээ финалд дахин үлдэж буй Перугийн багт ​боломж бий болов уу? Бараг л үгүй. Хэсгийн тоглолтод энэ хоёр баг хоорондоо учраа таарахад бразилчууд 5:0-ээр хожсоныг дурдахаа больё. Хэсгийн тоглолт финалын тоглолт гэдэг тэс өөр зүйл. Тэгэхдээ бразилчууд нутагтаа зохиогдсон “Копа Америка” түрүүгээ бусдад алдаж үзээгүй. Дээр нь энэ хоёр багийн класс өөр. Яаж ч бодсон Бразил хамаагүй давуу талтай байгаа.

Миний төсөөлж байгаагаар Перу олон олдохгүй энэ “шаанс”-ыг алдахгүйн төлөө хамаг хүчээ тавина. Хамгийн боломжит хувилбар нь яаж ийгээд гоол алдахгүй тэнцээд, торгуулийн цохилтоор азаа үзэх. Уругвайг ингэж хожсон. Гэхдээ Уругвайтай тоглоход 90 минут “тэсэх” хэрэгтэй байсан бол одоо 120 минут “гүрийх” хэрэгтэй. Хамгаалалтаас сөрөг довтолгоо хийх, “хоёрдугаар” номероор тоглох байх Перу. Болзошгүй “эрсдэлээс” сэргийлж, үргэлж “давхар хамгаалалт”-тай байдаг Титегийн багт, тэгээд Аллисон хаалга манаж байхад энэ тун хэцүү л дээ.

Хүрэл медалийн төлөө Аргентин-Чили тоглолт бас л ихээхэн сонирхол татаж байгаа. Өмнөх хоёр тэмцээнд энэ хоёр баг хоёуланд нь финалд үлдээд хоёуланд нь торгуулийн цохилтоор Чили ялж, аварга болж байсан. Энэ удаа хүрлийн төлөө таарлаа.

“УЛБАР ШАРУУД” ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХ УУ?

Францад болж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд эхлээд АНУ-Англи тоглосон. АНУ-ын бүсгүйчүүд хэсгийн тоглолтод бүгдэд нь хожиж, өрсөлдөгч багуудын хаалганд 18 гоол оруулж, ганцыг ч хаалгандаа алдаагүй. Харин хасагдах шатанд Испанийг 2:1, Францыг 2:1 гээд (шүүгчийн эргэлзээтэй шийдвэрүүд аль алинд нь байсан) ихээхэн хүнд тоглолт хийсэн. Энэ тоглолтуудад Америкийн бүх гоолыг хийсэн Рапино Английн эсрэг тоглолтод гуяны арын булчингийн гэмтлээс шалтгаалан оролцох боломжгүй болсон нь АНУ-ын багийн хувьд ихээхэн “гарз” байв. Гэвч түүний оронд талбайд гарсан Е.Пресс тоглолтын 10 дахь минутад мөргөн эхний гоолыг оруулсан. Английн “эрслэн”-гүүд огтхон ч эмээлгүй хариу довтолж тун удалгүй хөндлөн дамжуулалтыг Уайт “чихэж” тооны харьцааг тэнцүүлэв. ДАШТ-ий “мэргэн буучдын”-ын жагсаалтыг Уайт ийнхүү 6 гоолтойгоор тэргүүлж эхлэв. Гэвч түүний тэргүүллийг 10-хан минутын дараа АНУ-ын Алекс Морган бас л уран гоё мөргөн, мөн л 6 дахь гоолоо оруулснаар хуваалцлаа.

Өнгөрсөн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан Английн багийн тоглолт, чанар үнэхээр дээшилжээ. Тоглолтын явцад Уайт дахин нэг гоол оруулж, тоог тэнцүүлсэн боловч VAR “отон тоглолт” байсан гэж үзэн тооцсонгүй. Ёстой л компьютер, техник технологийн нарийвчлал, дүрс бичлэгийн удаашруулалтыг л харж байж тогтоож болохоор л нөхцөл л дөө. Ер нь VAR систем сүүлийн тэмцээнүүдэд арай л илүү их хэрэглэгдээд, дэндүү нарийвчлалтай(тэгсэн мөртөө ижил нөхцөлд эсрэг тэсрэг шийдвэр гаргасан) байгаа нь бас л асуудал үүсгэж байгаа.

Тоглолтын цаг дуусахаас хэдхэн минутын өмнө англичууд тоог тэнцүүлэх, улмаар нэмэлт цагт тоглох боломж олж авсан. Торгуулийн талбайд Америкийн хамгаалагч өнөөх Уайт дээр алдаа гаргасныг шүүгч мөн л VAR -ийн туслалтаар тогтоож, 11 м торгуулийн цохилт заасан. Тоглолтын хувь заяаг хаашаа ч эргүүлж болох, шийдвэрлэх энэ цохилтыг “Эрслэнгүүдийн” багийн ахлагч Хьютон гүйцэтгэсэн ч АНУ-ын хаалгач Алисса Наэр “барьсан” юм. Урьд өмнө нь Америкийн нэг ч хаалгач ДАШТ дээр “пенальти” хааж байгаагүй ажээ.

Ийнхүү англи бүсгүйчүүдийн амжилтаа ахиулах, медалийн өнгөө хувиргах төлөвлөгөө доор хаяж дөрвөн жилээр хойшилж, харин амжилтаа бататгаж хүрэл медаль хүртэхийн төлөө Шведийн багтай тоглох боллоо.

Нөгөө хагас шигшээд Швед-Холландын багууд өрсөлдсөн. Скандинав бүсгүйчүүд бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт шилдэг багуудын тоонд ордог. Олимпын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медаль хүртэж, Европын аварга болж байсан баг. Харин Холландын бүсгүйчүүд Олимпын наадамд нэг ч оролцож үзээгүй(“ Токио-2020” оролцох эрхээ авсан) бөгөөд Дэлхийн аваргад ердөө хоёр дахь удаагаа орж буй баг. Гэсэн хэдий ч 2017 онд нутагтаа болсон Европын АШТ-д түрүүлснээс хойш тогтмол сайн тоглож, дэлхийн шилдгүүдийн тоонд ааглан орж ирсэн билээ.

Ийм хоёр багийн тоглолт “алаан” бололгүй яах вэ. 90 минутад хэн хэн нь гоол оруулж чадсангүй 0:0-ээр үндсэн цаг өндөрлөв. Гоолын боломж бол аль алинд нь нэг бус удаа байсан. “Харамсалтай” нь хоёр багийн хаалгачид дэндүү сайн байлаа. Ингээд нэмэлт цагт тоглолт үргэлжлэх болов. 99 дэх минутад Холландын хагас хамгаалагч Жэки Грунен торгуулийн талбайн гаднаас “шороон буланд” тун ч гоё цохиж, хожлын гоолыг орууллаа.

Сонирхолтой нь Грунен хөлбөмбөгчин төдийгүй шаггүй жүдоч байсан бөгөөд жүдогоор дэлхийд хүчтэйд ордог Холландын өсвөр үеийн АШТ-д гурван удаа түрүүлж, 2010 онд улсынхаа идэрчүүдийн аварга болж, Европын идэрчүүдийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байж. 17 настайдаа гуяндаа гэмтэл авч, жүдог орхин хөлбөмбөгөө тууштай хөөх болжээ.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд АНУ-ын баг гурав дахиа дараалан шалгарч байгаа бол Криуфф, Ван Бастен, Ван Перси нарын “дүү охид” анх удаагаа аваргын төлөө хүч үзэх нь.

Америк хүүхнүүд ДАШТ-өөс медальгүй харьсан түүх үгүй бөгөөд 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай. Багийн бүрэлдэхүүнд байгаа 23 тоглогчийн талаас илүү нь 30 нас гарсан , найм нь 100-гаас дээш шигшээ багтаа тоглолт хийчихсэн, 10 тоглогч нь дэлхийн аварга, аргагүй дэлхийн хамгийн хүчтэй, туршлагатай баг. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт туршлага маш чухал үүрэгтэйг бодолцвол Америкийн хүүхнүүд аварга болох боломж илүүтэй.

Гэхдээ тэднийг зогсоовол зогсоох баг нь чухамдаа Холланд. Испани, Франц, Английн багт дутагдсан хурд, том тэмцээнд түрүүлж үзсэн, одоо ид “ирэн дээрээ” байгаа баг л даа, Холланд. Үнэхээр үзүүштэй финал болох нь тодорхой.

АХИАД Л ХОЙД АМЕРИКИЙН СУПЕР “КЛАССИКО”, ДАХИАД АМЕРИК-МЕКСИК

Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын АШТ “Алтан цом”-ын финалд хүсэж, хүлээж байснаар АНУ-Мексикийн шигшээ багууд шалгаран үлдсэн.

Гэхдээ энэ бүс нутагт “ноёрхдог” байсан АНУ, Мексикийн финалд хүрэх зам амар, дардан байсангүй.

Мексикүүд хагас шигшээд Хайтиг нэмэлт цагт 1:0-ээр арай гэж хожсон. Гэхдээ шүүгчийн өгсөн эргэлзээтэй 11м-ийн торгуулийн цохилтоор. Шөвгийн наймд ч Мексикчүүд тоглолтын дараах торгуулийн цохилтоор мөн л зүдэрч байж хожсон.

Америкчууд бас шөвгийн наймд Кюрасао гээд сураггүй багийг 1:0-ээр бас л чүү чамай хожино лоо. Харин хагас шигшээд Ямайкаг 3:1-ээр илүүрхсэн. “Челси”-ийн “шинэ цэрэг” Пулисич энэ тоглолтод “дубль” хийсэн.

Хойд Америкийн бүс нутагт хамгийн үзүүштэй “тулаан” бол яах аргагүй Мексик-АНУ-ын “дуэль”. Тивийнхээ аваргаас Мексик 10 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж байсан бол Америкчууд 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл зүүж байсан түүхтэй.

“Алтан цом”-ын финалд энэ хоёр баг зургаа дахь удаагаа хоорондоо таарч буй бөгөөд Америкчууд хөршөө ганцхан удаа л хожиж байсан билээ.

Түрүүлэх боломж 50:50 хувьтай. Тоглолт хэдийгээр Чикагод болох хэдий ч Америкчуудад үзэгчдийн давуу тал бараг л гарахгүй. Өнөө Трампын ад үзээд байдаг “хууль бус цагаач” мексикүүд хэдэн мянгаараа цэнгэлдэхэд цуглаж үздэг болохоор Америк, Мексик хоёрын аль талбай дээрээ тоглож буйг ялгах боломжгүй дээ.

61500 хүний суудалтай Чикагогийн “Soldier Field” -ийн бүх тасалбар хэдийнээ борлогдоод дууссан гэж байгаа. Чухам хэдийг нь янкууд, хэдийг нь “амигос” авсныг таашгүй ч “халуухан” тоглолт болох нь гарцаагүй ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top