Бичлэг: Америк бүсгүйчүүдийн дэлхийн 4 дэх түрүү

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Францын Лион хотын 59 000 хүний суудалтай “Парк Олимпико Лион” цэнгэлдэх ёстой л пиг дүүрчээ. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах найм дахь тэмцээний аваргын төлөө шигшээ тоглолт энд дэлхийн гурван удаагийн аварга АНУ болон Европын аварга Голландын багуудын хооронд эхэллээ.

Тоглолтын эхнээс Голланд санаачилгыг АНУ-ын багт “сайн дураараа” өгч, хамгаалалтаас сөрөг довтолгоо хийх тактиктай байгаа нь илт. Мэдээж Америкийн баг бол довтолж тоглох нь ойлгомжтой. Харин бөмбөг эзэмшиж, тоглолтыг “барьж” тоглодог “өргөн фронтоор” довтлохын оронд холын дамжуулалтаар Голландын хамгаалалтыг давуулан хурдтай Рапино, Морган, Хит нартаа уралдуулсан тоглолт ихэвчлэн хийж байв. Эхний үе америк бүсгүйчүүдийн давамгайлал доор өрнөсөн ч Голландын багийн ахлагч, хаалгач ван Ванендаль гайхалтай тоглолт үзүүлж, багаа 4-5 удаа аварснаар гоол алдалгүй дуусгаж чадсан.

Завсарлагаагаар Голландын дасгалжуулагч тоглолтын схем, тактикаа нилээд өөрчлөх байх гэж найдаж байсан ч талаар болов. Энэ хэвээрээ тоглолтын үндсэн 90, нэмэлт 30, нийлээд 120 минут “тэсээд” торгуулийн цохилт хүргэх нь юу л бол.

Тоглолтын 60 дахь минут энэ тоглолтын хувь заяаг шийдсэн дээ. Шведийн хамгаалагч Моргантай торгуулийн талбайд тэмцэлдэн, Морганы гэдсэнд ойгоод бөмбөг тоглолтоос гарсан. Эхлээд талбайн шүүгч булангийн цохилт заасан ч VAR -аас ирсэн мэдээллийн дагуу удаашруулсан бичлэг үзээд “пенальти” заалаа. Миний л хувьд тоглолтын явцад байдаг л нөхцөлд, тэр тусмаа финалын тоглолтод ийм алдааг бичлэгээр удаашруулан харж байгаад “пенальти” өгөх нь арай л шударга бус санагдсан. Ер нь бол VAR багуудад адилхан үйлчлэхгүй байгаа, том багуудад ихээхэн “ашигтай” шийдвэр гаргаад байгаа нь хэл ам дагуулсаар л байгаа.

Гэвч талбайн шүүгчийн шийдвэр эцсийнх байдаг!!!

Торгуулийн цохилтыг Меган Рапино амжилттай гүйцэтгэж, 1:0-ээр дэлхийн аваргууд хошуучилж эхлэв. Энэ гоолын дараа Голландын тоглолт үнэндээ тун замбараагүй болж, хий дэмий л тооны харьцааг тэнцүүлэх гэж зүтгэсэн ч яаж, ямар аргаар гэсэн хувилбар байхгүй болохоор ямар ч амжилтад хүрсэнгүй. Харин ч эсрэгээр хамгаалалтдаа ч , талбайн аль ч хэсэгт энгийн зүйл дээр ч алдаа маш олон гаргасан.

Үүнийг нь ч Америк бүсгүйчүүд алдалгүй ашиглаж , 69 дэх минутад Лавелль солгой хөлийн хүчтэй , оновчтой цохилтоор энэ тоглолтын эцсийн цэгийг тавиад зогсохгүй, “интриг”-ийг дуусгалаа.

ДАШТ-д дөнгөж хоёр дахиа орж буй ч мөнгөн медаль хүртэж буй Голланд бүсгүйчүүдийг муулах аргагүй. Харин дасгалжуулагч оновчтой тактик сонгож чадаагүй санагдсан. Уг нь нээлттэй сайхан тоглосон бол яах ч байсан юм. “Аваргыг ялж байж л аварга болдог” гэдэг үгийг мартсан бололтой. Тэмцээний туршид гялалзсан Голландын баг хамгийн шийдвэрлэх үед маш муу тоглолоо.

Харин АНУ-ын баг итгэлтэйгээр дөрөв дэх түрүүгээ авлаа.

“Франц-2019” ДАШТ-ий шилдэг тоглогчийн болон “мэргэн буучийн” “Алтан бөмбөг”, “Алтан шаахай” шагналыг АНУ-ын Меган Рапино хүртлээ. “Мэргэн буучийн” жагсаалтад Рапино нэг багийн Морган, Английн Уайт нарын адил 6 гоолтой байсан ч талбайд тоглосон минут цөөн байснаар уг шагналыг авлаа. Морган мөн энэ үзүүлэлтээр “мөнгөн шаахай” хүртэж, Уайт “хүрэл шаахай” дээр буулаа.

Шилдэг тоглогчийн “Мөнгөн бөмбөг”-ийг Английн Л.Бронз, “хүрэл бөмбөгийг” АНУ-ын Р.Лавелль мөн хүртлээ.

ДАШТ-ий шилдэг хаалгачид олгодог “Алтан бээлий” шагналыг Шведийн хаалгач ван Ванендаль зүй ёсоор хүртсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top