Д. Цэрэндорж, Куба улс, Гуанабо хот, Пенас Алтос дүүрэг
2019 оны 6 сарын 08 өдөр
Хүний амжилт гаргах оргил үе тун богино. Цагаа зөв ашиглахгүй бол нэг мэдэхэд үр дүн муутай хайран хугацаагаа алдах болно. Хүн хэрвээ зорилготой байгаад уйгагүй зүтгэвэл түүнийгээ биелүүлж чадна. Амжилт заавал ирнэ.
За тэгээд дээр нь нэмж хэлэхэд сахилга бат гэдэг зүйл маш чухал даа. Мэдсэн сурсанаа бусадтайгаа бас харамгүй хуваалцаж яваарай.
Сонирхогчдын боксын домогт аваргуудын өлгий нутаг Куба орноор аялаад ирэв. Тийшээ зүглэсэн гол учир Кордоба Кардины нэрэмжит ОУ-ын боксын тэмцээн үзэж сурвалжлах байсан. Гэвч Кубын боксын холбоо 1968 оноос хойш нутаг дээрээ зохиож байгаа ганц том тэмцээнээ энэ жил явуулахгүй цуцалсан шийд гэнэт гаргажээ. Ажил амралтаа зохицуулж аль эрт захиалаад авчихсан нислэгийн хямд тийз эргэж буцахгүй “бандан тас” байдаг тул явлаа, очлоо.
Сүүлийн жилүүдэд Африк тив, Төв болоод Латин Америкийн зарим орнууд Азиас Энэтхэг, Въетнам, Хятадын боксын шигшээ Кубад тогтмол ирж байгаа ч Хойд Өмнөд хоёр Солонгос, Тайланд, Япон, Монгол, Хойд Америк, Орос, Европын олон орон сураг алдарсан учир энэ удаа тэмцээнээ өнжихөөр болж буй гэнэ. Хөрөнгө мөнгө, эдийн засгийн боломж нь бас эрс муудсантай холбоотой ажээ.
Монголын боксчид энэ тэмцээнд тэртээ 1972 онд анх очиж оролцоод 1 мөнгө (63,5 кг-д Содномын Гомбо) 4 хүрэл (54 кг-д Буянгийн Ганбат, 57 кг-д Паламдоржийн Баатар, 60 кг-д Хайдавын Алтанхуяг, 81 кг-д Гомбын Зориг) медалтай ирж байж. Тэр цагаас хойш тэндээс авчирсан медалын тоо маань талийж өгөө бизээ. Арлын орны урдаа барьдаг найдваруудыг “дошин” дээр нь цувруулж ялсаар түрүүлсэн гадаадын цөөхөн боксчдын дунд манай Т.Үйтүмэн (1997 онд), Д.Отгондалай (2013 онд Роберто Бладогийн нэрэмжит тэмцээнд) нарын нэр бас бий.
Кубад нэгэнт хүрээд ирсэнийх 1980 оны Москвагийн олимпийн рингэнд Ази тивийн аварга Г.Батбилэгтэй, 1984 онд Хаванад болсон “Найрамдал” тоглолтын финалд Сөүлийн олимпын хүрэл медальт, гавъяат тамирчин Н.Энхбаттай учраа таарч, гал манартал үзэлцсэн Олимп, дэлхийн хошой аварга Анхель Эррераг олж уулзахыг оролдоод үзэхээр шийдэв.
80-аад оны Кубын боксын шигшээ гэхээр ямар байсан билээ. Миний үеийн бокс сонирхогчид мартаагүй байхаа. Монголчууд бидний гол найдаж хүлээдэг хагас хөнгөн жин 57 кг, 60 кг-д Адольфо Орта, Анхель Эррера нар дэлхийн дэвжээнд гялалзаж байсан цаг. Боломж таарвал хэн нэгэнтэй нь уулзаж ярилцах бодол эртнээс тээж явсаар энд ингээд хүрээд ирлээ.
2016 онд А.Орта гэнэт нас барсан товч мэдээ гарч байсан тул явахаасаа өмнө Эррерагийн талаар мэдээлэл хайж интернэт шүүтэл жилийн өмнө хийсэн нэгэн ярилцлага испани хэл дээр олдов. Кубын сэтгүүлч Хосе Мануел Мотта гэгч түүнтэй гэрт нь очиж уулзсан байв. Анхель Эррера эх нутагтаа энх мэнд байгаа ажээ. Оршин суудаг газар нь Хаванын ойролцоох нэгэн дүүрэг юм байна.
Өмнө ирсэн монголчууддаа орчуулга хийж байсан туршлагатай гэж элчингийн зөвлөсөн дагуу Матанза хотноо суралцдаг монгол оюутан хүү Санжааг дагуулж очихоор учираа хэлж үнэ хөлс тохироод 100 км-ийн цаанаас дуудлаа. Баасан гарагийн орой хичээлээ тараад хүрээд ирэв. Эррераг олж уулзвал эхлээд хэлж ярих үгээ тохирч, арга эвийг нь олоод асууж ярилцах зүйлээ тоймлон орчуулж авав. Эррератай энгийн ярилцаж байх зуур авгай хүүхдийнх нь гар дээр алчуур зүүлт, бэлэг сэлт тавьж чихэр жимс тараах зэргээр “гар хүндрүүлж” байдлыг нааштай эргүүлэх талын тактикийн хувиарлалтыг бас зураглаачдаа давхар даатгахаа мартсангүй. Ингээд өглөө эртлэн гурвуулаа Хавана хотоос 30 км-ын зайтай Гуанабо дүүрэг орохоор халтуурын машинд зэрэгцэж суугаад хөдөлвөө.
Болж өгвөл чимээ шуугиангүй олж очоод уулзчих бодит шалтгаан бас байсан. Испанийн залуу найруулагч Мануэл Бенито де Валле, зохиолч сэтгүүлч Дарси Веррер гэдэг хүмүүс 2009 онд Кубын 11 ахмад боксчдын тарчиг татуу амьдрал дээр тулгуурлан ”KnockoutKuba” нэртэй баримтат нэг кино хийжээ. Оршил хэсэг дээрээсээ “Энэ хүмүүс баян чинээлэг, барж идэхгүй хөрөнгө мөнгөтэй болж чадах байсан гэхдээ тэд хүсээгүй эх орноо сонгосон, эцэст нь ийм хувь заяатай хоцорч...” гээд эхэлдэг энэ кино нилээд шуугиан тарьсан аж. Угаасаа ч тийм зорилготой хийгдсэн байх.
Кубын спортын удирдлага энэ киног олж үзээд зүгээр байгаагүй нь ойлгомжтой. Аварга тамирчиддаа анхаарах арга хэмжээ аваа ч биз, харин гаднаас ирж очих телевиз, хэвлэлийнхэнд тавих хараа хяналтаа хамаагүй чангаруулсан тухай манай элчингийнхэн сануулж байсан. Киноны гол дүр 11 тамирчид дунд Эррерагийн гутрангуй яриа гунигтай дүрс бас гарч байх юм. Мань мэт нь бол олон юм дээгүүр доогуур ярилгүй хэл чимээгүй олж очоод хөлд нь хөнгөн суух “монгол” аргаараа үзээд алдах нь хэн хэндээ өлзийтэй юм байна.
Баримт түүх бага зэрэг сөхөе. Манайхан Кубын боксчидтой олон улсын рингэнд гарч ирсэн цагаасаа л олонтой тулгарч ялж, ялагдаж ирсэн түүхтэй. 60-аад оны сүүл үеийн хөнгөн жингийн нэртэй боксчин Батцэрэн агсан Кубын боксчныг рингийн олсон дундуур гадагш гартал хүнд цохилтонд оруулж ялсан тухай нэг яриа байдаг. Өөрийн нүдээр үзсэнээс гэвэл 1970-аад оны сүүлээр Улаанбаатарт явагдсан “Интернационал” тэмцээнд ОУХМ Дүгэрсүрэн дэлхийн аварга Кубын Луйс Флиппе Мартинестэй хийсэн тэнцүүхэн тоглолт санаанд тодхон үлдэж. Мөн 1982 оны Мюнхений дэлхийн аваргын финалд манай гавъяат Р.Отгонбаяр агсан Кубын гайхамшигтай хурдтай боксчин дэлхийн хошой аварга А.Ортатай хийсэн тоглолтыг телевизээр харж байлаа. Өнөөдөр Орта, Отгонбаяр нар бидний дунд байхгүй учраас амьд яриа дурсамжыг дахиж сонсохгүй түүх болжээ.
За тэгээд яс үзсэн, тэнцүү сайхан тулаан олон доо. Гавъяат тамирчин Н.Энхбат Ортаг бас л иртэй тонгорог шиг ид хурц байх үед нь тухайн цагтаа бага дэлхийн аваргын хэмжээнд зохиогддог байсан Германы “Химийн цом”, Румыны “Алтан бүс” цуврал тэмцээнд дараалан 5:0 харьцаагаар хожиж түүнээс ч илүү хурдтай бас арга техниктэйгээ дэлхийд харуулж явсан. Мөн ОУХМ Ж.Энхтөр Европын тэмцээнд ирсэн ах дүү хоёр кубыг цувруулаад хожиж байсан гээд цааш тоочвол урт жагсаалт болох байх.
Сүүлийн үеийнхнээс хамгийн оргил нь мэдээж Бээжингийн олимпын аваргын төлөө манай гавъяат Э.Бадар-Ууган Кубын найдвар Янкел Леон Аларконыг 16:5 харьцаагаар хожиж, олимпын аваргын алтан медалыг авчирсан тэр бахдам тоглолт байна. Монголын тамирчин энэ “эвгүй” Кубыг яг Куба шиг нь тоглоод хол илүү хожлоо, ийм тоглолт ховорхон үзсэн... гээд гадынхан гайхан бичиж байв .
1980 оны Мосвагийн олимп, 1984 онд Кубын нийслэл Хавана хотноо социалист орнуудын дунд зохиогдсон бага олимпын рингэнд А.Эррера Монголын боксчидтой учраа таарч тоглосон билээ. Олон жилийн хойно эргэн дурсаж юу ярьсныг уншигч танаа хүргэхийн өмнө оршилоо бас ахиад жаахан үргэлжлүүлье.
Монголын боксын амжилт ялалтын зурвас үе 80-аад он. Улсын шигшээ багт хагас хөнгөн жинд урдаа барьдаг боксчдын нэг нь Галсандоржийн Батбилэг байв. Маш хянуур, хурц нягт дайчин тоглолттой түүний баруун гарын угтуулсан хүчтэй шулуун цохилтыг дотоод гадаадын олон боксчид хүртсэн. Харин олимпын дэвжээнд ганц удаа гарцаагүй амссан хүний нэг бол энэ Эррера юм.
Олимпын рингэнд Англи, Данийн боксчдыг 5:0 харьцаагаар буулган аваад 8/1 финалд гарч ирсэн Ази тивийн аварга Батбилэг олимпын аварга Кубатай таарчээ.
- Хатуу даваа ч ирлээ дээ, харин манай хүн хэр удаан тэсэх бол...?
- Үзэлгүй яадгийн, юун тэсэх харин хожно, Батбилэг бас сайн байгаа...!
Гадаад ганц суваг Орбитоор олимпын нэвтрүүлэг дамжуулах үед телевизийн өмнө айл болгонд найз нөхөд ах дүүгээрээ цуглан зэрэгцэж суугаад хааяа жирэлзэж мурилзаад алга болж бухимдуулах хар цагаан дүрсийг өндөлзөн үзэж байсан минь санаанд тод үлджээ. Антенаа хазайлган ийш тийш зөөж, хэдэн шилэн ламп нь улайж халчихсан орос зурагтынхаа хажуу бөөр хавирга сүвээ рүү хатуу зөөлөн балбаж тогшиж дүрсээ тогтоох үе ч их гардагсан.
Эхний үе ижил тэнцүү өгөө аваатай дуусав. Олимпын аварга кубыг хожиж яагаад болохгүй гэж. 2-р үе эхлээд Эррера ухасхийж дайрангуут Батбилэгийн эртнээс төлөвлөөд эгзэгтэй мөчийг эрж хүлээж явсан баруун гарын угтуулсан хүнд цохилт тун оновчтой туссан. Олимп дэлхийн аварга тээр хойшоо тэрий хадан сунаж унаад хоёр гараа тулан босч ирсэн тэр мөчийг мартаагүй санаж байгаа хүн ганц нэг бишээ. Төгсгөлийн 3-р үе дээр Эррера улайран дайрсаар Батбилэгийг маань нокдаунд оруулж тоолуулсан. Үлдсэн минутанд тэнцүүхэн үзэлцсээр цаг дуусч, Эррера ялалт авч байж билээ.
Хэрэв Батбилэг Эррераг хүнд цохилтоороо тэр чигт нь буулгаад авсан бол хүрэл медалын төлөө өмнө нь өчиггүй дийлж байсан Польшын Адахыг ялаад финалд хүрэх ч боломж бас байв. Санаанаас гардаггүй сайн цохилт, Эррерагийн эвгүй уналт.
Мөн 80-аад оны Монголын бокст тодрон гарч ирж, үзүүштэй уран гоё тоглолт, хурд хүчтэй угсраа цохилтууд, хуурч бултаж зайлах арга техник төгс эзэмшсэн боксчин бол 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медальт гавъяат тамирчин Нэргүйн Энхбат байв. Тэрээр ид сайн үедээ 1984 оны Лос”Анжелесийн олимп, 1986 оны Риногийн дэлхийн аваргад очиж оролцсон бол гарцаагүй медалын тавцанд зогсохоор байлаа. Удтал хүсэж хүлээсэн олимп, дэлхийн аваргын алтан медаль магадгүй хорин хэдэн жилийн өмнө ирж ч мэдэх байсан.
Дэлхийн шилдгүүдийг дараалан хожиж хамгийн ширүүн өрсөлдөгч Кубын боксчныг 5:0 харьцаагаар төвөггүй ялж явсан үедээ хоёр өөр системын зөрчлийн золиос, хариуцлаггүй хүнд суртлын балгаас болж олимп, дэлхийн аваргад оролцож чадаагүй нь харамсалтай.
1984 oны Олимпын наадамд дэлхийн улс төрийн зодооноос болж олон улс очиж оролцоогүй тул үзэгчид үгүйлэн харж гол хохирогчид нь 4 жил хөлсөө урсган олимпод бэлдсэн тамирчид болж байв. Тэр үеийн ЗХУ тэргүүтэй социалист орнууд Кубын нийслэл Хавана хотноо “Найрамдал” нэртэй бага олимпийн боксын тэмцээн зохиожээ. Сонирхогчдын боксоор тамирчид нь жин бүрдээ дэлхийн шилдэг 10-ын жагсаалтыг дүүргэдэг байсан Куба, ЗХУ, Ардчилсан Герман, Румын, Болгар, Польш, Унгар, Чехословак, Ардчилсан Солонгос, Монгол зэрэг орны олимпын шигшээ Хаванын рингэнд уулзаж тулалдсан болохоор жижиг олимп нэртэй ч жинхэнэ их олимпын наадмын дайтай тэмцээн болсон гэдэг.
Энэ тэмцээнд Эррерагийн хувьд спортын замналаа нэр төртэй дуусгах сүүлчийн том тулаан манай Энхбаттай хийх финалын тоглолт байв. Энхбат 3 үеийн турш Эррераг оноогоор давуу хожсон ч нутгийн дэвжээн дээрх хүндтэй зодог тайлалт, үзэгчид фэнүүдийн хүчтэй дэмжлэг шуугиан шүүгчдийн шийдвэрт нөлөөлж 3:2 харьцаагаар ялагдан, олимпын дайтай мөнгөн медаль авчирсан түүхтэй. За одоо Эррерагийн өөрийнх нь яриа руу орьё.
Эррерагийн гэрт
Гуанабо хот хүртэл хот хоорондын таксигаар жирэлзүүлээд тун хурдан хүрээд ирлээ. Пенас Алтос хэмээх төв дүүрэгт буунгуутаа хоёр тийш эргэн хажуугаар зөрсөн хүнээс “Донде эста ла каса дель кампион олимпико де боксео” гээд асуунгуут бидний буусан гудамны төгсгөлд харагдах нэгэн цагаан хашааг чиглүүлээд шуудхан зааж байна. Нэг нөхөр бүр дагуулан замчлахаар урд ороод алхаж гарав. Ийм л найрсаг энгийн сайхан улс юм билээ, эгэл жирийн кубачууд. Манайхаар бол Гацууртад ирээд Баянаа аваргынх хаагуур вэ? гэсэнтэй дүйцэх багцааны юм байна. Харин хашаа хороо гэр байшин нь даруухан айл байлаа.
Хаалганы гаднаас мэндчилсэн орчуулагч хүү “Эррера өөрөө үүдэндээ сууж байна. Сая асуусан, би байна гэнээ” гэсээр оров. “Бид Монголоос яваа юмаа, энэ дүү маань Хаванад сурдаг оюутан. Таныг Монголд мэддэг хуучин фэнүүд олон бий, энд амьдардаг сургаар ирж, таны амар мэндийг асуунгаа хамт зургаа даруулж дурсгалын зүйл бас гардуулахаар ирлээ” гэсэн уулзалтын эхний тактик эргэлзсэн гайхсан байдлыг эрс өөрчлөв. Эхнэр нь баяртай ч бас сандран том өрөө одоогоор засвартай байгаа хуучин байранд хамаг юм үлдсэн энэ тэр гээд цай ундаа болоод явчихав.
Эррерад зориулж авчирсан 2007 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан Монголын боксын холбооны сүлдтэй алтан медаль гардуулж, Монголын төрийн далбаатай дурсгалын жижиг боксын бээлийгээ өгтөл сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой авч үнсээд шүүгээн дээрээ хүндтэй байрлуулж харагдсан.
Энэ хооронд зураглаач маань ч цүнх савнаас микрофон камер гаргах зуураа эхнэр хүүхдүүдийн гарыг цайлгаад хэдийн амжжээ. Эррерагийн зарим нэг тоглолтын бичлэгийг интернэтээс утсан дээрээ татаж аваад хадгалсан байв. Өөрт нь тэр бичлэгийг үзүүлэнгээ боксын тухай яриа эхлэж, ярилцлага болгон үргэлжилсэнийг одоо уншина уу?
-Тантай уулзаж ярилцах бодол эртнээс тээж явдаг байлаа, ийм мөч өнөөдөр тохиож байгаад хувьдаа баяртай байна. Ингээд Монголын үзэгчид бокс сонирхогчдод зориулаад ярилцлага өгч байгаад тань их баярлалаа.
-Та бүгд тэр хол газраас Анхел Эррера миний амар мэндийг асууж ирсэнд их баярлалаа, намайг алсын Монголд одоо хүртэл мартаагүйд бас гайхаж сууна.
-Та Монголын боксчидтой дэлхийн рингэнд таарч тоглож байсан хүн манайхны тоглолтын онцлогоос юу хэлэх вэ?
-Монголын боксчид үнэхээр хүчтэй (энэ үгийг давтан хэлэв) маш сайн эсэргүүцэл үзүүлж чаддаг онцлогтой. Манай Куба дэлхийн олон оронтой боксоор өргөн харилцаатай. Танайх ч боксоор том гүрнүүдээс огт дутахгүй хөгжсөн улсын нэг.
-Арай илүү тодруулаад ярилцья л даа. 1980 оны Москвагийн олимпод та түрүүлэхдээ туулсан даваа бүрээ мэдээж санаж байгаа байх. Монголын тамирчин Батбилэгтэй хийсэн тоглолтын талаар юу хэлэх вэ, ялангуяа 2-р үеийн эхний мөчийг.
(Орчуулагч залуу маань цааш дамжуулахдаа танд хүчтэй цохилт өгөөд тоолуулсан гэж хэлсэн байв.)
-(Инээд алдаад) Маш сайн асуулт байна. Би одоо ихэнх гадаад хүмүүсийн нэрийг бүр мартжээ. Заримынх нь царай зүсийг бүдэг бадаг санаж байна, харин олимпын дэвжээн дээр хүнд цохилтонд орж унаснаа яаж мартах билээ. (сүүлд нөгөө хүүтэй дахиж суугаад тулгаж орчуулахад cayó feo буюу муухай зэвүүн унасан гэдэг үг хэлж). Би бокс тоглоод ердөө 2 удаа унаж үзсэн. Тив дэлхий, Панамерикийн тэмцээн хаана ч хүнд цохилт аваад унаж байгаагүй. Харин өрсөлдөгчөө хангалттай олон удаа унагааж, дутуу гаргаж, хүнд цохилтоор ялж явлаа. Өөрөө хүнд цохилтонд ороод ойчсон хоёр тохиолдолын эхнийх нь олимпын дэвжээнд намайг унагасан тэр монгол дараачийх нь Сантьяго де Куба хотын боксчин Самуэль Берфүд. Гэхдээ би босож ирээд хоёуланг нь амархан ялсан.
Жич: Энд нэгэн тодруулга хийхэд 1976 оны Монреалын олимпын наадамд финалын тоглолтонд Эррера Ардчилсан Германы тамирчин Ришард Новаковскийг 2-р үед нокаут буюу хүнд цохилтоор, 1980 оны Москвагийн олимпийн финалд ЗХУ-ын тамирчин В.Демяненког мөн 2-р үед техникийн нокаутаар тус тус ялж түрүүлж байв. Нийтдээ тэрээр сонирхогчдын бокст 267 тоглож 255 ялалт байгуулсан.
-Яг энэ тохиолдол дээр тодруулж бас нэг асуулт байна. 2-р үеийн завсарлагаар дасгалжуулагч Алсидес Сагарра танд юу гэж зөвлөгөө өгсөнийг санаж байна уу, одоо энэ монголтой ингэж тэгж тогло гээд...?
-Аан тийм, Сагарра –Хөөе, юу болж байнаа, одоо чи болноо, гараад дуусга! гэсэн. (шууд буулгахад matar буюу алах хэрэгтэй гэсэн хэллэгээр ярив). Сагарра ер нь тайван талдаа хүн сүйд болж сандрахгүй. Тэр үед нилээд ууртай байсан, бага зэрэг сандрахаар уурладаг юмаа бас. Тэгээд л би ус балгаж амаа зайлаад шүднийхээ хамгаалалтыг хийж гараад л дуусгасан даа. (инээв). Монгол харин намайг гэнэт унагаасандаа ч юмуу мэдэхгүй 3-р үед нилээд биеэ барьсан байдалтай тоглосон санагдаж байна.
-Финалын тоглолтонд тантай аваргын төлөө үзэхээр Оросын В.Демьяненко үлдсэн байв. Орос гарч ирэхдээ хөмсөг нь сэтэрчихсэн байсан гэж үнэн үү. Тэгээд эмчийн татгалзсанаар техникийн нокаутаар та ялж түрүүлсэн. Оросууд Эррера манай хүний сэтэрсэн хөмсөг рүү улайран дайрсаар ялалт авлаа, мөргөөд сэтэлчихлээ зэрэг янз бүрээр бичсэн байх. Та ер нь ямар тактикаар тоглосон вэ?
-Үгүй дээ, гарч ирэхдээ хөмсөг нь задарсан шинж огт байгаагүй. Эхний үед миний зүүн гарын цохилтууд оновчтой болж, хөмсөг нь хавдаж ирсэн байх, рингийн шүүгч тоглолтыг зогсоосон ч эмч үзээд үргэлжлүүлж болно гэсэн. 2-р үе миний цохилт илүү байндаа туссаар дууссан. Сүүлдээ Демьяненкогийн хавдсан нүд юм харж чадахаа больсон тул тоглолтыг зогсоож, би ялалт авсан. Эмч шүүгч нарын шийдвэр бол тэдний хэрэг, тоглолтын хувь заяаг тэгэхээр миний хүчтэй цохилтууд шийдсэн байгаа биз дээ. Олимп болохоос яг 1 сарын өмнө Зөвлөлт Кубын нөхөрсөг уулзалтан дээр Демьяненкотой таарч 3:2 харьцаагаар би түүнд хожигдсон байсан. Олимпоор таарч хариугаа авахыг би их хүссэн ёсоор болж ялалт байгуулж чадсан. Цэвэр спортын өрсөлдөөн шүү дээ.
-1984 онд Лос-Анжелесийн олимпод социалист орнууд оролцож чадаагүй ч Хавана хотноо Найрамдал тоглолт болж хоорондоо ширүүн өрсөлдсөн. 60 кг-ын финалд та манай шилдэг боксчин Нэргүйн Энхбаттай тулалдсан тухайгаа эргэж нэг дурсана уу?
-Тэр тоглолтыг маш сайн санаж байнаа. (хэсэг бодолхийлэв). Ер нь миний оролцож байсан бүх тэмцээнд Монголын боксчид сайн байсан. Харин сугалаанд их азгүй манайхантай дандаа таардаг. Кубын шигшээтэй таарахаар юу болдог билээ ойлгомжтой шүү дээ. (Инээв)
(Энэ асуултнаас Эррера илт зайлсхийж наргиантай байдлаар хариулт өгөв. Тэр үед би бараг хожигдсон шүү, үгүйдээ тэнцүүхэн тоглолт болсон гээд ч ярихгүй нь мэдээж болуу).
-Дараачийн асуулт 1982 оны Мюнхений дэлхийн аваргын талаар. Та АНУ-ын боксчин Пернел Уайтакерийг ялж түрүүлсэн. Дараа нь та ПанАмерикийн тоглолт болон АНУ Кубын уулзалтанд түүнд дараалаад ялагдаж байсан.
-Тиймээ, Уайтакертэй хоёр удаа тэнцүү тоглоод шүүгчийн саналаар ялагдсан. 1982 он бол миний хувьд тун чухал жил байсан даа. Олимп дараалан түрүүлээд дэлхийд дахин түрүүлэх эсэхээ шийдэх тун хариуцлагатай үед сайн тоглож санасандаа хүрсэн жил байв.
-Мюнхений дэлхийн аваргын финалд 57 кг-ын жинд таны нэг багийн найз Адольфо Орта агсантай манай тамирчин Равсалын Отгонбаяр тоглосон. Тэр финалын тоглолтын талаар Орта юу ярьж байсан бол. Танд санаж байгаа юм байна уу?
-Аан тийм тэр тоглолтыг санаж байна. Тэмцээний дараа бид очиж Монголын боксчинтой гар бариад баяр хүргэж байсан. Алтан медалын төлөө Ортатай таараагүй бол түрүүлчих байсан байх. Сайн боксчин байсан шүү.
-Кубын домог болсон дасгалжуулагч Алсидес Сагарра Монголын тамирчидтай тулалдах талаар тусгайлан ярьж байсан удаа бий юу, таны санаанд үлдсэн дурсамж юу байна?
-Тиймээ, Кубын боксын сургалтын маш том төлөөлөгч, алдартай хүн. Зөвхөн монголчууд ч биш ер нь Ази стилитэй тоглогчтой тулалдах талаар зөндөө л арга тактик ярьдаг байсан. Ер нь миний жинд хоёр Солонгос, Монголын боксчид Ази тивээс арай илүү нь байсан санагдаж байна. Тайланд, Хятад, Энэтхэг бол тэр үедээ тааруухан байсаан. Саггара ер нь эхнээсээ л өрсөж цохилт өгөх хэрэгтэй гэдэг байсан. Мэдрэмж маш чухал нэг оноо алдахад буцааж хоёр оноо ав гэдэг байсан.
-Таны нэг багийн анд нөхөр агсан Орта маш хурдтай тоглолттой байсан. Харин таны тоглолтын арга барил, гол онцлог юу байв?
-Тиймээ, Орта хурдтай байсан. Гэхдээ түүнээс илүү хурдтай боксчин Кубын түүхэнд бас байсан. Тэр бол 30-аад оны Кубын шүтээн Кид Шоколаде буюу жинхэнэ нэр нь Элигио Сардинес. Бэлтгэл дээр цохилтыг нь анзаарахын тулд цагаан бээлий өмсүүлж байсан түүх бий. Би ч хэрэндээ хурдтай л байсан гэхдээ техникийн хувьд тийм ч дээгүүр бишээ. Миний тоглолтын гол онцлог бол ямар ч хүнтэй халгалгүй шууд давшиж тулалддаг. Бас тэсвэртэй, ядардаггүй зэрэг чанар байх. Бэлтгэл дээр ч, тэмцээн дээр ч намайг - Энэ одоо эцэж цуцдаггүй юм байх даа... гэхийг олон удаа сонсож байсан шүү.
-Та Монголд тэмцээнд очиж байсан талаарх дурсамжаа хуваалцана уу?
-70-аад оны сүүл билүү, чухам яг хэдэн оныг санахгүй байна. 77, 78 оны үед байх. Олимпын дараа Европын тэмцээнүүдэд ороод Монголд очиж тэмцээнд оролцоод зочид буудалд 12 хоносон. Тэнд гүүний сүү (айраг) анх ууж үзэж билээ. Амт нь их таалагдсан санагдаж байна. За тэгээд нилээд хүйтэн байсан шүү, өглөөний бие халаалтанд гарах, ойрхон зочид буудлаас гараад ордон хүртэл алхахад хүйтний эрч мэдрэгдэж байсан.
-Та хэрэв Монголд дахин очвол тантай тоглож явсан хүмүүс бас байгаа шүү дээ. Зуны дулаан улиралд айлчилвал айраг бас ханаталаа ууж үзэж болноо. Батбилэг ах бизнес хийдэг, Энхбат маань ч Америкт хэсэг амьдраад одоо Монголдоо байгаа. Хоёулаа л нэр хүндтэй хүмүүс болсон.
-Өө тийм үү их сайхан сонсогдож байна. Миний мэндийг дамжуулаарай.
-Та яг одоо камер руу харж байгаад энд дамжуулж болно.
-Аан за. Хуучин таарч тоглож явсан монгол найзууддаа Анхел Эррера би мэнд хүргэе! Бас нэмээд ажил амьдралд нь амжилт эрүүл чийрэг байхыг хүсье. Эртний хуучин өрсөлдөгч Эррера мэнд дэвшүүлж байна гэж хэлье дээ.
-Боксоор хичээллэж эхлэж байгаа залуу үед хандаж та юу хэлэх вэ?
Нэгэнт энэ спортыг сонгон хичээллэж эхэлсэн бол биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүрхээ бүрэн зориулаарай. Дээрээс нь цагаа сайн ашигла. Энэ их чухал. Боксын спортод амжилт гаргах хамгийн идэвхтэй нас бол 20-30 хооронд байдаг. Хүний амжилт гаргах оргил үе тун богино. Цагаа зөв ашиглахгүй бол нэг мэдэхэд үр дүн муутай хайран хугацаагаа алдах болно. Хүн хэрвээ зорилготой байгаад уйгагүй зүтгэвэл түүнийгээ биелүүлж чадна. Амжилт заавал ирнэ. За тэгээд дээр нь нэмж хэлэхэд сахилга бат гэдэг зүйл маш чухал даа. Мэдсэн сурсанаа бусадтайгаа бас харамгүй хуваалцаж яваарай. Иймэрхүү л юм захиж хэлье.
-Таны амьдрал хэвийн биз дээ, биеийн эрүүл мэнд ямар байна?
-Өө, зүгээр зүгээр, маш сайн байгаа. Санаа зовох юм алга.
(Өөрөө тэгж хэлсэн хэдий ч нэг хөл нь гишгэхдээ тааруухан хоёр гар нь бас бүрэн чөлөөтэй хөдлөхгүй асуудалтай байх шиг харагдсан) Сүүлд орж ирсэн бага хүүгээс нь лавлахад жилийн өмнө нэг унаад бага зэргийн харвалт болсон бололтой. Ахуй амьдралынхаа талаар нэг их дэлгээд байх хүсэлгүй санагдсан тул энэ сэдвийг бараг хөндсөнгүй. Үнэндээ бас хийдэгээ хийж хүссэндээ хүрсэн хүндтэй хүн тул өөрийнх хэлснээр санаа зовох илүү дутуу юмгүй ч биз дээ)
-Та дэлхийн олон орноор тэмцээн уралдаанд оролцож явсан хүн таны сонирхолыг хамгийн их татсан нутаг орон хаана байсан бэ?
-Ази, Европ, Америкаар дамжаад хэдэн сараар нисдэг байлаа, гэхдээ бид аялах биш уралдаан тэмцээнд оролцож явсан болохоор ямар нэгэн зүйлд сатааран гайхах тухтай үзэж танилцах боломжгүй байлаа шүү дээ. Эргээд санахад энэ хэдэн жил маш завгүй хурдан өнгөрчээ. Очсон үзсэн бүх л газар орон өөр өөрийн онцлогтой сонин содон байсаан. Гэхдээ хүнд хатуу тулалдааны дараа амжилт дүүрэн баяртай анд нөхдийнхээ хамт нутагтаа буух шиг сайхан юм байхгүй гэж хэлнээ.
-Та их спортын дараа дасгалжуулагчийн ажилд шилжиж үзэв үү, гаднын улс орноос ирж ажиллаач гээд урилга ирдэг байсан уу?
-Дасгалжуулагчийн хувьд анхан шатны түвшинд буюу багачууд залуучуудтай ойрхон байж зарим амжилтанд бас хүрч байсан шүү. Перу улсын урилгаар залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар 3 жил гаруй ажиллаж байлаа. Миний шавь нараас Перугийн шигшээд орсон залуус бас бий. Доминиканд нэг хэсэг болсон гэхдээ нилээд сүүлдээ.
-Танд цагтаа мэргэжилийн боксд хүч үзэх санал бас ирж л байсан байх тийм үү?
-Тийм санал байлгүй яахав. Олон ирсэн. Гэхдээ би харамсдаггүй юм. Ид залуу насандаа эх орныхоо цэнхэр далбааг дэлхийд мандуулахад чадлаараа хүчин зүтгэсэндээ, дээр нь бас ч хүн бүр хүрээд байдаггүй амжилт гаргасандаа баяртай явдаг.
-Гаднын сэтгүүлчид тань дээр ирж уулзсан тохиолдол олон биз дээ. Нууц биш бол гадаадын ямар орны сонин сэтгүүлд ярилцлага өгч байв.
-Олон жилийн өмнө бол янз бүрийн ярилцлага өгдөг байсан. Хэл ус ойр болохоор Латин Америкийн голдуу байсан байх шүү. Сүүлийн жилд бол манайхны л ганц нэг сониноос уулзсан байх. Германууд уулзаж ярилцах санал хэллээ гээд дуулдаж л байсан. (Энд Испанийн кино найруулагчийн талаар ганц ч үг дурдсангүй) Монголын сэтгүүлч харин ингээд орчуулагчаа дагуулаад шууд гэрт ороод ирсэнд их баярлалаа. Залуу нас, хөлс асгарсан тулаан дүүрэн оролцож явсан уралдаан тэмцээн, үзэгчид битүү шуугисан спортын ордон, эртний хуучин анд нөхөдөө эргээд харж байгаа юм шиг сэтгэл нэг л сайхан боллоо.
-За миний хувьд тантай уулзаж ярилцах бодол зорилгоо биелүүлчихлээ. Куба оронд анх удаагаа ирлээ, Нээлттэй сайхан орон юм байна. Хүмүүс нь нөхөрсөг энгийн, та ч биднийг ингээд хүлээж авч сайхан яриа дэлгэсэнд их баярлалаа.
-Аан харин тэглээ. Хүн зориод явбал хүссэндээ хүрдэг шүү дээ.
-Би Кубад ирээд Кардины тэмцээн үзэж чадаагүй ч сайхан аялаад буцах нь. Хэрэв та хүсвэл Монгол нутагт тавтай зочилоорой. Танд эрүүл энх сайн сайхныг хүсье!
-За чамд бас их баярлалаа! Кордоба Кардины тэмцээн ирэх жил болох байлгүй дээ. Дахин хүрээд ирвэл чинь авч яваад хамт үзнээ. Монголчуудад сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын боксчдод амжилт ялалтыг бас хүсэн ерөөе!
Ийнхүү олимп дэлхийн хошой аваргын гэрт тухтай хэсэг ярилцаж суугаад гарав. Яг явах үедээ ёсыг бодож холоос хэрэг болгон зорьж авчирсан монгол идээний дээж соёмбо архин дээр үр ачдаа чихэр авч өгөөрэй гээд халзан ногоон зуутын дэвсгэрт барив. Эррера энэ архийг би аавуудын өдрөөр амсана гээд ихэд баярлаж, биднийг гадаа үүд хүртэл гаргаж өгөөд араас харсаар хоцорлоо.
Амжилт ялалтаар арлын орныхоо тугийг дэлхийд өргөж явсан энэ куба эр Гуанабо хотын Пенас Алтос хэмээх буйдхан дүүрэгт ард олныхоо дунд энгийн эгэл даруухан амар тайван суугааг олж очоод уулзаж ярилцлаа. Бидний яриа түүний халуун залуу насны хөлс хүч, сэтгэл зүрхээ харамгүй зориулж дэлхийн дансанд бичигдсан их спортыг тойрсоор ийнхүү өндөрлөв.
Олимп дэлхийн хошой аварга өөрөө “Монголын боксчид үнэхээр хүчтэй” гэж дуу алдан давтаж миний өгсөн соёмбот далбаатай бяцхан дурсгалын бээлийг үнсэж, хоймортоо залаад өөрт нь үлдэж хоцорсон ТопТен брендийн тоглолтын улаан алаг бээлий дээр гарын үсгээ зураад өгсөнд ихэд билэгшээн Гуанабо хотоос сэтгэл дүүрэн буцлаа.
Холын Матанза хотоос дуудсан даруй хүрч ирээд орчуулга хийж оролцон тусалсан хүн эмнэлэгийн 4-р курсын оюутан хүү Лхагвасүрэнгийн Санжаажамц дүүд бас баярлалаа!
Сэтгэгдэл ( 14 )
Ёооё, энэ нэг дээшээ гүйгээд байгаа юмыг яаж болиулдаг юм бэ. Юм уншуулахгүй саад болоод байх юм.
Ёооё, энэ нэг дээшээ гүйгээд байгаа юмыг яаж болиулдаг юм бэ. Юм уншуулахгүй саад болоод байх юм.
Ёооё, энэ нэг дээшээ гүйгээд байгаа юмыг яаж болиулдаг юм бэ. Юм уншуулахгүй саад болоод байх юм.
yamar saihan yariltslaga ve 80 d onii snildeg bokschid maani nudend haragdlaa Otgon bayar Narantuya dembereelgeed
yamar saihan yariltslaga ve 80 d onii snildeg bokschid maani nudend haragdlaa Otgon bayar Narantuya dembereelgeed
баяраллаа сайхан дурсамж
Сайхаан идүүштэй мөлжүүртэй ярилцлага болж.
Үнэхээр сайхан ярилцлага болсон байна. Би өөрөө бокс сонирхдоггүй ч гэсэн дуустал нь уншлаа...
Гоё ярилцлага. Та их сайн бичдэг юм байна. Монголын боксын спортын талаар өөрийн дурсамж номоо бичээрэй. Түүх болж үлдэнэ. Амжилт.
Za yostoi saihan yum unshlaa. OIRD UNSHAAGUI SAIXAN MEDEE NIITLEL BNA SHUU BAYARLALA. SETGUULCH NAR IIMERHUU SAIXAN ZUIL NIITELJ BAI LDAA
BAYRLALAA.MASH SONIRHOLTOI NIITLEL BNA.TER UEIIN BOKSCHID UNSHVAL IH L GOE DURSAMJUUD BNADAA.
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
blalaa
Saihan niitlel boljee. Bayarlalaa