Зөвлөлт холбоот улс таран бутарснаас хойших Орос улсыг Владимир Путины эрин үеийн Орос гэж тодорхойлж болно. Үзэн ядагчдынхаа тоогоор Оросын тамгыг атгаж байсан бүхий л удирдагчдаас дутахгүй. Магадгүй тэднээс ч олон үзэн ядагчтай байхыг үгүйсгэхгүй. Владимир Путин Ерөнхийлөгчийн суудлаасаа түр татгалзаад Медведевт суудлаа тавьж өгсний дараагийн сонгуулиар дахин энэ суудалд заларсан 2012 оноос хойш үзэн ядагчдын тоо нь улам нэмэгдсэн гэж барууны судлаачид үздэг. Одоогийн ОХУ-ыг яг ч ардчилсан улс гэхэд хэцүү ердөө л нэг нийгмийнхээ нэршлийг, тэргүүлэх улстөрчдийн янз төрх, эрх барьж буй намын нэр солигдсоноос гавьтай өөрчлөгдөөгүй нь нүцгэн үнэн. Сүүлийн гурван жилд ОХУ-д эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Гагцхүү “Нэгдсэн Орос” нам, тэр дундаа Владимир Путины үзэл суртал л жагсаал цуглаан гараагүй гэж харагдуулж байгаа болохоос...
Яг одоо ОХУ-ын Москва хотод орон нутгийн сонгуулиас үүдсэн сөрөг хүчний жагсаал хүчээ авсаар байна. Энэ удаагийн жагсаалд залуу үеийнхэн голчлон оролцож байгааг гаднын хэвлэлүүд онцолж байгаа. ОХУ-ын нийслэл Москва хотын Думын сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар зохион байгуулах гэж байгаа гэх үндэслэлээр сөрөг хүчнийхэн энэ удаагийн жагсаалыг зохион байгуулж буй. Эрх баригчид энэ удаад Алексей Навальныйг дахин буруутгасан. “Нэгдсэн Орос” нам, Ерөнхийлөгч Владимир Путиныг эрс шүүмжилдэг түүнийг эрх баригчид нүднийхээ урдуур зүгээр өнгөрөөнө гэж байхгүй. Ялангуяа сөрөг хүчний хэд, хэдэн нам болон түүний гишүүдийг энэ удаагийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гарсан нь ийнхүү жагсаал цуглаан дэгдэхэд хүргэжээ.
Эрх баригчид мэдээж жагсаал цуглаан болно гэж гадарлаж байсан учраас ОХУ-ын нийслэл Москва хотын захирагчид бүх төрлийн жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх тушаал буулгасан аж. Гэвч сөрөг хүчнийг илтэд хааж боон нээлттэй нийгмийн заяагдмал эрхийг зөрчиж байгаа учраас залуу үеийнхэн энэ жагсаалыг сурвалжилжээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн уг жагсаалыг эрх баригчдын зүгээс хүчээр болиулж, улмаар 1000 гаруй хүнийг баривчилсан байна. Тэдний дотор сөрөг хүчний 60 гаруй гишүүн, 20 гаруй сэтгүүлч байгаа аж. Хэдийгээр жагсаал цуглаан намжсан гэж мэдээлж байгаа ч дахин жагсаал гарах магадлалтай тул томоохон хотуудад жагсаал цуглаан зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Пушкины талбай, Трубная, Тургеневская талбай болон Арбатын гудамжинд 600 гаруй хүн тайван жагсаал зохион байгуулжээ. Дээрх цуглааныг зохион байгуулсан гэх Любовь Собол гэгчид 300 мянган рублийн торгууль ногдуулсан байна. Санкт-Петербург хотод ч сөрөг хүчнийхнийг дэмжсэн 200 гаруй хүн жагсаал зохион байгуулсан ч цагдаа нар хүчээр тараажээ. Одоогоор чухам хэдэн хүн баривчлагдсан нь тодорхойгүй байгаа юм.
Гадаад улсад амьдардаг оросын иргэд ч үүнийг эсэргүүцэн Берлин, Парис хотод суух Оросын элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Түүнээс гадна Европын зөвлөлийн туслалцаатайгаар 10-20 жижиг хэмжээний уулзалт зохион байгуулагдсан гэдгийг Ройтерс мэдээллийн агентлаг дурдсан байна.
Эрх баригчид өдрөөс өдөрт дэмжигчдээ тэлсээр буй сөрөг хүчнийхнээс 2012 оноос хойш айж эхэлсэн. Энэ цаг үе Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон он жилтэй давхацдаг. Хэдийгээр томоохон хотуудад жижиг жагсаал цуглаан болдог байсан ч цагдаа нарын хүчээр тараадаг байсан ч 2017 онд ОХУ-ын 60 гаруй мужид зэрэг өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр намжааж чадаагүй юм.
Улмаар Оросын залуу үе жагсаал цуглаан зохион байгуулж болдог гэдгийг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаа гэдгийг ойлгосон билээ. Энэ цаг мөчтэй зэрэг ОХУ-ын Засгийн газар олон нийт эрх баригчдыг шүүмжилсэн утгатай коммент, үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлэхийг хориглож, зөрчлийн гэмт хэрэг гэж үзэх шийдвэр гаргасан юм. Ард нийтээсээ, сөрөг хүчнээсээ чухамдаа хэр зэрэг айж буйг дээрх шийдвэрээс харж болно гэж Евро парламентын зүгээс онцолж байсан нь одоо ч хуучраагүй байна.
Сөрөг хүчнийхэн эрх баригчдын нүсэр хана хэрэмтэй дахин нэг удаа тулгарсан учраас ирэх есдүгээр сарын 08-ны өдөр болох Москва хотын Думын сонгуульд ард иргэдийг оролцохгүй байхыг уриалж гарын үсэг цуглуулж эхэлжээ. ОХУ-ын Цагдаагийн ерөнхий газар ойрын хоёр сарын хугацаанд хүчээ нэмэгдүүлэн ажиллаж, жагсаал цуглаан зохион байгуулагдах өндөр магадлалтай хэд,хэдэн газарт Цагдаагийн пост нэмж байршуулсан байна. Түүнчлэн сөрөг хүчний удирдлагуудын нэгдсэн хуралдаан зохион байгуулах, иргэдийг уриалсан зурагт хуудас байршуулах зэргийг ч тодорхойгүй хугацаагаар хоригложээ. Гэвч өдрөөс өдөрт хүчээ тэлсээр буй ард иргэд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хамгаалахыг хүссэн залуу үеийнхээ дэвэрсэн сэтгэлийг хэр удаан тогтоон барих нь тодорхойгүй байна.
ТЭМЦЭГЧДИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛЖ БУЙ ОХИН
ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулагдаж 1000 гаруй хүнийг баривчлаад байгаа энэ цаг мөчид 17 настай охин Ольга Мисик сөрөг хүчний тэмцлийн бэлгэ тэмдэг болоод байна. Жагсаалыг тарааж буй цагдаа нарын урд ОХУ-ын Үндсэн хуулийг чанга дуудан уншиж буй түүний зураг гаднын хэвлэл мэдээллийг чимээд эхэлжээ. Угтаа ОХУ-д өсөж бойжин буй залуу үеийнхний төлөөлөл нь тэр юм. Түүн шиг олон арван залуус ОХУ-д бий.
“Би сэтгэлийнхээ дуудлагаар үүнийг хийсэн. Үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж байсан хүмүүсийг буу, бамбайтай цагдаа нар хүчээр тарааж байсан болохоор би Үндсэн хуулиа тэдний өмнө унших ёстой гэж бодсон. Яагаад гэвэл тэд хууль сахиулдаг хүмүүс шүү дээ. Магадгүй энэ нь л миний хувьд байж болох хамгийн том зэвсэг юм. Ээж маань жагсаал цуглааныг хүчтэй шүүмжилдэг. Манай аав ч гэсэн ялгаагүй. Тэр Владимир Путиныг Сталинаас хойш тодорсон хамгийн хүчирхэг удирдагч гэж үздэг. Гэхдээ би тэднийг дэмжих албагүй шүү дээ” гэж Ольга Мисик “Звезда” цахим хуудаст өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ольга Мисик охиныг цагдаа нар баривчлаагүй. Харин олон нийтийн газар дахин ийм үйлдэл гаргавал хуульд заасны дагуу баривчлан саатуулна гэж сануулаад өнгөрчээ. Яг одоо түүний зурагтай футболк, зурагт хуудас барууны орнуудад эрэлттэй болоод байна. Сөрөг хүчин тэр дундаа эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй залуу үеийнхэнд түүний үйлдэл “ташуур” болох нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 0 )