“Оюу Толгой”-н тайзан дээр амилж буй Рио Тинтогийн зохиол-II

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Уул уурхайн “аварга загас” гэх тодотголтой Рио Тинто компани тодотгосон нэр шигээ ядуу буурай улс орнуудын баялаг, ирээдүйг авлигын мөнгөөр залгидаг компани аж. Ингэж дүгнэх болсон шалтгаан нь Мозамбик, Намиб, Индонез улсад хэрэгжүүлж буй уран, нүүрс, төмрийн хүдрийн хэд, хэдэн төсөл үүнээс үүдэн гарсан маргаан, холбогдсон албан тушаалын хэргүүдээс бэлхнээ харж болно. Уул уурхай гэдэг бол аливаа улсын хөгжлийн зүтгүүрийн зөвхөн нэг хэсэг нь. Үндэстэн дамнасан том компаниуд энэ төсөлд оролцож болно. Гэхдээ хуулийн хүрээнд, тухайн улсын ирээдүйг баллачихгүйгээр, ард иргэдэд нь ээлтэй байдлаар хөгжүүлэх ёстой. Харин хөгжил буурай улс орнуудын улстөрчдийн ашиг сонирхол нь мөчидхөн байдаг тул ирээдүйтэй нь, баялагтай нь тоглож болдог гэдгийг ард үлдсэн түүх харуулна. Ядуу буурай улсад тавигддаг Рио Тинтогийн жүжгийн зохиол яг одоо тал нутгийн Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаа. Ази тивийн хамгийн том уурхай болж, ашиг орлого нь нэмэгдэнэ гэж цоллож буй гүнийн уурхай 2021 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч 2023 оны хоёрдугаар улирал хүртэл хойшлоод байна. Шалтгаанаа геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа ч цаана нь өөр ашиг сонирхол цухалзаж буйг ард үлдсэн түүх, сургамж харуулна.

МОЛИГО ҮМХСЭН МОЗАМБИК

Мозамбик улсын Тете мужид байгаль эх өгөөжөө харамгүй хайрлажээ. Нийтдээ 1.9 тэрбум коксжих нүүрсний нөөцтэй энэ газрыг колоничлогч улсууд аль эртнээс хараагаа сунгасаар ирсэн. Замбези голын эрэг дагуу байрлах энэ газарт нутгийн иргэд хяналтаа тогтоож харж, хамгаалж байсан нь эрх мэдэлтнүүдийг ийш зүглэх боломж олгоогүй юм. Гэвч 1975 онд тус улс Португалиас тусгаар тогтнож, өөрийн толгойг өөрөө мэдэх болсон тул арга буюу Тете мужид орших коксон нүүрсний ордод гар дүржээ. Энэтхэгийн Засгийн газар болон төмрийн Тата үйлдвэр хамтран тус ордыг түшиглэсэн хувь нийлүүлсэн компани байгуулах хүртэл зөвхөн хайгуулын шатанд байлаа. Одоогоор энэ уурхай жилдээ 5 сая нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна.

Бүх юм сайхан болж эхэлж байтал Рио Тинто групп хувь нийлүүлсэн компанид хамтран оролцох санал гаргаж 2011 оны дундуур 3.9 тэрбум ам.доллароор компанийн 65 хувийг өөрийн болжээ. Хамгийн гол нь дээрх наймааг хийхдээ хувь нийлүүлсэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Мозамбикийн Засгийн газрын хэд, хэдэн гишүүнийг хахуульдсан байж болзошгүйг Португалийн тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Мозамбикийн Засгийн дээрх наймаа анх яригдаж эхэлсэн цагаас хяналт байх ёстой гэж мэдэгдсээр байсан ч харалган улстөрчдийн гайгаар “аварга загас”-ны аманд орсон нь энэ. Яг үнэндээ коксон нүүрсний уурхай “аварга загас”-ны аманд орсноос хойш ашигтай ажиллаж байсан тохиолдол үгүй. Менежментийн шинэчлэл хийсэн ч байдал дээрдээгүй. Нүүрсний агуулга муу байгаа тул далд уурхай байгуулна гэж байсан ч энэ амлалт хэрэгжээгүй байна.

Улмаар 2017 онд Мозамбикийн Засгийн газар Рио Тинто-г АНУ-ын шүүхэд өгсөн юм. Шударгаар шийдүүлэхийг хүссэн Мозамбикийн Засгийн газрын хүсэл харамсалтай нь биелээгүй. Өнгөрөгч зургаадугаар сарын 06-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын тойргийн шүүхэд болсон хуралдаанаар Рио Тинто компанийг ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэн хэргийг хаасан юм. Энэ асуудал дээр Энэтхэгийн талын Тата групп ч, Энэтхэгийн Засгийн газар ямар нэгэн тайлбар одоог болтол хийгээгүй байна. Мозамбикийн Засгийн газар олон улсын хуульчидтай хамтран нотлох баримтаа хангалттай цуглуулж “аварга загас”-ыг дахин шүүхэд өгнө гэдгээ мэдэгдээд байна.

ИНДОНЕЗИ, ИНГЭХ ГЭЭД БАЙСАН ЮМ

Аварга загасны аманд ороод өөдлөөгүйн нэг жишээ нь Индонези улс. Зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орох Грасберг уурхай энэ улсад бий. Зэс, алт, мөнгөний арвин их нөөцтэй энэ уурхайн нөөц тодорхой болоогүй. 2018 оны олборлолтоос харвал 1.06 тэрбум фунт зэс, мөн адил хэмжээний унц алт, 2.9 тэрбум унц мөнгө олборлон борлуулжээ. Аль 1930-аад оны дунд үед Голландын хэсэг эрдэмтэд энэ орд газрыг илрүүлээд уулга алдаж байсан гэдэг. Тухайн үед ямар нэгэн хяналт байгаагүй тул эзлэн түрэмгийлсэн улсдаа дураараа дургиж Их Британийн компанитай хамтран үйл ажиллагаа явуулах болжээ. Байгалийн баялаг гэхээр зүйлгүй Голландуудад энэ уурхай бурхнаас өгсөн бэлэг гэлтэй л байсан юм.

Уурхай албан ёсоор 2006 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гол тоглогч нь мэдээж Рио Тинто байлаа. Уурхайн дийлэнхийг “Фрийпорт МакМоран” компани эзэмшдэг бол Рио Тинто компани гүйцэтгэл, менежментийн түвшинд ажилладаг байжээ. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нутгийн иргэд, Рио Тинтогийн хооронд маш том маргаан дэгдэж, хэд, хэдэн удаагийн бослого уурхайн бүс нутагт болж байсан удаатай. Бослого хөдөлгөөн намжихгүй байсан тул Индонезийн Засгийн газар, Рио Тинто компани хөрөнгө оруулагчидтай хамтран гурван ч удаа хэлэлцээрийн ширээний ард сууж байв. Гэхдээ энэ уулзалтууд үр дүнгээ өгөөгүй билээ. Хэрүүл яв, явсаар орд газраа Индонезийн Засгийн газар эргүүлэн авах дээрээ тулж ирсэн юм. Авах, авахгүйн тухай маргаан мөн л урт хугацаанд үргэлжилсэн. Маргаан мэтгэлцээн сунжирсаар энэ оны нэгдүгээр сард нэг тийш шийдэгдсэн юм. Бүтэн таван жилийн хугацаанд хэлэлцсэний эцэст Рио Тинто компани Индонезийн төрийн өмчит “PT Inalum” компанид “Гарсберг” уурхайн 40 хувийг 3.5 тэрбум ам.доллароор худалдахаар болсон билээ. Нэг ёсондоо өөрийнхөө нутаг дэвсгэр дээр байгаа хамгийн том уурхайгаа “аварга загас”-ны амнаас худалдаж авсан гэсэн үг. Нарийн технологи байгаа биз.

Анх их гүрнүүдийн дундын тоглоом болсон энэ уурхайг Индонезийн Засгийн газар тэр дундаа Жокови Видодо төрийн эрхэнд гарснаас хойш үйл ажиллагааг нь шинэчлэх, үр дүнтэй болгох талаар ажиллах болсон юм. Жокови Видодо Рио Тинтог энэ уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй гэж үзэж байсантай энэ бүхэн холбоотой билээ. Улмаар олон улсын зөвлөх үйлчилгээний багтай хамтран төрийн мэдэлд авах талаар хөөцөлдөх болсон юм. Одоо төрийн өмчийн компани 40 хувийг авсан тул үйл ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний гарц, олборлолтыг нэмэгдүүлэх талаар календарчилсан төлөвлөгөө боловсруулжээ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Аварга загас жижиг арлын олзыг авна гэдэг тийм ч сайн үр дүнд хүрдэггүй. Тэд нэг бол бүгдийг нь залгих гэж оролдоно, нэг өөрөө хав дараад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам сууна. Тэнд үлдсэн сургамж үүнийг бэлхнээ харуулж байна. Зарим нь зориг гаргаад шүүхээр шийдүүлэх гэж хичээсэн ч бараагүй. Бүр зарим нь өндөр үнээр худалдаж авсан. Чадалгүй нэг нь энэ бүхнийг зүгээр хараад өгсөн хэдэн мөнгөөр нь голоо зогоогоод амьдарч байна. Хэрэв бид яг энэ цаг мөчид ухаантай байж хэлэлцээрийн ширээний ард суун, байгуулсан гэрээгээ шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг шаардахгүй л бол дээр өгүүлсэн гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа байхгүй. Төрийн түшээд ч, эгэл жирийн ард ч энэ асуудалд хэрсүү хандаж, улс орны эрх ашгаа тэргүүнд тавих хэрэгтэй. Өөр зам байхгүй...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.87.205) 2019 оны 08 сарын 08

Odoo ch ongorson bhaadaa

0  |  0
а (139.5.219.44) 2019 оны 08 сарын 08

МАН АН 2 ООС САЛЖ БАЙЖ ДАРАА НЬ РИО ТИНТОТОЙ УЧРАА ОЛОЛЦОНО ШУУ. ЭНЭ 2 НАМ БУГД ХУДАЛДАГДСАН ХУЛГАЙЧ НАР

0  |  0
Top