Э.Ганхуяг: Уул уурхайнаас үүдэн байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийг Zindaa.mn сайт Төрийн ордноос шууд мэдээлж байна. Тост тосон бумын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аймгийн ИТХ-ын тогтоол, ашиглалтын лицензийн талаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн уул уурхай, эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг илтгэл хэлэлцүүллээ.

Э.Ганхуяг илтгэлдээ “Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр 108 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын лиценз буурч байгаа. Учир нь Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор байгалийн онцгой бүс нутгуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байгаа. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 22.22 хувийг орон нутгийн тусгай хамгаалалттай газар эзэлдэг. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс хамгаалж орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байна.

Олон нийт уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хэд хэдэн зүйл дээр онцгой анхаарал хандуулдаг. Иргэд усыг хайрлан хамгаалах ёстой гэж үзэж байна. Говь нутагт усны нөөц багатай. Тийм учраас гадаргын болон гүний усны нөөцийг хамгаалах, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавихыг шаарддаг. Мөн газрын асуудал байна. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малын бэлчээр, газар нутаг хомсдож байна. Уул уурхайн тээврийн үйл ажиллагаатай холбоотойгоор газрын хөрс муудах, зам талбайн тоосжилт нь малын бэлчээрийг муутгаж байна. Жишээлбэл, олон салаа зам гаргах нь хөрсний эвдрэлийг бий болгодог.

Тухайлбал, одоо олон нийтийн анхаарлын төвд ороод буй Тост, Тосон бумбын нурууны орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор тоосжилт бий болж, газрын хөрсийг сүйтгэж байна. Иймд Тост тосон бумбын нурууг хамгаалах талаар аймгийн ИТХ болон Засаг даргын Тамгын газраас ямар шийдвэрүүд гарч байсан талаар танилцуулъя.

БОАЖЯ-ны захиалгаар Олон улсын байгууллага Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд уг үнэлгээний дагуу аймгийн ИТХ, Гурван тэс сумын ИТХ-аас Ашигт малтмалын газарт дараах шийдвэрийг хүргэж байсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны долоодугаар сарын 2-ны  өдрийн 66 тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны 568.923 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын нөөц газарт авах саналыг Засгийн газарт уламжилж байсан.

Мөн аймгийн ИТХ-ын 2013 оны долоодугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор Гурван тэс сумын Баясах багийн нутаг орчмыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж байсан. Аймгийн ИТХ-ын 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар тоот албан бичгээр БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролд хандан, Тост, Тосон бумбын нуруу орчмын говийн бүс нь газрын доорх цэнгэг усны нөөц ихтэй төдийгүй, гол горхи, ховор ан амьтантай эко систем бүрдсэн тогтоц бүхий газар нутаг нь уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор унаган төрх нь алдагдаж байгааг харгалцан үзэж тус бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг уламжилж байсан.  

Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор “Саудгоби коэл транс” ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын лицензийг  тусгай хамгаалалтаас гаргаж, бусад газрыг тусгай хамгаалалтад авсан. Тост тосон бумбын нурууны орчимд явуулж буй  уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top