Дуусашгүй хэрүүлийн эх буюу дутуу алсан могой шиг допингийн эсрэг дүрэм

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Ц.Энхтүвшин “Таван Цагариг”

Допингийн асуудал бол дэлхийн спортын ертөнцийн толгойны өвчин болдог. Монголын спортод ч гэсэн зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай том сэдвийн нэг билээ. Үндэсний их баяр наадамд допингийн шинжилгээ авахтай холбоотойгоор намрын намарт манай спортын ертөнцөд бий болдог дуусашгүй, эх захгүй хардлага, хэрүүлийн гол сэдэв нь мөнөөх л допинг. Наадмын өмнө өөр тэмцээний үед авсан шинжилгээнээс улбаалан харьцангуй эрт олон нийтийн анхаарлын төвд орсон ч наадмын шинжилгээний хариу ирсэн гэх мэдээлэлтэй уялдан мөнөөх л хардлага, сэрдлэг тэнгэрт туллаа.

Дэлхийн допингийн эсрэг дүрмээр нэр бүхий 10 заалтын аль нэгийг нэг буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол допингийн эсрэг дүрэм зөрчжээ гэж үздэг боловч манайд зөвхөн эхний заалтыг буюу “Тамирчны дээжээс хориглосон бодис, түүний дүрс хувирал илрэх” гэсэн ганцхан заалтыг авч үздэг. Ерөөс үндэсний баяр наадмын тухай хуулийн хавсралт болгон мөрдөж буй наадмаар допингийн шинжилгээ авах дүрэм нь дутуу хийгдсэнээс шалтгаалан энэ бүх эх адаггүй хэрүүл маргаан үүсэж буй.

Том маргаан үүсэхэд дараах 3 том шалтгаан хамгийн их нөлөөлж байгаа.

1. Шинжилгээ авах байр ба баг

Допингийн шинжилгээ авах үйл явц нь тамирчны буюу хувь хүний эрхтэй холбоотой хуулийн нарийн процедур. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн хавсралт болох “шинжилгээ авах, мөрдөн шалгах” олон улсын стандартад шинжилгээ авах өрөөг хэрхэн тохижуулах, юу байх ёстой, ёсгүй, хэн нэвтрэх эрхтэйг нарийвчлан зааж өгсөн байдаг. Гэтэл манай цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдал үүнийг хангадаггүй. Б.Гончигдамба гарьдын ярилцлагадаа дурдсанаар бол камер суурилуулж бүр ч ноцтой зөрчил гаргаж. Зүй нь шинжилгээ авах өрөөнд камер байрлуулах нь бүү хэл шинжилгээ өгөх тамирчныг утсаа унтраахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй байранд шинжилгээ авсан нь өөрөө хамгийн том алдаа.

Хүмүүсийн хамгийн их хардлага дагуулж буй зүйл бол дээжийг солих зэрэг шинжилгээ авч буй багтай холбоотой асуудал. Зүй нь бол допингийн шинжилгээ авах багийг хэрхэн бүрдүүлэх тухай ч олон улсын стандартад заасан байдаг. Өнөөгийн нөхцөл байдалд баяр наадмын комиссын гишүүн бөгөөд допингийн шинжилгээ зохион байгуулах хорооны дарга нь биеийн тамир спортын газрын спортын анагаах ухааны албаны дарга. Спортын анагаах ухаан гэдэг бол тамирчнаа шинжлэх ухааны үндэстэйгээр анагаах ухааны ололтуудыг ашиглан амжилт гаргахад нөлөө үзүүлэх үүрэгтэй. Гэтэл допингийн хяналт бол шударга бус юмыг илрүүлэх. Энэ бүтцийг зүйрлэвэл нэг гараараа эм тариад нөгөө гараараа шалгаж буйтай агаар нэг. Мэдээж өөрийнхөө тарьсан юмыг илрүүлэхгүй нь тодорхой. Гэвч одоогоор үүнийг ингэсэн гэнэ гэсэн түүнийг тэгсэн гэсэн баримт байхгүй, хардлага төдий. Цуурхал оргүй хоосноос бий болдоггүй гэдэг. Хэрэв үнэхээр тийм юм байгаа бол бөхийн хүрээнийхэн ил гаргаж яагаад болохгүй гэж.Байхгүй бол хүний нэр төрд халдсан хэрэг л болох байх.

2. Буруу ажиллагаа,дутуу мэдээлэл

Өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлыг ажихад ёстой амтай болгон нь дуугарч байлаа. Харин мэдээлэл хийсэн бөхийн салбар хороо нь буруу ажиллагаагаа эрт мэдээлснээс шалтгаалж, өөрсдийнхөө хоолойд олс углачихав уу даа. Яагаад?

Лабораториос ирсэн шинжилгээний хариу буруу байх, түүнийг нуун дарах боломжгүй. Учир нь Тамирчны дээжийг допингийн хяналтын зорилгоор шинжлэх магадлан итгэмжлэл бүхий лаборатори дэлхийд ердөө 32 бий. Тэд алдаатай ажиллагаа явуулбал эрхээ цуцлуулах хүртэл арга хэмжээ авхуулна. Дүрмийн дагуу хариуг 3 хувь үйлдэх ба манайд, олон улсын холбоонд, дэлхийн допингийн эсрэг агентлагт илгээгддэг. Дэлхий хянаж байхад манайх хариуг засварлах ямар ч боломжгүй. Тэгэхээр 2 асуудалтай хариу ирсэн нь гарцаагүй. Харин хэн бэ?

Дүрмийн дагуу үр дүнг тооцох эрх бүхий субъект манайхаар бол баяр наадмын комисс хариуг зөвхөн асуудалтай хүмүүст мэдэгдэж, Б сорьц задлуулах эрхээ эдлэх боломжоор хангасны дараа нийтэд зарлах ёстой байсан. Гэтэл бүх хүмүүст мэдээлсний улмаас ийм хэцүү байдалд өөрсдийгөө оруулчихлаа. Дэлхийн дүрэм дээр хариуг хэрхэн өгөх ямар агуулга багтаах гэхчлэн нарийвчлан заасан байдаг. Харамсалтай манайх түүнийг мөрддөггүй.

Зарчмын хувьд зөв юмаа буруу хийснээс болоод хэрүүлийн алим тарьчлаа. Одоо хэн ч байсан хор найруулчихлаа гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ. Харамсалтай. Ер нь тэгээд олимпын аварга болсон хүн хэд хоногийн дараа намайг цэвэр гэж мэдэгдсэн шүү гэж дэлхий даяар мэдэгдэл хийж байхыг харсан уу.

Үндэсний бөхийн холбоо ч яаран мэдэгдэл гаргасан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Учир нь наадмын допингийн шинжилгээний хариуг зарлах эрх бүхий газар нь яах аргагүй баяр наадмын комисс. Бас л хардлага дагуулах ажиллагаа. Тэгээд 2 холбооны аль нь албан ёсных вэ гэдэг нь хүртэл тодорхойгүй.

3. Хуулийн гацаа

Наадмын шинжилгээ авах үйл явц Баяр наадмын тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл цол олгох нь ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу ерөнхийлөгчийн зарлигаар шийдэгддэг.

Дэлхийн допингийн эсрэг дүрмээр асуудал үүссэн тамирчны цол, шагнал, медалийг хурааж, нэрийг нь статистикаас хасах шийтгэл нь хэн нэгний шийдвэрээр бус автомат аар хийгддэг. Дээрээс нь нэмээд цаг хугацааны шийтгэл ноогдуулах асуудал яригддаг. Манайхаар бол цол, шагнал нь автоматаар хураагдах ёстой.

Гэтэл энэ хоёр зарчмыг баяр наадмын хуульд 'эсвэл' гэдэг үгийн тусламжтайгаар сонголттой болгон оруулж орхисон. Үүний “ачаар” хэнийг яаж шийтгэхээ шийдэх боломжийг эрх мэдэлтнүүдэд олгосон. Энэ бас л дутуу алсан могой мэт дүрмийн гай. Нөгөө талаар манай улсад мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцоогоор ерөнхийлөгчийн зарлиг буцаах механизм байдаггүй юм байна. Уг заалт нь бас л допингийн хэрэгтэн хэнбугай ч мөнхөд цолтойгоо үлдэх боломжтой болж эх захгүй хэрүүл үргэлжлэх нөхцөл болсон хэвээр л байна.

Боломж бий юу?

Гацаанаас гаргах үндсэн 2 том боломж бий.

Хуулийн өөрчлөлт

Минийхээр бол энэ хамгийн чухал ч гэсэн хамгийн хэцүү өөрчлөлт. Шууд хууль тогтоох эрх бүхий хүмүүсээс хамаарах ажил. Манай улс дэлхийн допингийн эсрэг тэмцэх засгийн газар хоорондын конвенцид нэгдэж, ЮНЕСКО-ын тунхаглалыг соёрхон баталсан. Тийм ч учраас энэ дүрэм журмаа дэлхийн стандартад нийцүүлж, Үндэсний допингийн эсрэг дүрэмтэй болж дагаж мөрдөх шаардлагатай.

Спортын анагаах ухаан, допингийн хяналтыг салга

Спортын эмчээр ажиллаж буй хүнийг допингийн хяналтын багт оруулахгүй байж уг багийн бие даасан хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлж өгвөл энэ хардлага буурах боломжтой. Ингээгүй цагт одоо яригдаж буй сэдэв мөнхөд оршино.

Эцэст нь үндэсний бөх спорт мөн үү биш үү гэдгийг тунгаах хэрэгтэй болох нь. Хэрэв мөн бол тамирчны эрүүл мэнд, шударга өрсөлдөөнийг хангах зорилгоор шинжилгээ заавал авах ёстой. Гэхдээ зөв дүрмээр. Харин баяр цэнгэл юм бол тэр допингийн хяналт, гавьяат энэ тэр цолоор ч яах вэ. Хэн хэрхэх нь буянаараа болог.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чи хулгайч(202.9.42.27) 2019 оны 08 сарын 14

Хүний бичсэн юм хулгайлаад Сэтгүүлч гэж өөрийгөө бүү бод

0  |  0
Сэтгүүлч ээ!(150.69.34.101) 2019 оны 08 сарын 14

Шагналд өгөөд байдаг цэргийн цолоо яах юм бол??? мэдээд, нийтлээд өгөөрэй

0  |  0
Top