Халх гол, дөлгөөн Хэрлэн тэргүүтэн гол мөрөн, Буйр, Хөх зэрэг нуур усан, алдарт Мэнэнгийн тал гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Дорнод бол дарийн утаа үнэртсэн аймаг. Энэ л гол нууруудын ай сав, үржил шимтэй хөрсөнд газар тариалан эрхэлж, гурил болон зарим хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг гээд бусдаас ялгарах онцлогтой энэ аймагт Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх нүсэр ажил амжилттай өрнөв. Юуны өмнө тус аймгийн Халх гол суманд “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсын хамгийн сүүлийн үеийн шилдэг тохижилт, зохион байгуулалт бүхий нэгэн сумыг шинээр бий болгов. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэг, “Роснефть” компанийн 24 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэхүү төсөл хэрэгжсэн. “Шинэ сум”-ын бүтээн байгуулалтад Засаг даргын Тамгын газрын барилга буюу Нутгийн удирдлагын ордон, 250 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж багтжээ. Мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, Аж ахуйн нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьжээ.
Түүнчлэн ОХУ-ын Эрхүү мужаас бэлэглэсэн маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөөг Халхгол суманд босгосон нь бас нэг сүр жавхланг нэмсэн юм. Бүтээн байгуулалтын ажлыг “Их модун” компани, Зэвсэгт хүчний 138, 110 дугаар барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн оролцсон. Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шинэ сум төслийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Шинэ сумын төв нь Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчдын ариун цус, энх цагт Монгол-Зөвлөлтийн барилгачдын хөлс шингэсэн энэ нутагт бослоо. Шинэ цагийн энэ бүтээн байгуулалтад Халх голын залгамж үе маань мэндэлж, өсч бойжиж, сурч хүмүүжиж, эрдэм соёлын шимийг хүртэнэ. Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрамдал нөхөрлөл үеийн үед мөнхрөхийн нэгэн үндэс энэ” хэмээн онцоллоо.
Мөн Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнгийн санаачилгаар “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” хэмээх том аяныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлж, Дорнод аймгийн бүх сумд идэвхтэй оролцсон байна.
Сүүлийн жилүүдэд сум орон нутгаас суурин газар руу нүүх нүүдлийн цуваа тасрахаа больсон. Энэ хэрээр сум орон нутагтаа амьдардаг залуус цөөрч сумын хөгжил уруудсан гэдгийг хаа хаанаа ярьдаг. Учир нь сум орон нутгийг хөгжүүлэх дорвитой бодлого үгүйн зэрэгцээ социализмын үед баригдсан хэдэн барилга байгууламжаас өөр анхаарал татах гойд зүйлгүй болсон. Хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх Спорт заалнаас эхлээд Номын сан, Соёлын төв гээд олон зүйлээр дутаж байсныг нуух аргагүй. Харин “Шинэ сум” төсөл нь залуусын анхаарлыг татсан, иргэдийн ая тухыг анхаарсан сайн төсөл болсныг Дорнод аймгийн Халхгол сумын жишгээс авч үзэж болно. Тус сумын иргэдтэй холбогдоход “Манай сумаас шилжсэн уугуул иргэд сумандаа ирж амьдрах нь зөв юм байна гэх болсон” гэдгийг өгүүллээ. Тэгэхээр аугаа түүхийг хадгалан орших Халхгол сумын тухай цухасхан боловч танилцуулах нь зүйд нийцнэ. Дорнод аймгийн Халхгол сум нь 1689 онд Сэцэн хан аймгийн зүүн гарын Дунд хошуу хэмээн нэрлэгдэж байгуулагдсанаас хойш 319 жил болсон Монголын анхны хошуу сумын нэг. Монгол Улсын 323 сумаас хамгийн том газар нутагтай сум бол Халхгол бөгөөд 2809000 га нутаг дэвсгэртэй, сумын нэг иргэнд 914.4 га нутаг оногдож байгааг статистикт тэмдэглэжээ. Тус сум 600 шахам хүүхэдтэй 11 жилийн, 275 хүүхэдтэй 9 жилийн сургууль, 125 хүүхэдтэй цэцэрлэг, 20 ортой сум дундын эмнэлэг, Ялалт музей, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө Шинэ сум төсөл хэрэгжсэнээр тус сумын ам өснө гэдгийг нутгийнхан хэлж байна. Алдарт Мэнэнгийн талыг туулж хүрэх Халхгол сум нь Улаанбаатар хотоос 1000 километр, Дорнод аймгаас 353 километр зайд оршдог.
Сэтгэгдэл ( 1 )
Хилийн харуул болсон газруудаа ингэж бэхжүүлэх,оршин суугчдыг нь олшруулах хэрэгтэй