Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоос орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт болон цаг үеийн асуудлаар дараах зүйлсийг тодрууллаа.
-Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил өрнөж байгаа энэ үед Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангав?
-Би өнгөрсөн зургаадугаар сараас өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулахаар томилогдон ажиллаж байна. Хот суурин газарт бол өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай, 98 хувь нь халаалтаа авчихсан. Ганц хоёр өргөтгөл хийсэн цэцэрлэгүүд бий, энэ цэцэрлэгүүд ирэх аравдугаар сард өргөтгөлийн ажлаа дуусахаар халаалтаа авчихна. Орон сууцны хороолол халаалтаа бүтэн авсан, дэд бүтцийн зарим байгууллага дээр асуудал байгаа ч шийдээд явж байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн инженерийн шугам сүлжээ, бусад зүйлийг өвөлжилтөд бэлтгэхэд зориулж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 86 сая төгрөг гарган засвар шинэчлэл хийсэн.
-Сумдын хувьд мал аж ахуй газар тариалангаас гадна дэд бүтцийн асуудал бас бий. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Сумдын хувьд ч ялгаагүй бэлтгэл ажлаа хангаад явж байна, ямартай ч Уурын зуухны нүүрсээ татаад нэг сарын нөөцөө бэлдчихсэн. Бүтээн байгуулалтын чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэж олон ажил өрнөж байгаа. Зарим нь энэ онд багтаад ашиглалтад өгөхөөр байгаа бол зарим нь он дамжих ажил ч бий, цаг агаар гайгүй бол нэлээд дөхүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт долоон цэцэрлэг шинээр барих болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээд дуусаж байгаа, нэг цэцэрлэгийн тендер дахин зарлагдсан ч ажил нь явж байна.
-Дархан-Уул аймаг газар тариалангийн бүс нутаг. Тэгэхээр ургац хураалтаас эхлээд амжуулах ажил чамгүй байж таарна?
-Манай аймагт хур бороо нэлээд оройтсон. Долоодугаар сар гаргаж байж бороо орлоо. Тарианы болц дутуу учраас энэ жил ургац хураалт оройтсон. Дархан-Уул аймаг нийтдээ 21 мянган га талбайд үр тариа, хүнсний ногоо тариалсан. Үүнээс зөвхөн 10 мянган га-д нь улаан буудай тариалсан. Одоогоор хоёр Аж ахуйн нэгж л ургац хурааж байгаа, түүнээс ургац хураалтын ажил албан ёсоор эхлээгүй байна гэж ойлгож болно. Энэ жил хүчтэй мөндөр орсны улмаас 1400 га улаан буудайн талбайгаа цохиулсан. Ургац хураалт оройтож байгаа учраас хүн хүч асар их хэрэгтэй. Тиймээс зарим их дээд сургуультай оюутан ажиллуулахаар ярилцаж байна. ХААИС-иас гэхэд 65 оюутан ажиллахаар боллоо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас 35 оюутан гээд одоогоор нийт 165 оюутантай гэрээ хийсэн байна. Ингэж л олон хүний хүчээр оройтсон ургацаа хураахгүй бол цаг агаарын хүндрэл тулгарч магадгүй юм.
-Ургацаас гадна хадлан тэжээл, мал аж ахуй гэж нэг том зүйл бий. Хадлан тэжээл бэлэн үү?
-Манай нутагт хонин толгойд шилжүүлснээр 471.5 мянган толгой мал өвөлжинө. Үүнд 45 мянган тонн өвс, 7000 тонн тэжээл бэлдсэн. Малчид өөрсдөө ч чамгүй сайн бэлтгэж базааж байгаа. Манай аймагт отрын бүс нутаг гэж бараг байхгүй учраас Сэлэнгэ аймгийн нутагт мал өвөлжүүлэх оторлох ажил бий. Аймаг сумын аюулгүй нөөцөд 160 тонн өвс, 120 тонн тэжээлийг Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу бэлтгэснээ татаад эхэлсэн. Үүнээс гадна малыг халдваргүйжүүлэх 10 төрлийн вакцин тариа хийлээ. Мөн бүх малаа угаалгад хамруулах ажлыг зохион байгуулсан. Сумдад мал угаахад зориулсан зөөврийн хашаатай болсон учраас энэ ажил сайн хийгдсэн.
-Отрын бүс нутаг гэснээс танай аймаг мал сүргээ эрчимжүүлэх тал дээр анхаарч байгаа мэдээлэл байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Дархан-Уул аймгийг өндөр үр ашигтай эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох Засгийн газраас өгч байгаа чиглэл, аймаг орон нутгийн бодлого ч бий. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгаас махны чиглэлийн 12-24 сартай 100 гунж, гурван бух худалдаж авсан. Шинэ тутам авчраад байгаа эдгээр үхрийг өвөлжүүлэхэд 140 тонн өвс, 20 тонн тэжээл орно гэсэн төлөвлөгөөний дагуу орон нутгийн хөрөнгөөр бэлтгэлээ. Малчид маань ч энэ тал дээр ихээхэн дэмжиж байгаа.
-Танай аймгийн Шарын гол сум бол нүүрстэй учраас санаа зовох зүйлгүй дулаан өвөлжих байх?
-Одоогоор “Шарын гол” компани ачихад бэлэн 220.000 тонн нүүрс байгаа бөгөөд “Дулаан шарын гол” ТӨХК-д нүүрсний нөөц 315 тонн буюу 10 хоногийн нөөцтэй байгаа. Шарын гол сумын тухайд хоёрдугаар цэцэрлэгийн өргөтгөл, Эрүүл мэндийн төвийн дулааны шугамын асуудал хүндрэлтэй байгааг шийдвэрлээд явж байна. Ерөнхийдөө манай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангагдаад явж байна.
Сэтгэгдэл ( 0 )