Энэ сарын 23-28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод Ази, Номхон далайн бүс нутгийн удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг анх 1980 онд өнөөгийн БНХАУ-ын Хонгконг улсад зохион байгуулж байжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус бага хурлын 39 дэх удаагийн хуралдаан нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Хуралд 28 орны 37 байгууллагын 120 гаруй зочид төлөөлөгчид оролцож өөрсдийн орны хорих байгууллагын туршлага, ололт амжилтыг хуваалцах, улс орны ял эдлүүлэх ажиллагаа, тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, тухайн улсын хорих байгууллагын хөгжлийн түвшинг судалж танилцаж байгаа аж. Энэ удаагийн бага хурлыг “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд уг сэдвийн хүрээнд “Засан хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга зам”, “Орчин үеийн техник, технологийг хорих байгууллагын үйл ажиллагаа, хоригдлын хүмүүжил, хяналтыг сайжруулахад ашиглах”, “Сэтгэцийн өөрчлөлттэй, мансуурах бэлдмэл хэрэглэх донтой хоригдлуудтай ажиллаж, хүмүүжүүлэх”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, арга зам”, “Насанд хүрээгүй болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудтай ажиллаж, тэднийг хүмүүжүүлэх арга зам” зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Хурал зохион байгуулагчдын зүгээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэлбэрэлтгүй хангах, хорих ялаар шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг дан ганц улсын дотоод хүрээнд авч үзэлгүйгээр бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, оновчтой шийдлийг эрэлхийлэхэд ач холбогдол оршиж байна гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )