Чойртой зэргэлдээх нүүрсний уурхайг Говьсүмбэрчүүд зогсоохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өчигдөр /2019.10.08/ Говьсүмбэр аймагт үргэлжиллээ.

Хэлэлцүүлгийг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэгт “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар болон Говьсүмбэр аймгийн удирдлага, иргэд оролцлоо.

Говьсүмбэр аймагт нийт 25 уул уурхайн лиценз олгосон байдаг ажээ. Түүнээс аймгийн иргэд “Эйкүсора” нүүрсний уурхайн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байна. Тус “Эйкүсора” компани нь Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын нутагт хүрэн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн төвөөс зургаан км-т уурхайн олборлолт явуулж буй юм. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийн олон мянган га газрыг 2017 онд Эйкүсора ХХК ашиглалтын лиценз болгон авсан ажээ. Түүнчлэн “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2000 гаруй иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржаа, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд тус уул уурхайн ашиглалтын лицензтэй талбайд байгаа ажээ. Иймд тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлагатайг иргэд онцолж байна.

Мөн “Эм Си Ти Ти” компани жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ. Дээрх асуудлуудаар иргэд байр сууриа илэрхийллээ.

Говьсүмбэр аймгийн иргэн Г.Чулуунбаатар “Төрийн өмчид байсан “Шивээ-Овоо” компанийн газрыг “Шинэ шивээ” компани дээрэмдэж авсан байдаг. Дараа нь “Шинэ шивээ” компани “Эйкүсора” компанид лицензээ шилжүүлсэн. Энэ компанийн тусгай лицензийг цуцлах ёстой. Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээр олон айл газаргүй болж байна. Иргэдийн хувьчилсан газар тус компанийн уурхайн талбай болсон. Иргэдийн хувьчилж авсан газрыг нэг уурхайн компани булааж авах юм бол газар хувьчилж аваад яах юм бэ. Аймагтаа зэргэлдээ байгаа учраас аймгийн иргэд цэвэр агаараар амьсгалах боломжгүй болно. Чойр хот газар нутгаа тэлж, хөгжих боломжгүй болсон. Уурхайн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Уурхайн үйл ажиллагааны цаана авлига байна гэж би хардаг. Шинэ жилийн баярын өдөр тус компанид ашиглалтын зөвшөөрөл өгсөн. Тийм учраас би зөвшөөрөл өгсөн шийдвэрийн цаана авлига байна гэж ойлгож байна. Мөн малчид уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор бэлчээргүй болно. Тиймээс зөвшөөрлийг цуцлах шаардлагатай байна. Төрийн өмчит “Шивээ-Овоо” компаниас өөр уурхай манай аймагт хэрэггүй” гэлээ.

“ЭЙКҮСОРА” КОМПАНИ АЙЛЫН ӨМЧЛӨЛИЙН ГАЗАРТ ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ БАЙНА”

Сүмбэр сумын гуравдугаар багийг иргэн Д.Ариунаа “Өнөөдөр бид газар нутгийнхаа төлөө тэмцэхгүй юм бол бидний газар нутагт хэн нэгэн, гаднын хөрөнгө мөнгөтэй хүмүүс улам их шунаж байна. Манай аймаг гурван сумтай, залуу аймаг. Гурван сумын маань хоёрт нь “Эйкүсора” компанийн орд газар хамаарагдаж байгаа.  “Эйкүсора” компани нь 100 хувь Хонконгийн хөрөнгө оруулалттай. Энэ компанийг 2015 онд лиценз авсныг төр засаг, орон нутгийн удирдлагууд ч мэдээгүй. Тус компани 2012 онд 200 айлын, 2018 онд 600 айлын газрыг эзэмшилдээ авч, одоо нийтдээ 800 айлын өмчлөлийн газар олборлолт хийж байгаа. Иргэд өмчилсөн газар дээрээ амьдармаар байвч уурхайтай болохоор очиж чаддаггүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр амьдралдаа нэг удаа газар өмчлөх эрх, боломж нь хааччихсан юм.

“Эйкүсора” компани 2017 оноос олборлолт хийхэд нь манай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Техник, эдийн засгийн үндэслэл байхгүй байгааг анхааруулж, үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл тэд 2019 онд  ТЭЗҮ-ээ хийж, нарийвчилсан үнэлгээ нь 2019 онд гарсан гэдэг. Энэ компанийн эрх 2015 онд үүссэн, харин бичиг баримт нь 2019 оноор байгаа юм. Энэ нь өөрөө монгол улсын хуулийг мөрдөж чадаж байна уу. Тэдний үйл ажиллагаа явуулаад байгаа энэ газар бол манай говийн иргэдийн суурьшлын бүс. Дээр нь 800 айлын эзэмшлийн газар, малын бэлчээр юм шүү. Одоо бараг энэ компанийн мэдэлд Шивээговь сум багтчихсан юм шиг байдал бий болж байна. Энэ асуудал төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүйтэй шууд холбоотой. Хэчнээн орон нутгийн засаг захиргаа уул уурхайн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэвч хүч хүрэхгүй үе байна. Харин энэ үед энэ хэлэлцүүлэг болж, бид асуудлыг улс орны хэмжээнд, өргөн хүрээнд ярьж, ойлгуулж, дуу хоолойгоо хүргэж байгаадаа баяртай байна” хэмээв.

Говьсүмбэр аймгийн иргэн П.Баярсайхан ““Эйкүсора” компанийн уурхайн эсрэг иргэний нийгмийн байгууллагууд хоёр жил гаруй эсэргүүцсэн ч үр дүнд хүрсэнгүй. Уурхайн хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоох ёстой. Шивээ-Говь сумын иргэдийн нийтийн хурлын гишүүдтэй би уулзсан. Бүгд энэ уурхайг эсэргүүцсэн байр суурьтай байна лээ. Уурхай хотын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай. Нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж байгаа нь орон нутгийн иргэдэд ямар ч ашиггүй. Байгаль орчныг  сүйтгэж байна. Ухсан нүх л үлдэж байгаа шүү дээ. Цаашид энэ уурхайг хаагаад өгөөч гэдэг хүсэлтэй байна” гэсэн юм.

 Г.БАТСУУРЬ: ХУУЛЬ БУС УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХГҮЙ

Дээрх уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, шүүмжлэлд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр нар хариулт өгсөн юм.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь

Манай аймагт 25 ашигт малтмалын лиценз олгосон байдаг. Үүнээс хуулийн хүрээнд, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Шивээ-Овоо” хувьцаат компани. Та бүгдийн ярьж байгаа “Эйкүсора” компанийн үйл ажиллагааг бид ч эсэргүүцдэг. Энэ уурхайн үйл ажиллагааг аймгийн удирдлагууд дэмжихгүй. Хуулийн хүрээнд ажиллах шаардлагыг бид удаа дараа тавьж ирсэн.

Манай аймаг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж буй аймаг. Монгол Улс болон Говьсүмбэр аймгийн эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа, хуулийн дагуу ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана. Ажлын байрыг нэмэгдүүлж байгаа компаниудыг дэмжинэ. Харин хууль бус уурхайн үйл ажиллагааг дэмжихгүй. Хэлэлцүүлэг зохион байгуулж буй төрийн бус байгууллага, иргэдтэй байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр

Иргэдээс 2017 онд “Эйкүсора” ХХК-тай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн. Үйл ажиллагааг нь манайх шалгаад зөрчлийн хэрэг нээгээд уурхайн ажлыг зогсоож байсан. Гэтэл “Мэргэжлийн хяналтын газраас компанийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр, үүсгэсэн зөрчлийн хэрэг үндэслэлгүй” гэж “Эйкүсора” компани үзээд шүүхэд хандсан. Гомдлын маргааныг шүүхээс түдгэлзүүлсэн учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас тус уурхайд нэмэлт ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Энэ оны долоодугаар сард маргааныг шүүх хурал дахин болоод Мэргэжлийн хяналтын талд гарсан. Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид тавьсан арга хэмжээ нь хуулийн дагуу болсон гэж баталгаажуулж өгсөн байдаг. Энэ есдүгээр сараас тус компанийн зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг үзэж шалгаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Газар өмчлөлтэй холбоотойгоор дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлэхээр ажиллаж байна. Үйл ажиллагааг нь зогсоох шаардлага тавьж ажиллаж байгаа.

Харин “Эм Си Ти Ти” компанийн үйл ажиллагааны тухайд, анх иргэд “Алт ухаж байна” гэж гомдол ирүүлдэг байсан. Гомдлын дагуу бид цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагатай хамтарч шалгалт хийсэн. Шалгалт явуулахад алт олборлосон зүйл байгаагүй. Харин жонш олборлож байгаа нь үнэн.  “Эм Си Ти Ти” компани зөвшөөрөлтэй жонш олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

 Хэлэлцүүлгийн төгсгөлд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Аймаг, орон нутагт ажиллаж байхад уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг асуудал байна. Орон нутгийн удирдлагууд нь эсэргүүцэж байгаа ч уурхайн үйл ажиллагааг зогсоож болохгүй байна. Яагаад гэхээр тухайн компани нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авчихсан байдаг. Орон нутгийн иргэд, аймгийн удирдлагууд нэгдээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газарт ханддаг ч хүч хүрдэггүй. Ийм жишээ олон байна.

Одоо Чойр хотын 17 мянган иргэн нүүх үү, энэ уурхай нүүх үү гэдгийг шийдэх ёстой. Яагаад гэхээр хотоос зургаан км-т уурхай ажиллаж байна. Мэдээж Чойр хотын иргэдийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдах ёстой. Тэгэхээр би юу гэж уриалах гэж байна гэхээр иргэд нь орон нутгийн удирдлагатайгаа, иргэний нийгмийн байгууллагуудтай нэгдэж ажиллах ёстой. Энэ дээр дуу хоолойгоо нэгтгэцгээе. Нэг удаа яриад өнгөрөх биш. Олон удаа яриад явах ёстой.

Бид нийт 21 аймагт ажиллана.  Иргэдийн үгийг бид төрд хүргэхээр энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Ганцхан Говьсүмбэр аймагт уул уурхайн үйл ажиллагаа нь иргэдийн санаа бодлыг зовоогоод байгаа юм биш. Бусад аймгуудад ч уул уурхайн салбарт тулгамдаж байгаа ийм асуудлууд байна. Энэ бүхнийг бид төрд байгаагаар нь уламжилна. Уул уурхай нь манай улсын хамгийн том салбар. Гэхдээ маш их гажуудсан. Тийм учраас энэ салбараа хөгжүүлэх, зөв голдиролд нь оруулахын тулд бид “Байгаль эх-хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уул уурхайн үйл ажиллагааг ярих гэж байгаа бол давхар хариуцлага ярья. Хариуцлагатай уул уурхайн тухай ярих гэж байгаа бол байгаль эх орноо хайрлая” гэлээ.

Хэлэлцүүлгийн гол сэдэв болсон “Эйкүсора” ХХК-ийн удирдлагуудыг хэлэлцүүлэгт урьсан ч ирээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top