Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай тус аймагт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.
-Ховд аймагт томоохон ямар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд багагүй хөрөнгө оруулалт орж, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, МАН-ын 2016 оны амласан амлалт болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлыг үндсэн гурван чиглэлд хувааж болно. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил, Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжих ажил, дотоодын хөрөнгө оруулалт, эх үүсвэрээр бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах явдал юм.
Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв гэдгээрээ гадаад харилцааны чиглэлд онцгой анхаарал хандуулдаг. Хил залгаа хөрш орнуудтай ямар түвшинд ажиллах, хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж ажиллахад анхаарах ёстой юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд сүүлийн жилүүдэд хамгийн их төсөвтэй аймгийн нэг. Өнгөрсөн 2018 он болон энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёрт орж байна. Ийм учраас орон нутагт ирж байгаа хөрөнгө оруулалтыг ажил хэрэг болгож, ард иргэдэд ач тустай ажил хийх нь аймаг орон нутгийг удирдаж буй бидний зорилго юм. Өнгөрсөн 2018 он болон энэ жил нэлээн хөлс, хүч шаардсан ажлууд хийж байна. 2018 онд эхэлсэн гурван бүтээн байгуулалтын ажлыг хүлээж авлаа. Чандмань сумын эмнэлгийн барилга, Мянгат суманд баригдсан 150 хүүхэд суралцах хүчин чадалтай цэцэрлэгийн барилга, Дуут суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг хүлээж авлаа.
Мөн ойрын хугацаанд аймгийн төвд 220 хүүхдийн цэцэрлэгийн төв, 150 хүүхдийн дотуур байрны барилга, Дөргөн, Цэцэг сумдад тус бүр Соёлын төвийн барилгыг хүлээж авах гэж байна. Энэ жил нийт ийнхүү долоон объект хүлээж авна.
-Сумдад Соёлын төвүүдийг шинээр байгуулж байгаа юм байна. Нийт хэчнээн суманд Соёлын төвийн барилгыг шинэчилж байна вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай аймгийн Соёлын төвүүдийг шинээр барихаар тусгасан. Социализмын үед, 50-60 жилийн өмнө баригдсан Соёлын төвүүдийг бүрэн шинэчилж дуусгана гэсэн томоохон зорилтыг тавьсан. Ховд аймаг нь олон ястны өлгий нутаг учраас тэдний өв соёлыг хамгаалах хүрээнд энэ бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Энэ жилдээ багтан Буянт, Мөнххайрхан сумын Соёлын төвийг шинээр ашиглалтад оруулснаар 16 сум бүгд шинэ соёлын төвтэй болж байна.
Мөн энэ онд 20 гаруй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ жил эхэлсэн ажлуудаа 2020 оны эхний хагас жилд дуусгахаар төлөвлөсөн. Тухайлбал, аймгийн төв дээр 1000 оюутны хичээлийн байр, 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил, “Цаст алтай” сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил эхэлсэн. Сум болгонд 1-2 бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Нутгийн удирдлагын ордон гурван суманд, сургуулийн өргөтгөл хоёр суманд, цэцэрлэгийн барилга хоёр суманд баригдаж байна. Мөн жимс тариалах агро паркийг хоёр суманд байгуулах ажил эхэлсэн. Бид таван газар услалтын системийн суваг шуудуу байгуулах ажлыг хийж байна. Энэ бол бодитоор иргэдэд ажлын байр нэмэх, газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Дээрх ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна.
-Ховд аймагт олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд хэр амжилттай хэрэгжиж байна вэ?
-Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжийн санхүүжилт орж ирсэн. Мөн Туркийн хамтын ажиллагааны шугамаар бүх цэцэрлэгүүдийнхээ хоолны цахилгаан тоног төхөөрөмжийг бүрэн шинэчиллээ. Энэ ажлууд иргэдэд үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Үйлдвэрлэгч Ховд”, “Хариуцлагатай тунгалаг төр” гэж хоёр хөтөлбөр батлуулсан. Энэ ажлын хүрээнд томоохон ажлуудыг хийж байна. “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн эхний ээлжийн нээлтийн ажил болох 100 гаруй ажлын байрыг бий болгох “Бизнес инкубатор” төвийг энэ арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Энэ ажлын хүрээнд ажлын хувцасны үйлдвэр, гутлын үйлдвэр байгуулна. Үйлдвэр эрхлэгчдээ дэмжих энэхүү төвийг ашиглалтад оруулах гэж байна.
-Ховд аймгийг баруун бүсийн тулгуур төв болгох зорилтын хүрээнд Засгийн газраас дэмжиж бодитой томоохон ажлууд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ тухайд?
-Ховд аймаг нь цаасан дээр баруун бүсийн тулгуур төв гэж нэрлэгдэж ирсэн. Юугаараа баруун бүсийн тулгаар төв болох юм бэ гэдэгт хариулт өгөхийг зорьж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд таван том төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Тодруулбал, “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц”-ыг олон жил ярьж ирсэн. Энэ ажил биеллээ олж байгаад баяртай байгаа. “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц” ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний тулгаар төв болно. Хоёр дахь том ажил нь 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн ажил эхэлсэн. Энэ үйлдвэр байгуулагдсанаар баруун бүсийн барилгын материалын үнэ, өртгийг бодитоор бууруулна. Орон сууцны үнэ хямдрах бүрэн боломжтой болно.
Гуравдугаарт, Замын - Үүдэд туршигдаж байгаа жилдээ 50 мянган тонн нефть нэрэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр барих гэж байна. Ингэснээр шатахууны үнэ бодитоор буурна. Улаанбаатар хотын Шатахуун түгээгүүрийн үнэтэй харьцуулахад манай баруун бүсийн алслагдсан аймагт шатахууны үнэ 450-600 төгрөгөөр үнэтэй байдаг. Энэ зөрүү арилах боломжтой юм. Улаанбаатарын ханшаар А80, А92 шатахууныг авах боломжтой болно.
Монгол Улсын Ерөнхий сайдыг Ховд аймагт ажиллахад нь үйлдвэр технологийн парк байгуулах санал тавьсан. Түүхий эдээс гарах бохир хаягдлыг цэвэрлэх байгууламжийг барьж байна. Бүтээн байгуулалтын ажил нь 50 хувьтай байгаа. Энэ ажлуудыг хийж дуусгаснаар баруун бүсийн түүхий эдийн хаягдлыг бүрэн цэвэрлэж, дагаад ноос ноолуур, түүхий эд боловсруулах төв байгуулна. Энэ паркийг байгуулснаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Баруун бүст үйлдвэр үйлчилгээ хөгжих суурь нөхцөл бүрдэнэ. Үйлдвэр технологийн парк байгуулахтай холбоотойгоор хот суурин газрын хөгжлийг дэмжих төсөл Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжтайгаар хэрэгжинэ. Энэ төслийн хүрээнд томоохон үйлдвэрүүд барихаар Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдтэй ярилцаж байна.
Тав дахь төслийн тухайд, манай аймаг нь хойд, урд хоёр хөрштэйгөөр засмал замаар холбогдсон. Иймээс хоёр хөршийн эдийн засгийн коридор бүс нутаг болохын төлөө зорьж ажиллана. “Сибирийн хэлэлцээр” бүс нутгийн холбооны хурал ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад энэ оны долоодугаар сард болсон. Энэхүү хуралд ОХУ-ын 10 мужийн амбан захирагч нар, Монгол Улсаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан бид хоёр оролцсон юм. Энэ үеэр Красноярск -Абакан- Кызыл -Улаангом -Ховд -Үрэмч чиглэлийн хил дамнасан автозамын тээврийн коридор байгуулах протоколд талууд гарын үсэг зурсан. Бүс нутгаа хөгжүүлэх ийм таван том төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )