Бээжин Хонконгийн захирагчийг солихоор төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

БНХАУ-ын засгийн газар Хонконгийн захирагч Кэрри Лэмийг солихоор төлөвлөж байна гэж Financial Times эх сурвалж дурдан мэдээлжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ шийдвэрийг дэмжвэл ирэх оны гуравдугаар сар гэхэд Хонконгийн засаг захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг Кэрри Лэмийн бүрэн эрхийг хугацаа дуусах хүртэл буюу 2022 он хүртэл томилогдоно. Ирэх оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын ээлжит чуулган болох юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконгийн засаг захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгчид горилж буй гол нэр дэвшигчдийн дунд Хонконгийн төв банкны тэргүүн асан Норман Чан болон Хонконгийн засгийн газрын гишүүн асан Хенри Тан буй гэнэ.

Хятадын эрх баригчид Хонконг дахь нөхцөл байдал тогтворжсоны дараа захирагчийг солих эцсийн шийдвэр гаргах байр суурьтай байгаа аж. Энэ талаар Кэрри Лэмийн төлөөлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн хэрэг эрхлэх газраас албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Энэ зунаас эхлэн Хонконг хотноо олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Жагсаалын гол шалтгаан болсон хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эгүүлэн татах шийдвэрийг Кэрри Лэм гаргасан ч тэмцлийг зогсоож чадаагүй. Эсэргүүцлийн цуглаан амралтын болон баярын өдрүүдэд хурц хэлбэрт шилжин, эмх замбараагүй байдал үүсгэж буй. Тэнд үүсээд буй нөхцөл байдал аялал жуулчлал, худалдаа, тээврийн салбарт хүнд цохилт болж, энэ оны гуравдугаар улиралд Хонконгийн эдийн засаг техникийн уналтын үе шатад ороод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top