Энд гарах боксчид бол ялагдах гэж рингэнд гардаг тамирчид. Тэд бусдыг аварга болгож, амьдралаа залгуулдаг.
Ялагдлынхаа ачаар тэд гэр бүлээ тэжээж, амь зууна. Боксоос авдаг шагналын мөнгө орлогынх нь цорын ганц эх үүсвэр тул тэд сард хэдэн ч удаа тулалдахад бэлэн. Ийм боксчид байгаа нь мэргэжлийн боксын промоутер нарт тун тустай. Ялангуяа шинэ аварга гаргаж ирэх гэж байгаа промоутерүүд тэдэнд хайртай гээд хэлчихэд болно. Энэ “найрааны” схем нарийн тогтсон. Бусад боксчдод чансааны оноо авах, ялалтын тоогоо нэмэгдүүлэхэд нь тэд тус болдог.
“БИ МАШ ХЭЦҮҮ ЗАМААР МӨНГӨ ОЛДОГ”
“Тийм ээ, намайг боксын ертөнцөд азгүй амьтан гэж үздэг. Гэхдээ хүүгээс минь “Чамд багад чинь идэх хоол, өмсөх хувцас байсан уу” гэж асуухад тэр “БАЙСАН” гэж хариулаад надаар бахархах болно. Би хамгийн хэцүү замаар мөнгө олж, гэрээ тэжээж байна” гэж Их Британийн боксчин Кристиан Лайт “SkySports”-д ярилцлага өгөхдөө хэлж байлаа. Энэ ярилцлага 2018 оны наймдугаар сарын 2-нд, Лайтын ээлжит тулаанаас долоо хоногийн дараа хэвлэгдсэн юм.
Ковентрид болсон тэр тулаанд Лайт нутаг нэгт Люк Бислид ялагдсан. Бисли мэргэжлийн рингэнд хоёр дахь удаагаа гарсан бол Лайтын 300 дахь тулаан байв. Кристиан 2003 онд анхны тулаанаас хийснээсээ хойш нэг ч удаа тулааны саналаас татгалзаж байгаагүй бөгөөд түүнийг “Найдвартай эрхэм” гэж нэрлэдэг. Найдвартай гэдэг нь нөгөө талаас нь үзвэл хэрэв Лайт тулаанд орвол бараг 100 хувийн магадлалтай ялагддаг болохоор нь өгсөн нэр. Яагаад гэвэл бокс түүний хувьд ажил, мэргэжил.
“Заримдаа би гэртээ хариад “Би юу хийж байна вэ” гэж өөрөөсөө асуудаг. Ялагдаад л, ялагдаад л, дахин ялагдаад л. Гэхдээ энэ миний ажил гэдгийг ойлгодог” гэж Лайт хүлээн зөвшөөрсөн.
300 тулаанаас тэр 279-д нь ялагдсан. Мэдээж энэ бол мэргэжлийн боксын "тэргүүн дээд" амжилт. Өмнө нь энэ рекордыг 1987-2005 онд тоглож байсан Режи Стрикленд 363 тулаанаас 276-д нь ялагдсан үзүүлэлтээр эзэмшиж байв. Режиг түүхэн дэх хамгийн муу боксчин гэж нэрлэдэг ч түүний тулаан бүр шоу болон хувирдаг байв. НВО, ЕSРN телевиз түүний тулааныг дамжуулж, хүн болгон танина. Эдний гэр бүл ялагдлаар амьдардаг эртний уламжлалтай. Режигийн ах Жери 112 тулааны 100-д, эхнэр нь 30 тулааны 28-д, авга ах Жош 74 тулааны 68-д, хамаатан Жей нь 28 тулалдаад нэг ч ялаагүй тулаанчид.
Лайт, Стрикленд нар шиг боксчдыг tomato cans (томатны лааз) гэж нэрлэдэг, өөрөөр хэлбэл ялагдах нь баталгаатай боксчид. Томатны лаазтай тоглож, чансаагаа ахиулах тамирчдыг нь can crushers (лааз эвдлэгч) гэнэ. Томатны улаан өнгө энд цусыг бэлгэддэг.
“НАЙДВАРТАЙ ЭРХЭМ”
“Би эхний арван тулааныхаа есөд нь ялагдсан ч аз жаргалтай байсан” гэж Лайт боксын замналынхаа эхэн үеийг эргэн дурсаж байна. Тэр 22 настай, ээжтэйгээ хамт амьдардаг, мөнгө тун хэрэгтэй байлаа. Ажил хайгаад олдохгүй тул Лайт тодорхой мөнгөөр зодуулахыг сонгохоос өөр зам байсангүй. Тэр бокс тоглох дуртай байсан ч мэргэжлийн тамирчин биш байлаа. Бямба гараг болгон тулаантай.
“Ийм аргаар мөнгө олох амьдрал удаан үргэлжилнэ гэж би анх бодоогүй. Арваад тулалдаад л больё гэж бодож байсан” гэж Лайт дурсана.
Эхний тулаанууддаа тэр 500 доллар авч байлаа. Өөр орлого байхгүй тул Лайт тулалдсаар байв. Мөнгө санхүүгээс гадна сонирхол татах нэг зүйл нь дажгүй сайн тамирчидтай гар зөрүүлж эхэллээ. Хамтын нөхөрлөлийн орнуудын аварга Тайрон Нурс, Томми Койл, Кевин Митчелл, Дерри Мэтьюс нартай тэр тулалдаж байсан.
2004 онд Лайт ес тулалдаж, нэг ялсан. 2005 онд рингэнд 10 гарч, бүгдэд нь ялагдсан бол 2006 онд 15 тулаан (хоёр ялалт) хийжээ. 2017 онд 25 удаа тулалдсан нь сард хоёр удаа рингэнд гарч байсан гэсэн үг байв. 2018 оны наймдугаар сард тэр 53 дараалан ялагдаад байлаа. Гэхдээ тэр сэтгэлээр унаагүй.
“Би хэзээ ч дэлхийн аварга болж чадахгүй гэдгээ мэднэ. Гэхдээ зүгээр. Яг үнэндээ намайг тийм чанга цохиод, зодоод байдаггүй. Би тэдэнтэй эн тэнцүү тоглоё гэвэл чадна. Даанч одоо би 38 нас хүрчихлээ” гэж хэлсэн Лайт удалгүй эрүүл мэндийн улмаас зодог тайлсан юм.
“Би бүх амьдралдаа дуртай зүйлээ хийж байсан. Дуртай цагтаа босож, хүссэн цагтаа унтдаг, би аз жаргалтай байсан” гэж хэлж байв.
“ЭНЭ БҮХЭН ГЭМТ ХЭРЭГ БИШ”
Томатны лааз нарын тулаан хүнд цохилтоор бараг дуусдаггүй ч байнга толгой, гэдсэндээ цохиулаад байна гэдэг амаргүй. Хурдан ялагдаад өгнө гэхээр бас асуудалтай. Учир нь шүүгч тоглолтыг цагаас өмнө зогсоовол дүрэм ёсоор тамирчин 28 хоног тулаан хийх эрхгүй болдог. Лайт 279 тулааныхаа тавд нь л цагаас өмнө ялагдаж байжээ.
“Бүтэн сар орлогогүй байх гэж үү? Уучлаарай, чадахгүй. Би байр, тог цахилгааны мөнгөө төлөх ёстой”
Эрүүл мэндээс илүү тэднийг зовоодог зүйл бол “найраа” хийсэн хэрэгт холбогдох айдас. Хэрэв найраанд орсон нь албан ёсоор тогтоогдвол бүх насаараа бокс тоглох эрхээ хасуулж мэднэ. Тэгвэл орлогогүй баларна. Тэгэхээр ил тод ялагдаад байж бас болохгүй нь. 2004 онд томатны лааз нарыг шалгах тусгай комисс Аризона мужид байгуулагдаж, шалгаж эхэлсэн юм. Шалгалтаар тийм боксчид байдаг нь батлагдсан. Нууц нэрээр тулалдах, хуурамч паспорт ашиглах гээд маш олон арга байдаг ажээ. Хүнд жингийн аварга Бак Смит 181 ялалтынхаа (120 нокаут) ихэнхийг “сэжигтэй” тамирчидтай хийж байжээ. Смит 106 дараалан ялахдаа нэг удаа нэг сард Канзас, Кентукки, Миссури, Индиана, Теннесси, Оклахома мужуудад 12 тулалдсан байлаа.
Тэр байтугай нэг үдэш хоёр ялсан нь бүртгэлд үлджээ. Хэд хэдэн нууц нэрээр рингэнд гарч, заримдаа өдөрт хоёр гарч ялагддаг боксчид ч байдаг аж. Тэд алдар нэргүй залуу тамирчдын нэрээс гадна нас барсан тамирчдын нэрийг ч ашиглана. Нэг үе 50-100 долларын хөлстэй. Гэмтэл авчихгүй аятайхан ялагдаад байвал багагүй мөнгө олж чадна.
“Энэ бол гэмт хэрэг биш амь зуух арга юм” гэж нэрт промоутер Шон Гиббонс ярьж байна.
Мөрдлөгө шалгалтаар гэмт үйлдэл нь тогтоогдож, шийтгэл хүлээсэн боксчин байхгүй. Хамгийн алдартай томатны лааз нарыг Кевин Макколи (Их Британи, 15 ялалт - 172 ялагдал - 12 тэнцсэн), Ибрар Рияз (Их Британи, 6-145-4), Уильям Уорбертон (Их Британи, 26-139-10), Юссеф аль-Хамиди (Сири, 16-120-4), Элемир Рафаэл (Словак, 34-107-4) нар тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )