Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 95 жилийн ойн хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” чуулга уулзалтын үргэлжлэл болгон Дорнод аймагт 500 эмэгтэй өчигдөр хөгжимт драмын театрт чууллаа. Тус чуулганд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Дорнод аймгийн Зөвлөлийн тэргүүн Ц.Сарантуяа болон 14 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл бүхий нийт 500 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл мэндчилгээ дэвшүүлж, аймаг орон нутгийн эмэгтэйчүүд болон жендерийн тэгш байдлын талаар орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм. Чуулганы үйл ажиллагааны үеэр “Гэрэлт ирээдүйн төлөө эмэгтэйчүүд”, “Архидалтын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, хүүхэд өвчтэй хүн асрах зэрэг шалтгаанаар орлого олохгүй амьдарч байгаа нь тэднийг эдийн засгийг хараат байдалд оруулах төдийгүй өөр олон хэлбэрийн хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог байна. Тиймээс цаашид орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг ажлуудыг олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )