ОЛОН ӨНГӨ: Хүн чанар, Мөн чанар, Сэтгэлийн чанар

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Хүний үзэл бодол өөрчлөгддөг. Цаг үеэ дагаж. Харин цаг үе чамтай биш бусадтай хамт байхад чи хэрхэх. Нөхөрлөсөн нөхөрлөлөө таягдах, ичих, зугтах. Амьдралд өөрийн үзэл бодол, чиг шугам гэж байх хэрэгтэй. Тэгж байж чиний үнэ цэнэ тодорхойлогдоно. Салхи хаашаа чи тийшээ бол хөглөрөх цааснаас ялгагдах зүйл чамд алга. Өөрийн үнэ цэнэ гэж салхины чигийг биш зөв буруу чигийг өөрийнхөөрөө үнэлж, цэгнэхийг хэлдэг. Хэдий үнэ цэнэтэй байна төдий чиний нэр хүнд харагддаг. Гудамжинд хэвтэх архичин, гуйлга гуйх гуйлгачин, хөсөр хаягдсан жаалтай хэрхэн харилцахаас чиний хүн чанар танигдана. Сайн хүн болох гэж хийхээс илүүтэй сайн хүн учраас хийх нь зөв үйлдэл. Тансаг машинд тухлах сайд, мөнгөөр тоглох ямбатан, баярхаж чамирхах бүсгүйтэй хэрхэн харилцахаас чиний мөн чанар танигдана. Хэлсэн бүрийг нь зөв мэт хүлээж авах, мулгуу бүхнийг нь ухаан гэж шагшин магтах, бусдыг хамт доромжилж цэнгэх. Түүнээс салаад чиний амьдрал хуучиндаа орж, түүний амьдрал урсдагаараа урсана. Шагшиж байсан хүн нь шалдаа буухын цагт чиний сэтгэлийн чанар танигдана. Зовоход нь түлхсэн бол жаргахад нь холд. Жаргахад нь наалдсан бол зовоход нь түш. Энд чиний хүн чанар, мөн чанар, сэтгэлийн чанар оршино. Бас үнэ цэнэ.

Б.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top