Ц.Энхтүвшин . “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч
Японы 12 хотноо есдүгээр сарын 20-нд эхэлсэн, дөрвөн жил тутам явагддаг рагбийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Йокохама хотноо арваннэгдүгээр сарын 2-нд ӨАБНУ-Английн багуудын хооронд болж, Өмнөд Африкчууд 32:12 харьцаагаар хожин, рагбийн дэлхийн аварга багт олгодог Уэбб Эллисийн нэрэмжит алтан шармал цомыг гурав дахь удаагаа хүртлээ.
Тэртээ 1845 онд Английн Рагби хотын сургуулийн суралцагч, дээр дурдагдсан Уэбб Эллисийн дүрэм, журмыг нь зохиож, “эх барьж” авсан энэ спорт төрсөн хотынхоо нэрээр нэрлэгдсэн түүхтэй.
Эдүгээ Дэлхийн рагбийн холбоо нь үндсэн гишүүн 99 орон, мөн хүлээн зөвшөөрөгдсөн 20 гишүүн оронтой, дэлхий даяар 3,5 сая гаруй бүртгэлтэй тоглогчидтой бөгөөд рагби нь 1900, 1908, 1920,1924 онд Олимпын наадмын хөтөлбөрт орж байсан билээ.
Хэдийгээр ийм эртний түүхтэй, өндөр хөгжсөн, өргөн тархсан спорт боловч дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь дөнгөж 1987 оноос эхлэн явагдсан ажгуу. Гэхдээ үүнээс өмнө олон улсын томоохон уралдаан тэмцээн бол жил болгон зохиогдож л байсан. Тухайлбал 1883 оноос түүх нь эхэлдэг Европын шилдэг зургаан баг оролцдог Six Nations Cup, мөн бөмбөрцгийн өмнөд хэсгийнхний дунд явагддаг Рагбийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт.
Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд рагби нь энд дурьдаад байгаа 15 хүнтэй сонгодог рагбинаас гадна рагбилиг буюу рагби-13, рагби-7, тач-рагби , элсний рагби гээд олон төрөл бий. Тэр ч бүү хэл америк хөлбөмбөг, австрали хөлбөмбөг, канад хөлбөмбөг, гэль буюу ирланд хөлбөмбөг ч рагбинаас “төрж” гарсан гэхэд болно. Рагби-7 бол 2016 оноос эхлэн Олимпын хөтөлбөрт орсон.
Түүх, төрлийн талаар “далийснаа” орхиод энэ жилийн Рагбийн ДАШТ-ий тухайд эргэн өгүүлье.
Ази тивд анх удаагаа болсон энэ жилийн ДАШТ-ий урьдчилсан шатанд 98 орны баг оролцож, тэндээс шалгарсан шилдэг 20 баг Японд сар хагасын хугацаанд хүч, хурдаа сорьсон. Рагбийн дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн дөрөвхөн орон байдаг бөгөөд энэ дөрвийн гурав нь Шинэ Зеланд, ӨАБНУ, Английн шигшээ багууд хагас шигшээд шалгарсан. Харин дэлхийн хошой аварга, хошой мөнгө, нэг хүрэл медальт Австралийн баг шөвгийн наймд Англид “тахимаа өгсөн” билээ. Австралийн рагбийн шигшээ баг “Валлиби”-ийн шилдэг тоглогч, супер од Исраэл Фолау “дааганаас унаад биш даравгараасаа болоод” дэлхийн аваргад орох бололцоогүй болсон нь “Валлиби”-ийн амжилтад ч бас нөлөөлсөн биз ээ.
10 гаруйхан жилийн өмнө, тодруулбал 1995 онд л Шинэ Зеландын “Хав харуудад” 145:17 оноогоор бут ниргүүлж, анти рекорд тогтоож байсан Японы “Интоорын цэцэгнүүд” Ирланд, Шотланд, Самао гээд хүчирхэг багуудыг буулган авч шөвгийн наймд үлдсэн ч Өмнөд Африкчуудыг барсангүй. Гэхдээ л Япон бол рагбигаар Азидаа бол хол тасарсан, дэлхийн хүчтэй багийн нэг болсон гэдгээ хангалттай харууллаа.
Францын “Азарган тахианууд”, Ирландын “Ногоон залуус” ч шөвгийн наймд үлдэж, дэлхийн шилдэг багууд гэдгээ баталсан.
Хагас шигшээд Английн рагбичид дэлхийн хамгийн шилдэг рагбийн баг болох Шинэ Зеландын “Хав харуудыг” 19:7-оор буулган авч томоохон сенсаац дэгдээсэн. Сүүлийн хэдэн жилийн турш босоо явсан “Хав харууд”-ын хожлын цувралыг рагбийн “эх орныхон” ийн зогсоох хувьтай байж.
Нөгөө хагас шигшээд дэлхийн хошой аварга Өмнөд Африкчууд Уэльсийн “Улаан луунуудыг” 19:16-аар хожсон. Энэ жилийн дэлхийн аваргад “Спрингбокс” хэмээн Өмнөд Африкийн нэгэн зүйл гөрөөсөөр хоч нэрээ хийсэн Өмнөд Африкийн рагбийн шигшээ багтай хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлж, хамгийн ойрхон оноогоор хожигдсон баг нь “Улаан луунууд” болсон юм. Бусад учраануудаа бол “спрингбокс” хол зөрүүтэй хожсон доо.
Хүрэл медалийн төлөө Шинэ Зеланд Уэльсийг 40:17-оор “уншсан” бол аваргын төлөө Өмнөд Африкчууд Английг бас төвөггүй хожсоныг дээр өгүүлсэн билээ.
Ийнхүү рагбигаар дэлхийд гурав түрүүлсэн багийн тоо хоёр болж, Шинэ Зеланд, Өмнөд Африк гээд “даян” аваргуудтай боллоо, рагбийн ертөнц.
РАГБИЙН ДАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД
1987 он. 1. Шинэ Зеланд 2.Франц 3. Уэльс
1991 он. 1. Австрали 2. Англи 3. Шинэ Зеланд
1995 он. 1. ӨАБНУ 2.Шинэ Зеланд 3. Франц
1999 он. 1. Австрали 2.Франц 3. ӨАБНУ
2003 он. 1. Англи 2.Австрали 3. Шинэ Зеланд
2007 он. 1. ӨАБНУ 2.Англи 3. Аргентин
2011 он. 1. Шинэ Зеланд 2.Франц 3. Австрали
2015 он. 1. Шинэ Зеланд 2.Австрали 3. ӨАБНУ
2019 он. 1. ӨАБНУ 2. Англи 3. Шинэ Зеланд
Рагбийн дараагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 онд Францад зохиогдох юм.
Сэтгэгдэл ( 2 )
ustraveldocs.com/mn_mn/MongoliaDepositSlip2.html?fee=73
Saihan medeelel bn. Goyo bichjee. Bayrlalaa