Америкийн хэвлэл мэдээллийн CNN агентлаг энэ цагийн эгэл баатруудаа тодруулан нэрлэжээ. Орон гэргүй хүнд тусалдаг, гал түймэрт хохирсон иргэдийг урмаар тэтгэдэг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг, хоригдол ч гэсэн хүн гэдгийг батлах гэж хичээж буй, жам гэж байдгийг хүүхдэд заадаг эгэл жирийн хүмүүс эгэл баатрын жагсаалтад багтжээ. Энэ дэлхий таны бодож байгаагаас ч сайхан газар болохыг, сайхан газар болгох хүч эгэл жирийн хүн танд байгаа гэдгийг дээрх эгэл жирийн баатрууд харуулж байна. CNN агентлаг эгэл жирийн баатруудад тус бүрд нь 5000 ам.доллар, цом гардуулжээ.
Стейси Алонзо: Амьтад ч бас эрхтэй
Тэжээвэр амьтдын эрхийн төлөө тэмцдэг Стейси Алонзо эгэл баатрын нэг болжээ. АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод амьдардаг тэрээр тэжээвэр амьдын эрхийг хамгаалах, гудамжны амьтдыг эздэд нь эргүүлж өгөх ажлыг сайн дураараа гүйцэтгэдэг юм. Түүнчлэн гэрийн тэжээвэр ч эздийн хайхрамжгүй байдлаас бэртэж, гэмтэн амьтдыг энэрэн хайрлах, тусгай байраар хангах үйлчилгээг үзүүлдэг болсоор 10 жилийн хугацаа өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд тэжээвэр амьтдаа тамлах тохиолдлын тоо өсөх болсон нь Алонзогийн санааг зовоож буй бөгөөд тэдний эрхийг хамгаалах зурагт хуудас тараах, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг ажил эрхэлдэг байна.
“Миний тэжээдэг байсан хоёр нохой арын хоёр хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон 2004 оноос эхлэн би тэжээвэр амьтдын эрхийн төлөө тэмцэх болсон. Миний хайхрамжгүй байдлаас болж гэр бүлийн минь нэг хэсэг болсон тэжээвэр амьтад маань зовж байгааг хараад тэсээгүй. Судлаад үзтэл зарим хүмүүс тэжээвэр амьтдаа тамлах тохиолдол багагүй байсан. Тиймээс сайн дурын ажил хийж байна” гэж Стейси Алонзо ярьжээ.
Стейсигийн байгуулсан “Ноагийн амьтдын гэр” гэх тэжээвэр амьтдын асрах газар 2007 онд байгуулагдсанаас хойш 1500 гаруй гэрийн тэжээвэр амьтад байрлажээ. Тэр зөвхөн нэг газраа л байхыг хүссэнгүй муж бүрийн төлөөлөлтэй уулзан 21 мужид “Ноагийн амьтдын гэр” нэртэй тэжээвэр амьдын асрах газраа байгуулаад байна. Сайн санааны байгууллага нь 15 мужийн санхүүжилтийн хөтөлбөрт багтсанаас хойш сайн дурын ажилчдыг ажиллуулах, тэжээвэр амьтдын байраа өргөтгөх зэрэг боломжтой болжээ.
Вүүдий Фэйрклот: Зовлон биднийг тойрохгүй
АНУ даяар ой хээрийн түймэрт өртөх өндөр эрсдэлтэй муж бол Калифорни. Одоогоос яг найман сарын өмнө тус мужийн Парадайз хотод түймэр гарч 85 хүн амиа алдан, 14 мянган байгууламж шатан, 15 мянган хүн орох оронгүй болсон юм. Колорадо мужийн иргэн Вүүдий Фэйрклот дээрх гамшигт өртсөн гэр бүлүүдэд туслах сайн санааны байгууллага болох “RV4Campire Family” гэх төрийн бус байгууллага байгуулан тусламжийн гараа сунгаж байна. Түймэрт өртсөн иргэдийг явуулын орон сууц, автобусан орон сууцаар хангах зорилгтой хандивын аянд 20 мужийн иргэн хамрагджээ.
“Өнгөрсөн хоёрдугаар сард манай гэр бүл телевиз үзэж суугаад Калифорни мужийн Парадайз хотод түймэр гарч олон хүн орох оронгүй болж байгааг харсан юм. Үнэхээр сэтгэл шимширсэн. Тиймээс гэр бүл, найз нөхдөөрөө нийлээд түймэрт өртсөн хүмүүст туслах сайн санааны байгууллага байгуулсан юм” гэж Вүүдий Фэйрклот ярьжээ.
Фэйрклотын гэр бүл орон нутгийн үйлчилгээний газрууд болон хувиараа бизнес эрхлэгч нараас цугларсан хандивын мөнгө, Фейсбүүк хуудас ашигласан хандивын аяныхаа хүрээнд цугларсан мөнгөөр 65 автобусан сууц цуглуулан түймэрт өртсөн иргэдэд тусалжээ. Хандивын аян одоо ч үргэлжилж байна.
Фревейни Мебрату: Эмэгтэйчүүд гэрийн тэжээвэр амьтан биш
Этиоп улс. Хар тивийн зүүн хойд хэсэгт оршдог энэ улсад эмэгтэйчүүдийн сарын тэмдэг бол шашны ёсонд нийцэхгүй хориотой зүйл. Тиймээс сургууль завсардалтын түвшин охидын дунд элбэг аж. Дэлгүүр хоршоонд ариун цэврийн хэрэглэл тэр бүр байдаггүйгээс шалтгаалан сургууль завсардах, зарим нь бүр сургуулиа орхих шийдвэр гаргадаг байна. Энэ бүгдийг нүдээр харж, биеэр туулсан Фревейни Мебрату 2005 оноос эхлэн ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах ажил эхлүүлжээ. Түүнчлэн орон нутгийн өсвөр насны хөвгүүдэд эмэгтэйчүүдийн сарын тэмдэг яагаад ирдэг, энэ үед охидын биед гардаг өөрчлөлтийн талаар мэдлэг олгох сургалтыг сүүлийн 15 жил хийж иржээ.
“Этиопын умард хэсгийн хэд, хэдэн тосгонд сарын тэмдэг бол муу ёр, шашны ёсноос гажууд гэсэн маш бурангуй ойлголт байдаг. Анх энэ тухай 13 насандаа сонсоод би цочирдож байлаа. Америк улсад суралцаад ирсний дараа нөхөдтэйгөө ярьж байгаад ариун цэврийн хэрэгсэл тараах, сарын тэмдгийн талаар мэдлэг олгох хичээл зааж эхэлсэн” гэж Фревейни Мебрату ярьжээ.
Этиопын умард хэсгийн таван тосгон, гурван мужийн дунд сургууль түүний бэлдсэн хөтөлбөрийг эрүүл мэндийн цаг гэх сургалтаас гадуурх хөтөлбөртөө хамруулж сургалтын нэг хэсэг болгожээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Этиопын умард хэсгийн гурван мужид охидын сургууль завсардалт 25 гаруй хувиар буурсан гэх судалгаа бий.
Ричард Майлс: Хоригдол ч гэсэн хүн
“Майлсын эрх чөлөө” энэ бол Даллас хотын уугуул Ричард Майлсын санаачилсан сайн дурын байгууллагын нэр. Шоронгоос суллагдсан хүмүүст тэр бүр ажил олдохгүй, нийгмийн өмнө хоригдол гэсэн хар баг нь тээр болох тохиолдол олон байдаг тул шоронгоос суллагдсан хүмүүсийг ажилд зуучлах, сургалтад хамруулдаг аж. Сүүлийн үеийн компьютерын программ, тэр бүү хэл ухаалаг утас ашиглах заавар зэргийг суллагдсан хүмүүст заадаг байна.
“Миний амьдрал 19 настай байхад орвонгоороо эргэсэн. Тэр үед бий зүгээр л буруу газраа, буруу цагтаа байж таарсан юм. Нэг хүн буудуулсан байхтай таарсан очоод туслах гэтэл энэ хэргийн гол буруутан нь болж таарсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө 15 жил Техасын шоронд хоригдсон. Тиймээс гарч ирээд ямар нөхцөл байдалд ордгийг би сайн мэднэ. Би л энэ хүмүүст туслах ёстой” гэж Ричард Майлс ярьсан байна.
Тэрбээр 2009 онд 34 насандаа шоронгоос суллагджээ. Өөрийнхөө хүсэлтээр санхүүгийн анхан шатны сургалтад хамрагдсан тэрээр 2012 оноос эхлэн шоронгоос суллагдсан хүмүүсийг ажилд зуучлах, сургалтад хамруулах үйлсээ эхлүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Майлсын төвд хандсан 1000 гаруй хүн ямар нэгэн ажилд орж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болжээ.
Рожер Монтояа: Хүүхэд гэр бүлээ сонгодоггүй
АНУ-Мексикийн хилийн залгаа орших Шинэ Мексико хот хар тамхины хэрэглээ, түүний сөрөг үр дагавраараа Америк улсдаа толгой цохидог. Хар тамхинаас болж жил бүр 500 гаруй хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа салдаг гэх судалгаа бий. Хүүхдүүд гэр бүлээ сонгож төрдөггүй учраас хар тамхины хамааралтай ээж, аавтай хүүхдүүдэд туслах “Эспаньола уран зураг” гэх явуулын студи 2008 онд байгуулагджээ. Санаачлагч нь Рожер Монтояа. Асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг өдрийн сургалтад хамруулж, үнэгүй хоол өгөх, уран зургийн арга техник олгох явуулын студид өнгөрсөн хугацаанд 5000 хүүхэд хамрагдсан гэх судалгаа бий.
“Би яг 20 жилийн өмнө ДОХ-ын халдвартай болохоо мэдсэн. Үүнээс хойш миний ертөнцийг үзэх үзэл орвонгоороо эргэсэн. Зөвхөн би л энэ ертөнцөд байдаггүй юм байна. Амьд байгаагийн хамгийн том шалтгаан нь бусдад туслах юм байна гэдгийг ойлгож авсан. Миний дэргэд байсан олон хүн энэ өвчнөөр нас барсан. Би гэртээ үхлээ хүлээгээд хэвтэж болох байсан ч урам зоригоо алдсан хэн нэгэнд туслах ёстой гэж бодсон учраас Шинэ Мексикогийн хүүхдүүдэд туслахаар шийдсэн юм” гэж Рожер Монтояа ярьжээ.
Зарим боломжтой айлын хүүхдүүдэд цагийн таван центээр зурах арга техник, заримдаа бүжгийн хэд, хэдэн хөдөлгөөн заадаг байна. Өнгөрсөн жил тэрбээр нэгэн сайн санаат компанийн эзнээс 150 мянган ам.долларын тусламж авч явуулын уран зургийн студиэ тохижуулжээ. Хар тамхины хамааралтай болсон ч амьдралын боломжтой зарим айл өрх түүнээс цагийн 10-15 ам.долларын төлбөрөөр хичээл орохыг хүсэх болсон байна.
Мэри Робинсон: Хүүхэд ч гэсэн гашуудаж сурах ёстой
Магадгүй үүнийг уншаад та бидний санаанд буухгүй байж болох юм. Мэри Робинсон гэх эмэгтэй ойр дотнын хэн нэгнээ алдсан хүүхдүүдэд туслах “Төсөөлөөд үз” нэртэй буяны байгууллага ажиллуулдаг. Бүтэн өнчин эсвэл хагас өнчин хүүхдүүд сэтгэл санаагаа бусадтай хуваалцахыг хүсдэггүй түүнээсээ шалтгаалаад зожиг, огцом ууртай болдог тул тэдэнд багаас нь тусалж зөв чиглүүлэх ёстой гэж бодсон тэрээр энэ төвийг байгуулжээ.
“Би 14-тэй байхдаа аавыгаа алдаж байлаа. Аав өнгөрсний дараа гэр бүлийнхэн маань бүгд миний эсрэг мэт санагддаг байсан юм. Ээж минь намайг сэтгэл зүйчтэй уулзуулсан ч оюутан болох хүртлээ энэ бодол минь арилаагүй. Оюутан байхдаа надтай адил зовлонтой хүүхдүүдэд тусалж болох юм гэх анхны санаагаа олсон” гэж Мэри Робинсон ярьжээ.
Мэри Робинсон сургалтын төв нээж улмаар шүлэг, дуу, уран зураг, уран баримал, хөгжим тоглох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөх олон хөтөлбөр боловсруулжээ. Сэтгэл дотроо нуусан бүгдээ ил гаргах боломжтой “Бухимдлын өрөө” ч түүний сургалтын төвд бий. Мэри Робинсоны найз хоёр ч сэтгэл зүйч түүний ажилд туслан хагас өнчин болон бүтэн өнчин хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг ажээ.
Афроз Шах: Далай, тэнгис хогийн сав биш
Энэтхэгийн Мумбай хотод төрж тэндээ ажиллаж буй Афроз Шах өнгөрсөн дөрвөн жилийн туршиид Версова далайн эргийн газарт тогтсон цагтаа ирж хог цэвэрлэх зуршилтай болжээ. Түүнийг хэн ч ийм зүйл хий гэж албадаагүй ч дөрвөн жилийн хугацаанд 60 сая фунт далайн хог хаягдлыг цэвэрлэжээ. Эхний гурван сард ганцаараа цэвэрлэдэг байсан бол явандаа нэг, нэгээрээ нэмэгдсээр долоо хоног бүрий ням гарагт 200 гаруй хүн тогтмол цэвэрлэгээ хийх болсон байна. Хуульч мэргэжилтэй тэрээр далайн хог хаягдлыг цэвэрлэх уриалга гарган олон нийтийн сүлжээ, үзвэр, үйлчилгээний газарт зурагт хуудас нааж байгаа аж.
“Надад их сонин мэдрэмж төрсөн юм. Усгүй бол бид юу болж хувирах вэ гэж. Эргээд хог болчихгүйн тулд л би далай, тэнгисийн хогийг цэвэрлэх болсон. Эхэндээ би ганцаараа л хог цэвэрлэдэг байсан бол намайг дэмжих олон хүн байгааг ухаарсан. Орон нутгийн байгаль орчны газрын судалгаагаар Версова далайн эрэг бүрэн цэвэрлэгдсэн тул цэвэрлэх газраа өөрчилж Мити голын хаягдлыг түүж байна” гэж Афроз Шах ярьжээ.
Энэтхэг даяар түүний санаачилсан далай цэвэрлэх хөтөлбөрт 200 мянган сайн дурынхан хамрагдаж далай тэнгисийг хог хаягдлаас нь салгаж байна. Олон улсын байгаль хамгаалах сан, Далай, тэнгис судлалын холбооноос түүний санаачилсан хөтөлбөрийг хамгийн олон хүн хамрагдсан сайн дурын аян гэж зарлажээ. Одоогоос яг нэг жилийн өмнө 2018 оны аравдугаар сард Версова далайн эрэг цэвэрхэн болсон гэх мэргэжилтний дүн гарсны дараа нөхдийнхөө хамт Мити голын хаягдлыг түүх болсон аж.
Зак Уигал: Тоглоомоор эмчилье
Зак Уигал бол видео тоглоом сонирхдог, өөрөө зохиох хүсэлтэй нэгэн. Тэрбээр өөрийнхөө хамгийн том хоббиг өвчтөнүүдийн тэр дундаа өвчтэй хүүхдүүдийг илааршуулах эм болгоод удаагүй байна. Төрөлхийн суурь өвчтэй хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлдэг тасгуудаар сүүлийн үеийн компьютер тоглоомын тэмцээн явуулдаг ажилтай аж. Түүнчлэн зарим нэг хүүхдийн зурсан зургаар жижиг багтаамжтай тоглоом хийж үзүүлдэг байна. Хүүхдүүдийг тоглоом бүрэн эдгээхгүй ч сэтгэл санааг нь өргөх, эмчилгээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлдэг гэж эмч нар дүгнэжээ.
“Би багадаа их загнуулдаг байлаа. Компьютер тоглоом хөөгөөд гэр бүлийнхэндээ нэмэр болсонгүй, ирээдүйд эрсдэл хүлээхгүй мэргэжил эзэмш гэж эцэг, эхдээ загнуулдаг байсан. Хэрэв миний хобби үнэхээр энэ ертөнцөд ямар нэгэн сайн зүйл хийе гэвэл би үүнийг нь олох ёстой гэж олон жил бодсон юм. Найзын маань дүү суурь өвчтэй эмнэлэгт хэвтдэг юм л даа. Дүүг нь эргэж байхдаа хоббигоо хүүхдүүдийн сэтгэлийг өргөхөд зориулъя гэж шийдсэн” гэж Зак Уигал ярьсан юм.
Зак Уигал өөрийнхөө портал хуудас, компьютерын сувгуудаа ашиглан хандив цуглуулж 900 ширхэг Xbox компьютер тоглоом, 850 ширхэг PlayStation төхөөрөмж цуглуулан сонгогдсон 150 эмнэлэгт хандивлаад байна. Түүнчлэн улирал бүр дээрх эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулж сэтгэлийн бэлэг гардуулдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )