НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэй, Дэлхийн худалдааны байгууллагын санхүүжилтээр Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах туршилтын төсөл Баянгол, Гучин-Ус, Бат-Өлзий, Уянга сумдад хэрэгжинэ. Тус төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран хэрэгжүүлэх юм.
Энэ сарын 5-нд төслийн танилцуулга, нээлтийн арга хэмжээг Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулав. Нээлтэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле, аймаг, орон нутгийн удирдлагууд, төсөл хэрэгжих сумдын Засаг дарга, багийн Засаг дарга, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд оролцов.
Энэхүү төслийн хүрээнд дээрх сумдын 23 багийн 356 малчин өрхийн 190 мянга орчим толгой малыг ээмэгжүүлж, бүртгэлжүүлнэ. Ингэснээр малын гарал үүслийг тодорхойлох, малын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, малын хулгайг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Төслөөс гарсан үр дүн дээр суурилаад тус системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Төсөл 2021 он хүртэл хэрэгжинэ.
Сэтгэгдэл ( 0 )