СЭДЭВ: Сэтгүүлчийг АЖИЛ МЭРГЭЖЛЭЭР НЬ гадуурхаж болохгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс санаачлан “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэл” сэдвээр өчигдөр /2019.11.18/ салбарын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яваа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн хуулиас хасаж, Эрүүгийн хуульд оруулахаар төсөлд тусгасан “гүтгэх”-тэй холбоотой заалтууд, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд өөрчлөлт үүсгэх асуудлаар салбарын хэмжээнд хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлгийн эхэнд МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Сэтгүүл зүйн салбартай холбоотой эрх зүйн шинэчлэл яригдаж байгаа энэ үед бид салбараараа цуглаж ярилцах, нэгдсэн саналд хүрэх зорилгоор хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээ зохион байгуулж байна. Хуулиудын өөрчлөлт, дагалдах үр дагавар зэргийг харилцан ярилцах, ойлголтоо ойртуулах, тодорхой саналууд дээр нэгдэх зэрэг хэрэгцээ шаардлага их байна. Хэвлэл мэдээллийн эрх зүй яах аргагүй бидний хамтын асуудал учраас хуулийн хэлэлцүүлгийн шатанд санал бодлоо тодорхой илэрхийлэхгүй бол нэгэнт батлагдсан хойно олон санаа уралдуулах нь нэмэргүй. Тийм учраас хэвлэл мэдээллийн салбарын ТББ-ууд, мэргэжлийн холбоод, редакцууд, багш судлаачид, сэтгүүлчдээ хэлэлцүүлэгт урин оролцуулж байна” гэдгийг тодотгов. 

Түүнчлэн, дээрх хуулиудын ажлын хэсэгт салбарын төлөөлөл орж ажиллах боломжийг УИХ-ын холбогдох байнгын хороонд олгосон. Тэгэхээр хууль тогтоогчидтой хамтран ажиллах, санал бодлоо илэрхийлэх энэхүү механизмаа бас үр дүнтэй ажиллуулмаар байна. Манайхан идэвхтэй, ажил хэрэгч хандахыг уриалж байлаа.
 



Энэ үеэр МСНЭ-ийн Хуульч Г.Балжмаа Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу “Гүтгэх” заалтаар шийдвэрлэгдсэн хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай албанаас авсан мэдээллийг иш татан, мэдээлэл өгсөн юм. 

Тус албанаас ирүүлсэн мэдээллээр, энэхүү заалт хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 32 хэрэг шийдвэрлэсэн гэжээ. Харин дээрх мэдээллийг бодит үнэнтэй нийцэхгүй гэж үзэж байгаа юм. Учир нь одоогоос нэг жилийн өмнө мэргэжлийн холбоодтой хамтран явуулсан судалгааны дүнгээр, гүтгэх заалтаар 205 гомдол цагдаагийн байгууллагад ирүүлснээс 31 иргэн хоёр байгууллага зөрчлөөр торгуулсан тоо баримт гарч байжээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас өгч байгаа тоон  мэдээлэл нь гүтгэх зөрчлөөр шийтгүүлсэн бодит байдал, сэтгүүлчдийн кейсийн тооноос зөрүүтэй буюу бага байгаа гэдгийг онцолж байлаа.

Хууль сахиулагчдын зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу “Гүтгэх” заалтаар сэтгүүлч нарт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ төрлийн хэргээр шийтгүүлсэн иргэдийн дийлэнх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа юм. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу “Гүтгэх” заалтыг Эрүүгийн багц хуулийн 13.14 дүгээр зүйлд оруулж эрүүгийн хэрэгт тооцохоор болоод байгаа.

Тус заалтыг Эрүүгийн хуульд оруулахдаа 13.14 дүгээр зүйлийн Нэгд, Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хоёрт, Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн тусгажээ. Дээрх заалтыг Эрүүгийн хуульд оруулах санаачилгыг өнгөрөгч онд Хууль сахиулах их сургуульд болсон 400-500 хүнтэй хэлэлцүүлгийн үеэр хууль сахиулагчдын зүгээс гаргасан гэх ба гүтгэх зөрчлийг шалгах хугацаа богино учраас нарийвчлан шалгах боломжгүй, шийдвэрлэх боломжгүй учраас Эрүүгийн хуульд тусгаж хэргийг шалгах хугацааг сунгах, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Харин сэтгүүлчдийн зүгээс  Эрүүгийн хуульд оруулж буй 13.14 дүгээр зүйлийн хоёр дахь заалтыг бүтнээр нь хасах тухай байр суурь илэрхийлж байгаа бөгөөд энэ үндэслэлээ дараах хэлбэрээр тайлбарлаж байна.

Нэгдүгээрт, тус заалтад иргэнийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж буй явдал бол, хоёрдугаарт энэ заалт хэрэгжиж эхэлснээр редакцын халдашгүй байдалд халдах, мөрдөн байцаалт явуулах, гүйцэтгэх ажиллагаа явуулах гэх мэтээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд халдаж эхэлнэ гэж үзэж байгаа юм. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл ийнхүү саналаа хэллээ.


“Хангарди” сэтгүүлчдийн холбооны тэргүүн Э.Мөнгөнбаяр “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед саналаа хэлэх гээд чадаагүй юм. Энэ заалт бол маш тодорхойгүй. Сэтгүүлчдэд унтуулах тариа тарьж байгаад эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байгаа харагдаж байна. Сошиалтай холбоотой заалтууд байх хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Үүнийгээ нэг бүрчлэн санкцаар авч үзэх ёстой. Хоёрдугаар заалт бол сэтгүүлчийг цэвэр эрүүгийн гэмт хэрэгтэн болгох заалт мөн. Хэрвээ энэ заалтыг оруулаад ирвэл сэтгүүлчид бүгд гэмт хэрэгтэн болно. Улс төрийн албан тушаалтанд хамаарахгүй гэдэг нь зүгээр л унтуулах тариа. Хэрвээ энэ хоёр заалтыг оруулна гэвэл санкцаар оруулах ёстой. Тэртээ тэргүй Иргэний хуульд доромжлох гүтгэх чинь байгаа. Тиймээс энэ хоёр заалтыг бүтнээр нь хасах саналтай байна. Өөрөөр хэлбэл, яг энэ чигээр нь ерөнхий оруулж болохгүй” гэлээ.



МНСЭ-ийн Дэд ерөнхийлөгч Ж.Батбаатар “УИХ-ын гишүүд хүртэл хэрвээ фэйсбүүктэй хүн  3000-5000 дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтган тооцно гэж байгаа. Хоёроос хорин саяар торгох нь эдийн засгийн аргаар барьцаалж байгаа хэрэг шүү. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын эрх чөлөө юм. Зөрчлийн хуульд гүтгэх заалт байсан нь зохисгүй байсан. Тиймээс энэ заалтыг ямар ч гарцгүйгээр Эрүүгийн хуульд оруулна гэж байгаа бол заавал нарийвчилсан тайлбар, томьёолол хэрэгтэй. Үүнд салбарынхан саналаа нэгтгэж оруулах нь чухал” гэлээ.

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Гарамханд “Гүтгэх заалтыг эрүүгийн хуульд оруулахыг хоёр талтай гэж үзэж байгаа. Хууль бол нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Шүүх хуралд цугларсан нотлох баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргадаг учраас томьёолол гаргах нь зүйтэй гэдэгт санал нэг байгаа. Нарийвчилсан томьёоллоо оруулж ирээд саналаа өгөх шаардлагатай” гэв.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Өнөөдөр бид энэ газраас нэгдсэн томьёололтой гарахгүй бол болохгүй. Одоо байнгын хороогоор орчихсон энэ чигээрээ л гараад ирнэ. Гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас авах нь зөв. Энэ заалт нь зөрчилд тохирохгүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хөрөнгө мөнгө бие сэтгэлээрээ амслаа. Тиймээс Зөрчлөөс гаргах нь зөв гэж харж байгаа. Гүтгэх бол маш аюултай хор хөнөөлтэй учраас Эрүүгийн хуульд ч оруулахгүй, Зөрчлийн хуульд ч оруулахгүй байна гэж байхгүй.  Хууль тогтоогчдын зүгээс гарцаагүй гэж үзэн оруулж ирж байна. Миний санал бол дээрхтэй ижил 13.14 дүгээр зүйлийн хоёр дахь заалтыг бүтнээр нь хасах юм. Нэгдүгээр заалтын тухайд байх нь зөв. Яагаад гэхээр сошиалаар нэр нүүрээ нуусан гүтгэсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа хэргүүдийг шийтгэж болохгүй байгаа. Шалгах хугацаа богино, гүтгэгч нар нь олдохоо байсан, 58 хоног өнгөрмөгц хэрэг хаагддаг гэх мэтээр жинхэнэ гүтгэгчид ард нь үлдэж байна. Тэгэхээр бид нар ямар гаргалгаа хийж байна гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол олдоно, сайт сонин, телевизийн эзэн холбогдогч тодорхой байдаг. Харин сошиал дахь троллууд нь олдохгүй байгаа учраас энэ хүмүүсийг хайх хуулийн процедур хэрэгтэй байгааг ойлгож байна. Өнөөдөр энэ заалт Эрүүгийн хууль руу орох нь гарцаагүй болсон байна. Тиймээс хар ухаанаар амьдрал дээр яаж буух вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Сошиал орчинд гүтгэж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүс сэтгүүлчид биш. Огт өөр этгээдүүд байгаа шүү. Тэгэхээр хоёр дахь заалтыг л хасах тухай саналд нэгдэе гэсэн санаа гаргаж байна. Сайн муу алинд боловч нэг зүйлд тогтъё” хэмээлээ.

Түүнчлэн бусад сэтгүүлчдээс, хоёр дахь заалтад хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн онцолж байгааг хамгийн аюултай гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд нэгэнт галт тэрэг хөдөлж “Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд орох нь тодорхой болоод байгаа учир Эрүүгийн хуульд оруулах гэж буй 13.14 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэг буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн тусгасан заалтыг хасах, нэгдүгээр заалтад нарийвчилсан томьёолол оруулах асуудалд санал нэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.42.3) 2019 оны 11 сарын 19

Хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэж байдаг даа. Сэтгүүлч нар тусдаа байх гээд байх юм

0  |  0
Top