UFC vs ONE FC
Сүүлийн үед мэргэжлийн бокстой эн зэрэгцэн, тулааны урлаг сонирхогчдыг татаж байгаа холимог тулаан. Долоо хоног болгон том тэмцээн явагдаж, үзэгч олонд уйдах зав огтхон ч өгөхгүй.
Энэхүү холимог тулааны ертөнцийн гол оргил нь Америкийн UFC холбоо. Энэ холбоонд элсэж, тэмцээнд нь оролцох, цаашдаа аваргын бүсийн эзэн болох нь тулаанч болгоны хүсэл мөрөөдөл байлаа. Байлаа гэдгийн учир нь сүүлийн жилүүдэд Азийн “One Championship” хэмээх холбоо хүчийг авч, дэлхийн шилдэг тамирчдыг урин дуудаж, дүрэм журмаа тогтоож эхлээд байна. Мэдээж UFC холимог тулааны хамгийн том холбоо хэвээр байгаа. Гэхдээ спортын энэ төрлийн төв Азид шилжих цаг ирлээ гэх шинжээч цөөнгүй байгаа юм. Ази тив урьд өмнө холимог тулааны төв байсан үе бий. 1990-өөд оны эхнээс 2000-аад оны эхэн хүртэлх үед, холимог тулааныг “дүрэмгүй зодоон” гэж нэрлэдэг байхад Арлын Япон орон дэлхийн тулааны урлагийн цөм байсан юм. Японы K-1, PRIDE холбооны тэмцээнд орох гэж америк, орос, бразил тулаанчид дугаарлан зогсож, Оросын Федор Емельяненко, Хорватын КроКоп, Бразилын Ногейра, Вандерлай Силва нар Японы дэвжээнд нэр алдарт хүрж байлаа. Гэвч тус холбоод дампуурснаар холимог тулаан АНУ-д шилжсэн, одоо ч тэндээ байгаа.
Харин UFC-г оргилоос буулгахаар гарч ирээд байгаа “One Championship” бол Сингапурын холбоо. Арван жилийн дотор Японыг давж, Азийн хамгийн том холбоо болж чадсан газар. Тэд UFC-гийн оддыг урвуулан аваад зогсохгүй, холимог тулааны дүрмийг өөрчилж байна.
Өнгөрсөн жилийн намар “One Championship” холбоо UFC-ээс Эдди Альварес, Деметриус Жонсон гэсэн аваргуудыг Витор Белфорт, Сейж Норткатт нартай нь урвуулан авсан. Мөн UFC-гийн аварга асан Миша Тэйт одоо сингапур холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байна.
Энэ талаар UFC холбооны тэргүүн Дана Уайт “Үнэхээр галзуурмаар юм. Бид олон жил Азийн зах зээлд гарахаар зүтгэж байна. Гэтэл нэг тэрбумтан гарч ирээд л эзэлчихлээ. Энэ холбоог тоохгүй байхыг арга алга. Тэд жинхэнэ мангас” гэж гомдоллож байлаа. “One Championship” яаж ийм амжилтад хүрж чадав?
Үнэ төлбөргүй
Юуны өмнө “One Championship” холбооны тэмцээнүүд холимог тулааны жирийн сонирхогчдод нээлттэй, үзэхэд амар. Ямар ч үнэ төлбөргүйгээр телевизээр үзэхээс гадна Facebook, Twitter-ээр ч харж болно. Тэмцээн дуусаад тэр дор нь шилдэг цохилт, ялалтуудыг олны хүртээл болгоно. Тэмцээний зохион байгуулалт, рингийн охид, тулаанууд нь ч дээд түвшинд. Харин UFC мөнгө төлсөн хүнд л үйлчилдэг.
Шоу, доромжлол биш жинхэнэ спорт
“One Championship” америк холбоо шиг цус урсгасан тулааныг онцлох биш жинхэнэ тулааны урлагийг үзэгчдэдээ өргөн барьж байна. Уг нь бол ази холбооны дүрэм нь илүү хатуу (унасан өрсөлдөгчийн толгойнд өвдөглөж болно). Гэвч “One Championship”-ийн тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал дээр та нэг нэгнээ доромжилж, хараан зүхэж байхыг харахгүй. Дээд тал нь хүчтэй цохилтоор ялна гэж л хэлнэ. Тулаанчдыг танилцуулж байгаа нь ч эерэг, тухайн тамирчин тулааны урлагийн ачаар хэрхэн өөрийгөө ялж чадсан талаар өгүүлнэ. Холбооны оддын нэг Японы Рика Ишигэ эрлийз бүсгүй. Түүнийг багадаа ангийнхандаа хэрхэн ад үзэгдэж, дооглуулдаг байсан, тулааны урлагаар хичээллээд яаж хүчтэй болсныг нь яруу тодоор харуулахаас биш хэнийг цус нөжтэй нь хольж байсан нь танилцуулгад гарахгүй.
Холбооны албан ёсны уриа нь “Үнэнч шударга, даруу төлөв, хүндэтгэл, сахилга бат, хүн чанар”. Холбооны тэргүүн Ситиодтонг “Бид тулааныг шоу болгохоос шоу бизнес болгохыг зорьдоггүй. Нэг нэгнээ доромжилж, гутааж тэмцээндээ хүмүүсийн сонирхлыг татах хэрэгцээ бидэнд байхгүй. Азид өөрийн гэсэн үнэ цэнтэй зүйл бий. Манай тэмцээнийг тэрбум хүн үздэг. Тэдэнд бид үнэнч шударга өрсөлдөөнийг үзүүлэх ёстой” гэж ярьж байлаа. UFC-гийн аварга Деметриус Жонсон Сингапурт ирээд “Дахиж тэмцээний өмнө өрсөлдөгчөө заавал доромжлох хэрэггүй болсонд хамгийн их баяртай байна” гэж хэлсэн нь нэгийг өгүүлнэ.
Тулааны урлагийн олон төрөл
“One Championship” бол дан ганц холимог тулаан биш. Тайланд бокс, кикбоксын тулаан хөтөлбөрт нь заавал багтана. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивийн бүх тулаанчдыг эгнээндээ нэгтгэх зорилгын нэг хэсэг нь энэ юм.
Жин хасалт, эрүүл мэнд
Холимог тулааны гол асуудлын нэг жин хасалттай тэмцэх аргаа ч тэд ази хүний ухаалаг зангаар олж чадсан юм. 2015 онд “One FC 35” тэмцээнд орохоор бэлтгэж байсан Хятадын тулаанч Ян Цзян Бин их хэмжээгээр жин хассаны улмаас амиа алдсанаас хойш энэ холбоо тамирчдын эрүүл мэндэд онцгой анхаардаг болсон. Бүх тамирчин эрүүл мэндийн байнгын хяналтад байдаг. Тэмцээнд бэлдэх үе болон тулаанаас гурван цагийн өмнө жин үзнэ. Шингэн дутагдсан эсэхийг нь тогтооно. Тамирчныг гэнэт жин нэмэх хасах аюулаас урьдчилан сэргийлсэн тул хүн болгон яг өөрийн жинд тулалдана. Дахиж энэ холбоонд амь насны аюул гарахгүй.
Мөнгө гол нь биш
“One Championship” нээлттэй, орчин үеийн холбоо. Холбооны тэргүүн, тулаанч асан Чатри Ситиодтонг Twitter, Facebook-ийг дээд хэмжээгээр ашиглаж байгаа. Дэлхийн спортын лигүүд дунд олон нийтийн сүлжээний ашиглалтаар “One Championship” Америкийн NFL, NBA гэсэн хоёр аваргын ард л бичигдэж байна. 2018 онд холбооны үндсэн хөрөнгө 250 сая ам.доллар болж, зах зээлийн үнэлгээ нь тэрбум ам.доллар боллоо гэсэн мэдээ цацагдсан. Харин үүнд эргэлзсэн “Bloody Elbow” сайт “Group One Holdings Pte Ltd” группийн тайланд судалгаа хийж, холбоо тийм их орлого олдоггүйг тогтоож байв. Уг судалгаагаар 2015-2017 онд холбоо 69 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь тогтоогдсон байна. 2019 онд нийт 30 тэмцээн зохион байгуулж байгаа тул зардал улам нэмэгдэж байгаа нь мэдээж. Холбооны удирдлага, хөрөнгө оруулагчид тодорхой зорилготой ийм их мөнгө зарж байгаа юм. Тамирчдадаа ч хангалттай хөлс төлдөг. Тамирчдын шагналын мөнгийг зарладаггүй ч Бен Аскрен нэг тулаанаас 50 мянган ам.доллар, ялбал бас 50 мянган ам.доллар авдаг байжээ. “One Championship” маш их үнээр Азийн зах зээлийг атгасан ч мөнгө тэдний хувьд гол нь биш. Нэр хүнд нь өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчид олноор орж ирж байгаа. 4.5 тэрбум хүнтэй Ази тивийг эзэлнэ гэдэг цаашдыг орлого тогтвортой гэсэн үг. Эдийн засгийн хүнд байдалд байгаа өөр ямар ч холбоо түүнтэй өрсөлдөж чадахгүй. Одоогийн байдлаар “One Championship” Азийн тулааны зах зээлийн 90 хувийг дангаар эзэмшиж байна. “Хөрөнгө оруулагчид нь илүү шаардлагатай, чанга, зах зээл нь хатуу АНУ-д ийм боломж алга” гэж Дана Уайт уурлах нь аргагүй ч байж болох юм.
Тамирчид
Хүнд, хагас хүнд жингийн тамирчин цөөхөн ч хөнгөн жинд олон өрсөлдөгчтэй. Америк холбооны нүдэнд өртөх боломж байхгүй Мьянмар, Филиппин, Малайз, Вьетнамын тамирчид энд тулалддаг. Япон, Өмнөд Солонгос, Хятадын тулаанчдаас гадна Америк, Орос, Бразилаас ч тамирчид ирж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд нь олон сайн тулаанч бий. Түүхэн дэх хамгийн залуу аварга Анжела Ли Азидаа Ронда Роузи шиг л супер од. Канадын уугуул, Сингапурын иргэн Ли Польшийн Йоанна Йенджейчик, Бразилын Крис Сайборг Жустино нараас илүү шагналын мөнгө авдаг.
“One Championship” хэмээх ази луу ийнхүү Ази тивээ эзлээд дэлхийд ноёрхохоор гарч ирлээ. Холбооны тэргүүн Ситиодтонг “Манай холбоо UFC-тэй өрсөлдөх зорилгогүй” гэж хэлж байсан ч Америкийн зах зээлд нэгэнт гарч ирсэн хойно өрсөлдөөн эхлэх нь ойлгомжтой. Одоогийн байдлаар UFC илүү олон үзэгчтэй, урт түүхтэй, хамгийн шилдэг тулаанчидтай ч “One Championship” холбоонд эмээх зүйл огт алга.
Сэтгэгдэл ( 1 )
munguur zodoldono