Баянхонгор аймгийн Богд сумын Засаг дарга Н.Эрдэнэболдтой хөөрөлдлөө.
-Богд сумынхан шинэ Соёлын төвтэй болсон байна. Хэчнээн төгрөгөөр Соёлын төвийг барьсан бэ?
-Манай сумын Соёлын төвийн барилга Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум 725 сая төгрөгөөр баригдаж ашиглалтад орлоо. Соёлын төв нь аймгийн төвийн статустай, 240 хүний суудалтай юм. Ийм Соёлын төв өөр сумдад баригдаж байгаа ч хамгийн анхных нь Богд суманд ашиглалтад орж байна.
-Богд суманд бүтээн байгуулалт чамгүй өрнөж байгаа бололтой?
-Түйн гол дээгүүр шинэ гүүр барих ажил эхэлсэн. Гүүрний өртөг гэж Улсын төсөвт энэ онд 980 сая төгрөг суулгасан байсан. Гэтэл гүүр барих зураг төсөл гарахад төсөв нь өссөн. Учир нь гол дээгүүр 70-аас дээш метр гүүр тавьж байж стандартад нийцэх юм байна. Гүүрний ажлыг “Хөх байгаль” компани гүйцэтгэж байгаа ба ажил нь 30 хувьтай явж байна.
Төсөвт өртөг өссөн учраас 2020 оны төсөвт үлдэгдэл нэг тэрбум 430 сая төгрөгийг суулгасан. Ингэхээр нийтдээ хоёр тэрбум 400 сая орчим төгрөгийн өртгөөр 70 метрийн урт, хамгаалалтын далантайгаа нийлээд 285 метр урт гүүрийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Өнгөрсөн 2016 оноос хойш Богд суманд өөр ямар онцлох бүтээн байгуулалт хийв?
-Манай суманд 2015 онд сууриа цутгаад орхисон цэцэрлэгийн барилга байсан. Барилгын өртгийг 2017 оны улсын төсөвт суулгаж, 750 сая төгрөгийн өртгөөр 55 хүүхэд суралцах боломжтой цэцэрлэгийг 2018 онд ашиглалтад оруулсан. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр сумын сургуулийн дээврийг шинэчилсэн. Урьд өмнө хавтгай дээвэртэй, дусаал гоождог байсныг 260 сая төгрөгөөр шувуун дээвэртэй болгож зассан. Үүнээс гадна олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн бие засах газартай болгосон.
-Ирэх онд танай суманд ямар бүтээн байгуулалт өрнөх вэ?
-Ирэх 2020 онд хоёр тэрбум 300 сая төгрөгөөр 160 хүүхдийн дотуур байр барина. Дээрээс нь япончуудын хөрөнгө оруулалтаар сургууль барих шийдвэр гарсан. УИХ-ын дарга Г.Занданшатартай зөвшилцөж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар нэмэлтээр оруулж, гурван тэрбум 300 орчим сая төгрөгөөр гурван давхар сургууль барихаар төлөвлөж байна. Тэгэхээр 2020 оны төсөвт гүүрний үлдэгдэл 1.4 тэрбум, дотуур байрны барилгад 2.3 тэрбум, сургуулийн барилгад 3.3 тэрбум төгрөг гээд нийтдээ долоон тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан байгаа. Манай сум төвлөрсөн Уурын зуухтай, Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайгаас нүүрсээ татдаг. Сумын төвийн өрхийн 40 орчим хувь нь төвлөрсөн халаалтдаа орчихсон байна. Одоо бид цэвэр усны шугамыг шийдэх хэрэгтэй байгаа. Цаашлаад бохирын асуудлыг шийднэ.
-Хөдөө орон нутгийн нэг түшиц зүйл бол мал аж ахуй. Сумын мал сүргийн тоо толгой хэд болов?
-Манай сум мал сүргийн хувьд 210 мянган малтай. Жилдээ 60 мянган орчим төл авлаа гэхэд тухайн жилдээ мөн тооны малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Харин хүн амын хувьд 3200-д хүрчээ. Манай сумын нэг онцлог нь Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхай эрхэлдэггүй, лицензгүй ганц сум. Нөгөө талаар жигжиг дунд үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлж байна. Сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүнсийг болж өгвөл сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээр хангуулахыг зорьдог. Өнөөдрийн байдлаар талхаа 100 хувь сумаасаа хангадаг, гаднаас ямар ч төрлийн талх авдаггүй.
Сэтгэгдэл ( 1 )
цөөн хүн амтай улс цөөхөн аймагтай байх нь зөв