Өнөөдөр /2019.11.24/ өглөө БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн 18 тойрогт дүүргийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт эхэллээ.Санал хураалт аюулгүй байдлын өндөржүүлсэн байдлын нөхцөл дор болж байгаа бөгөөд хэв журмыг сахиулахаар 31 мянган цагдаа дайчлагдан ажиллаж байна.
Хонконгийн Чифу дүүргийн нэгэн сонгогч Хонконг дахь өнөөгийн улс төрийн уур амьсгал, үймээн самуунд олон хүн дургүйцэж байгаа тул өөрсдийн санал бодлоо илэрхийлэх нь чухал хэмээн үзэж байна гэж ярьжээ.Тус бүсэд тав гаруй сар үргэлжилж буй эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн санал хураалт нийгмийн сэтгэл зүй, санаа бодлыг илтгэн харуулах юм. Одоогийн байдлаар Хонконгт байдал тайван, сүүлийн таван хоног нийгмийн хэв журам алдагдсан шинэ тохиолдол гараагүй байна. Тиймээс санал хураалтыг явуулах боломжтой болжээ.Хонконгт 600 санал хураалтын байр ажиллаж байгаа бөгөөд орой 22.30 хаагдана. Дүүргийн зөвлөлийн 479-өөс 452 суудлын төлөө 1090 нэр дэвшигчид өрсөлдөж байна. Нийт 4.1 сая сонгогчид саналаа өгөх юм.
Өнөөг хүртэл дүүргийн зөвлөлийн гишүүдийн 75 хувийг эрх баригчид, томоохон бизнесүүд, үйлдвэрчний эвлэлийн дэмжлэг авсан засгийн газрын төлөөх намууд бүрдүүлдэг байсан. Харин энэ удаагийн сонгуулийн энэ байдал бага зэрэг өөрчлөгдөнө гэж шинжээчид үзэж байгаа ч сөрөг хүчний нэр дэвшигчид олонхын суудал авах магадлал бага байна. Дүүргийн зөвлөлийн гишүүд улс төрийн шийдвэр гаргахад шууд нөлөө үзүүлдэггүй ч тэд Хонконгийн захиргааны тэргүүнийг сонгох 1.2 мянган саналын 117-г нь бүрдүүлдэг байна.
Өнгөрсөн сонгуулиар ирц 47 хувьтай байсан бол энэ жил сонгогчдын идэвх өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )