38 ЖИЛИЙН ДАРАА...

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

Ц.Энхтүвшин. “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч

“Хадуурсан” ч дурсахгүй байхын аргагүй оршил

Хөлбөмбөгийн хувьд миний шүтэн биширдэг клуб (шигшээ баг биш клубийн хувьд) бол Бразилын Рио де Жанейро хотын “Фламенго” билээ. Одоо цагийн, ихэвчлэн Англи, Герман, Испани, Италийн багуудыг хөгжөөн дэмждэг фанатууд бол гайхах байх л даа. Яагаад тэр хаа хол Бразилын, тэгээд зурагт, телевизээр тоглолт нь гараад байдаггүй багийн фанат болсон юм бол гэж.

Тэгвэл ийм учиртай. Миний хүүхэд наснаасаа одоог хүртэл шүтэн биширч байдаг хөлбөмбөгчин бол Бразилын домогт тоглогчийн нэг Артур Антунес Коймбра Зико. “Цагаан Пеле” хэмээн алдаршсан Зико маань Бразилын шигшээ болон “Фламенго” багт тоглодог байсан юм.

38 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 11 дүгээр сарын 23-нд “Фламенго” маань Өмнөд Америкийн хамгийн нэр хүндтэй клубийн тэмцээн (Европын “Аваргуудын лиг”-тэй адилхан гэж болно) “Либертадоресын цом”-ын шигшээ гурав дахь шийдвэрлэх тоглолтоо Чилийн “Кобрелоа” багтай хийсэн билээ. Өмнөх хоёр тоглолтод багууд өөр өөрийн талбайдаа харилцан нэг нэг хожсон (“Фламенго” 2:1-ээр, “Кобрелоа 0:1-ээр) тул ийнхүү гурав дахь тоглолтыг дундын талбайд буюу Уругвайд хийж, цомын эзнийг тодруулахаар болсон түүхтэй. Энэ тоглолтод “Фламенго” өрсөлдөгчөө 2:0-ээр хожиж, түүхэндээ анх удаагаа “Либертадоресын цом”-ын аварга болсон билээ. Энэхүү тоглолтод Зико хоёр гоол (финалын эхний тоглолтод Зико бас 2 гоол хийсэн) оруулж, нийтдээ 11 гоолтой тус тэмцээний “мэргэн бууч”, мөн шилдэг тоглогч болж байсан сан. “Фламенго”-ийн гарааны 11-д Бразилын шигшээ багт тоглож байсан 10 тоглогч байж дээ. Тухайлбал хаалгач Рауль, за тэгээд Мозер, Леандро, Жуниор, Мариньо, Андраде, Зико, Нуньес, Адильо, Тита гээд л. Үнэхээр бишрэм баг, үнэхээр бахдам бүрэлдэхүүн.

Хэдхэн хоногийн дараа “Фламенго” тухайн үед “Тив хоорондын цом” хэмээх нэртэй байсан, дараа нь “Тойота кап”, одоогийн FIFA CLUB WORLD CUP болсон тэмцээнд тэр жилийн Европын “Аваргуудын цом”-ын аварга болсон Английн “Ливерпүүл”-ийг 3:0-ээр бут ниргэж, баяр дээр баяр нэмж байлаа даа.

Тэр цагаас хойш “Фламенго” маань Бразилын аваргаар хэд хэд (1982, 1983, 1992,2009 онд аварга болсон, өмнө нь бас 1980 онд аварга болж байсан ) тодорсон ч олон улсын тавцанд “алга болсоор” 38 жилийг ардаа орхижээ.

Гэсэн ч миний бие “Хар-Улаанууд”-аасаа “нүүр бууруулалгүй” өдийг хүрсэн. Мэдээж Бразилын “Serie A”-д хэрхэн тоглохыг харна, “Либертадоресын цом” яаж “тоосоо өргөхийг” бас үзнэ. Харин өнөөдөр-2019 оны 11 дүгээр сарын 23-нд, яг 38 жилийн дараа “Фламенго” манийхаа магнайг тэнийлгэлээ.

“Либертадоресын цомын” түүхээс товч сөхвөл

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн багуудын дунд явагддаг хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн бол “Либертадоресын цом”. 1960 оноос энэ нэрээрээ зохиогдож ирсэн энэхүү тэмцээн нь Өмнөд Америкийн улс гүрнүүдийн Европын колоничдын эсрэг хийсэн Эрх чөлөөний төлөө дайны дурсгалд зориулж, нэрлэгджээ. Энэ жил 60 дахь удаагаа зохиогдсон “Либертадоресын цом”-д хамгийн олон түрүүлсэн багуудад Аргентины “Индепендьенте” долоо, “Бока Хуниорс” зургаа, Уругвайн “Пеньяроль” таван удаа түрүүлсэн амжилтаараа тэргүүлдэг. Ер нь Аргентиний багууд 25 удаа түрүүлсэн бол Бразилын багууд 19 түрүүтэй бөгөөд Бразилын 10 баг аваргаар тодорч байв.

“Либертадорес”-ийн аваргуудын дунд “Хөлбөмбөгийн хаан” Пелетэй “Сантос”, Зикотой “Фламенго” , Рикельме, Палермотой “Бока Хуниорс”, Неймартай “Сантос”, Оскар Табаресийн “Пеньяроль” ч бий.

Энэ жилийн тэмцээнээс эхлээд аваргын хувь заяа финалын ганц тоглолтоор шийдэгдэх болсон бөгөөд түрүүлсэн баг 12 сая ам.доллар, дэд аварга 6 сая, хагас шигшээд үлдсэн багууд тус бүр 1,75 сая гэх мэтээр шагналын сан ч нэмэгджээ.

“Габигоол” нэрээ хамгаалав

Хагас шигшээд нутгийнхаа багуудыг хожин шалгарсан Бразилын “Фламенго” -Аргентины “Ривер плейт” багууд Перугийн Лима хотноо тоглохоор “Эстадио Монументаль” цэнгэлдэхийн ногоон талбайд гарч ирлээ. 80000 хүний суудалтай уг цэнгэлдэх пиг дүүрчээ. Хоёр багийн гарааны бүрэлдэхүүнийг харахад л тун ч ширүүн өрсөлдөөн болох нь тодорхой байлаа. Өдгөө цагт Өмнөд Америкийн ихэнх авьяаслаг хөлбөмбөгчдийг “Хуучин” тивийн багууд “хар нялхаар” нь Европт авчирдаг болсноор Өмнөд Америкийн багуудад томоохон одууд бараг байхгүйтэй адил болсон, ихэвчлэн нэрд гараагүй залуу хөлбөмбөгчид тоглодог болсон цаг. Харин энэ хоёр багт хөлбөмбөг сонирхогчдын сайн мэдэх цөөнгүй тоглогч байна. “Ривер плейт”-д гэхэд л Аргентины шигшээд тоглодог Армани, Каско, Монтиель, Перес, Фернандес, Паласиос, Суарез, Пратто, мөн Колумбын залуучуудын шигшээд тоглодог Борре, Уругвайн залуучуудын шигшээгийн Де Ла Круз нар тоглосон бол “Фламенго”-д Бразилын шигшээ багт тоглож байсан болон одоо тоглож байгаа хаалгач Диегу Алвес, “Бавари”-д байснаар нь та бүхэн мэдэх Рафинья, “Атлетико Мадрид” -д олон жил зүтгэсэн Филипе Луис, “Зөвхөн Бразилдаа” Эвертон Рибейру, Виллиан Арау , “Рио-2016” олимпын аварга Кайо, “Ювентус”, “Вердер”, “Порту”, “Вольфсбург”, “Атлетико Мадрид” багуудад тоглож явсан Диегу, Италийн “Интер”-т данстай , “ФЛА”-д зээлээр тоглож буй “Габигоол” хочит Габриэль Барбоза, “дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгчин” Бруну Энрике нараас гадна Бразилын залуучуудын шигшээгийн Жерсон Сантос, Олимпын шигшээ, Оросын “ЦСКА”-д байсан Витиньо, мөн Уругвайн шигшээ багт тоглодог Де Арраскаэта, Парагвайн шигшээгийн Пирис нар талбайд гарч байхын.

Тоглолтын “салхийг” 14 дэх минутад Аргентины багийн колумб довтлогч Рафаэль Сантос Борре бразил хамгаалагчдын алдааг ашиглан, шууд цохилтоор нээсэн. Ер эхний үед аргентинчууд илүү тоглож, хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн. Тоглолтын хоёрдугаар хагаст ч тэдэнд тоогоо ахиулж , ялалтаа баталгаажуулах, улмаар өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалах, улмаар тав дахь түрүүгээ ч хүртэх боломж бол байлаа. Харин “Хар-улаануудын” довтолгооны төгсгөл нэг л болж өгөхгүй байв. Бруну Энрике ч үнэхээр хурдтай юм аа. Хамгаалагчдаас бол “сугараад” л гарах юм.

Аргагүй л Өмнөд Америкийн багууд гэсэндээ хувийн тоглолтоо чухалчилдаг, довтлогч, хагас хамгаалагч, хамгаалагч хэнбугай нь ч байсан бараг л заавал нэг хоёр хуурч байж дамжуулалт өгөх нь тактик, системээ дэндүү дагаж, нэг хэвийн тоглолт хийх нь олон болсон Европын хөлбөмбөгөөс сонирхолтой, бас тааварлашгүй тоглолтууд их гаргадаг тэр жишгээр тоглолт үргэлжилсээр, шүүгчийн шүгэл тас хийх мөч ойртсоор л. Тоглолтын үндсэн цаг дуусахад ердөө ганцхан минут үлджээ.

“ФЛА” сүүлчийн довтолгоонуудын нэгээ хийж, зүүн жигүүрээс Бруну Энрике аргентин хамгаалагчдыг дараалан хуурч төв рүү орж ирээд, өөр рүү нь шахсан дөрвөн ч хамгаалагч дундаас маш гоё дамжуулалтаар Де Арраскаэтэд гарган өгч, уругвай тоглогч унангаа хөндлөн дамжуулалт хийлээ. Энэ л мөчийг хүлээж байсан “гоолны машин” Габриэль Барбоза хэрэгтэй үед хэрэгтэй цагт яаж байдгийг яруу тод харуулан тоог тэнцүүллээ.

Тоглолтын үндсэн цаг дуусжээ. Дөрвөн минут сунгаснаас хоёр минут нь дуусах дөхөж байв. Холоос хөөргөн дамжуулсан гэхээс илүү “цөлсөн” бөмбөгийг “Ривер плейт”-ийн төвийн хамгаалагч хальт мөргөөд “Габигоол”-д ёстой л “өгөөш” тавиад өгөх нь тэр. “Габигоол” ч огтхон ч эргэлзсэнгүй шууд л солгой хөлийн хүчтэй цохилтоор ялалтын гоолыг орууллаа. Габриэль Барбоза зүгээр ч нэг “Габигоол” хочтой болоогүй ажээ.

Ийнхүү яг 38 жилийн дараа “Фламенго” Өмнөд Америкийн “Либертадоресын цом”-ын хошой аварга боллоо. 38 жилийн өмнөх энэ өдөр Зико хоёр гоол хийж, тэмцээний “мэргэн бууч”, шилдэг тоглогч болж байсан бол өнөөдөр Габриэль Барбоза мөн “дубль” хийн, мөн л 9 гоолтой шилдэг довтлогч, шилдэг тоглогчоор шалгарлаа.

Ирэх 12 дугаар сарын 11-21-нд Катарын Доха хотноо болох “FIFA Club World Cup”-т оролцох эрхээ “Фламенго” бас авлаа. Тэнд 38 жилийн өмнөх учраа, Английн “Ливерпүүл” бас очино. Хагас шигшээд хоёр баг хоёулаа шууд тоглох бөгөөд аль аль нь өрсөлдөгчдөө хожвол 38 жилийн өмнөх “финал” дахиад давтагдана. Ингэвээс ФИФА-ийн клубүүдийн ДАШТ-ий түүхэн дэх хамгийн “заналтай өрсөлдөөн”, хамгийн сонирхолтой финалын нэгийг та бид үзэх нь дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top